Сирийн асуудлаар НҮБ-д хандлаа

2015 оны 11 сарын 01

Сирийн байдлыг зохицуулах асуудлаар Вена хотод болсон уул­залтын дүнгээрх албан мэдээнд өгүүлс­нээс үзвэл алан хядагч “Ис­ламын улс” бүлэглэлийг бүрэн устгах талаар санал нэгд­сэн байна. Уулзалтад Орос, Аме­рик, Саудын Араб, Турк, Ирак, Итали, Египет, Англи, Герман, Ливан, Катар, Иран, Франц, Хятад, Арабын нэгдсэн Эмират, Иор­дани, Оман улсын тө­лөө­лөгчид болон Европын холбооны  Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тус­гай элч Стаффан де Мистура нар оролцжээ. Бараг бүх улсыг  Га­даад хэргийн сайдын түвшний хүмүүс төлөөлж, ганц Хятадын төлөөлөгчдийг л Гадаад хэргийн дэд сайд Ли Баодун тэргүүлсэн аж.

Улс төрийн үйл явцыг гүнз­гий­рүүлэхийн тулд 2012 оны Же­невийн албан мэдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2119 тог­тоо­лын дагуу Сирийн Засгийн газ­рын болон сөрөг хүчнийх нь төлөөлөгчдийг урихыг тус уул­зал­тад оролцогчид  НҮБ-д санал болгоод, Сирийн Үндсэн хуулийг шинэчлэх, сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэв.

Уг сонгуулийг тунгалаг байх олон улсын өндөр стандартад ний­цүү­лэхийн тулд бүх сиричүүд, түүний дотор хи­лийн чанадад байгаа сири хү­мүү­сийг оролцуулан НҮБ-ын ажиг­­лалт дор явуулах ёстой гэж албан мэдээнд бичжээ. Түүнчлэн Сирийн бүх нутаг дэвсгэр дээр хү­мүүнлэг ёсыг сахиж, төрийн  бүт­цийн халдашгүй байдлыг сахихыг чухалчилсан байна. Си­ри нь нэгдмэл улс хэвээр үлдэх ёстой бөгөөд үндэстэн, шашны бүл­гүүдийн эрхийг хангах ёстой хэмээн энэ баримт бичигт заажээ. Мөн Сирийн зөрчлийг намжаахад дип­ломат хүчин чармайлтыг идэвх­жүүлэх шаардлагатай бо­ло­­хыг албан мэдээнд онцолсон байна.