Онгоцыг гаднын нөлөөгүй осолдсон гэж үзэж байна

2015 оны 11 сарын 04

Ямар нэг “томоохон үйл явдлын” дараа “Airbus А-321” онгоц хурдаа огцом байдлаар, нэг минутад нэг километр орчмоор алдаж эхэлжээ гэж манай гариг даяарх онгоцны нислэгийн араас ажиглаж байдаг Flight Radar24 сайт мэдээлжээ. Онгоцонд ямар нэг ноцтой юм тохиолдсоны дараа 9000 метрийн өндөрт нисэж явсан онгоцны хурд  хоёр дахин багассан аж. Египетийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хусам аль-Кавиш хоёр өдрийн өмнө мэдэгдэхдээ ослын шалтгаан нь техникийн гэмтэл болохыг бүх баримт, түүний дотор хиймэл дагуулаас авсан мэдээлэл ч нотолж буй гэсэн байна. Ослоор амиа алдагсдын цогцосноос ч дэлбэрэлтийнх байж болохоор ул мөр олдоогүй гэж  ТАСС урьд нь мэдээлж байсан юм.

Болсон явдалтай холбогдуулж “Хөдөл­гөө­ний аюулгүй байдал, агаарын тээврийг ашиг­лах журмыг зөрчсөн”, “Аюулгүй байдлын шаард­лагад үл нийцэх үйлчилгээ үзүүлсэн” гэх хоёр үндэслэлээр Орост эрүүгийн хэрэг үүсгээд буй аж. Энэ онгоцыг “Исламын улс”-ын дайчид устгасан гэх магадлал муутай гэж Пентагон үзэж буй. Алан хядагчдын ашиг­ладаг пуужинг 9000 метрийн өндөрт хүрч чадахгүй гэж үзсэнээс ийм дүгнэлт хийж байгаа аж. Оросын онгоц сүйрэх агшинд Синайн хойг дээр их дулаан ялгарсныг Америкийн дагуул бүртгэж авсан гэх мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест тайлбарлахаас татгалзсан байна.

Онгоцны бүхээгт дэлбэрэлт болсон гэх мэдээллийг Оро­сын тал ч үгүйсгэж байна. “Исламын улс” бүлэг­лэл энэ хэрэгт хамаатай байж болзошгүй гэх яриаг Оросын Тээврийн сайд Максим Со­ко­лов няцаасан. Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси ч алан хядагчдын мэ­дэгд­лийг “суртал нэвтрүүлэг” гэж үзсэн.