Аюул улам нэмэгдсэнийг анхааруулав

2015 оны 10 сарын 29

“Исламын улс” бүлэглэлийн үйл ажилла­гаатай уялдан алан хядах аюул занал сүүлийн 10 жилд Их Британийн хувьд урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрлээ гэж Сөрөг тагнуулын МИ-5 байгууллагын тэргүүн Эндрю Паркер лхагва гаригт мэдэгдэв. Нэгдсэн вант улсын эсрэг Сири дэх алан хядагчдын бэлтгэсэн хуйвалдаан хэвээр байгаа гэж бид үздэг хэмээн тэрбээр хэлэхдээ алан хядагч энэ бүлэглэлийн дайчид нарийн технологи хэрэглэн Их Британи дахь дэмжигчидтэйгээ холбоо тогтоохыг оролдож буй баримтыг дурдсан байна.

Насанд хүрээгүй хэт даврагчдын урмыг сэргээсэн, үзэн ядах байдал нэвт шингэсэн мэдэгдлээ тэд орчин цагийн харилцаа холбооны бүх боломжийг ашиглан түгээж байна гэсэн тус тусгай албаны ерөнхий захирлын үгийг Press Assosiation агентлаг иш татжээ.Хэзээ ч аллага үйлдэхэд бэлэн  лалын 3000 дайчин Английн нутаг дэвсгэр дээр байгаа гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд урьд нь дамжуулж байжээ. Сэжиг бүхий энэ хүмүүсийн тэн хагасаас илүү нь Лондонд байгаа гэж үздэг юм байна. 2007 онд үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд “Аль-Кайда”-г дэмждэг 2000 хүний нэрс гаргаж байсантай харьцуулбал алан хядагчидтай хэлхээ холбоотой гэх сэжигтэн этгээдийн тоо 50 хувиар нэмэгдсэн байж болохыг судалгаа харуулж буй аж.