Чонотой нөхөрлөсөн нохой чононоос илүү аюултай

2015 оны 10 сарын 29

Владимир Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай Кремльд уулзаж Сирид   интервенци хийсэн талаар ярихдаа удирдагчид нь Вьетнамаас эхлээд Ирак, Сирид дайн өдөөсөн америкчуудтай тун ижил үндэслэл хэлжээ. Тэр нь маргааш өөрийнхөө хотуудад тэд нартай уулзсанаас өнөөдөр алс газар байлдчих нь дээр гэсэн гарц юм. Хүн амынх нь 12 хувь лалын шашинтай, тэдний гол нь суннит байдаг төдийгүй тэр нь амар тайван биш Умард Кавказын бүс нутагт нь оршин суудаг Орос улсын хувьд ийн болгоомжлохыг буруу гэж хэлж яахин болох.

Путиний хэлснээр бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан БНУ-уудын лалын шашинт 4000 орчим хүн “Исламын улс”-ын эгнээнд тулалдаж явна. Тиймээс ч “Байлдах дайтах туршлагатай болж, үзэл суртлын талаар боловсорчихсон тэднийг Оросын нутаг дэвсгэр дээр хөл тавиулахгүй” гэж тэрбээр мэдэгдсэн биз.Сирид ялалт амжилт байгуулаад байгааг нь зогсоож, “Исламын улс”-ын талаарх домгийг үгүй хийх нь юунаас ч илүү чухал гэж шинжээчид үзэж байна. Эс тэгвэл ариун дайнчдын хэт даварсан ажиллагааг Оросын лалын шашинт залуусын дунд төдийгүй ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн хүн ам олонтой, мөн лалын шашинтай БНУ-д, ялангуяа Оросын төв рүү нэвтрэх зам дээр байгаа Тажикистан, Узбекистан зэрэг улсад нөлөө нь дэлгэрч болзошгүй юм.Гэхдээ тэдний удаан хугацааны хариу үйлдлийн учруулах аюулыг Путин Америкийн түрүү үеийн удирдагчдын адилаар гүйцэд үнэлэхгүй л байна. Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцсоноор “галыг өөр дээрээ дуудаж” болохыг тэр ойлгосонгүй. “Аль-Кайда” болон “Исламын улс”-ын халхавч дор лалын хэт даврагч үзэл Умард Афганистанд хүчээ авч буй бөгөөд тэд узбек, тажикуудын дэмжлэгийг авч болохыг аюулгүй байдлын асуудлаарх Оросын шинжээчид сэрэмжлүүлж байна. “Исламын улс”-ыг Тажикистанд хоёрдугаар фронтоо нээхээс урьтаж зогсоох нь Сирид явуулж буй Оросын байлдааны ажиллагааны стратегийн чухал зорилтын нэг юм гэж Москвагийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ажилтан Владимир Сотников үзэж байна.

Афганистанд байдал улам бүр муудаж байна. Тажикистаны тогтвортой байдал ч тун хэврэг. “Ариун дайнчид” Төв Азиар дамжин Орос руу ойртож буй нь яалт ч үгүй бодитой боллоо. Бид хөдлөх хэрэгтэй болсны улмаас л Сирид үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс илүүг хийх хэрэгтэй. Энэ бол Сотниковын байр суурь. Тэгвэл өөр нэг шинжээч, Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан Владимир Евсеев болохоор Орост шууд нүүрлэх аюул алга. Харин “Исламын улс”-ын талд байлдаж буй оросууд эргэж ирвэл аюултай. Гэхдээ нуулгүй хэлэхэд тэднийг зогсоох хэрэгсэл бидэнд бий гэж үзэж байна. Тэрбээр бидний санаа тавих газар бол Төв Ази гэсэн бодолтой байгаа юм.Оросын христос шашинтай олонх, лалын шашинтай цөөнхийн хоорондын эв эвдрэх магадлал хэр байгааг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Чечений хоёр дайн Умард Кавказыг сульдаасан ч лалын босогчдын идэвх багатай ч гэсэн хөдөлгөөн одоо хэр нь амь бөхтэй байсаар байгаа.

Оросын томоохон хотууд, түүний дотор Москвад Төв Азийн орнуудын лалын шашинтай цагаачид хэдэн саяараа амьдарч буй, үүнтэй уялдан үндэсний үзэл дээр суурилсан нийгмийн эмх замбараагүй байдал нэг бус удаа дэгдэж байсан билээ. Европтоо хамгийн том лалын шашны сүм нээх ёслолд саяхан Путин өөрийн биеэр оролцож, “Исламын улс” мэт бүлэглэлүүдийн түгээж байгаа “хэт даврагчдын үзэн ядах үзлийг” намжаахад боловсролын тогтолцоо, улсын хөтөлбөрүүдээр уламжлан их юм хийхээ  амласан. Оросын лалын шашны удирдлага ч  Сирид Орос интервенц хийснийг дэмжиж буйгаа илэрхийлж, хэд хэдэн мэдэгдэл гаргасан юм. Оросын лалын шашинтай залууст “ариун дайнчдын” үзэл санаа байнга нөлөөлж байгааг тэдний дээд хамба Талгат Тажуддин саяхан анхаарууллаа. “Интернет, нууц лагериудаар дамжуулан залуусыг элсүүлж, тэднийг хилийн чанад руу уруу татаж, чи шашин шүтлэгтэй хүн тул шүтлэггүй хүмүүсийг алаад бай гэж ятгаж байна. Энэ бол ёстой тэнэглэл, жинхэнэ харанхуй бүдүүлэг явдал” гэж тэр хэллээ.

Ойрхи Дорнодын христос шашинг хамгаалахыг өөрийн түүхэн үүрэг гэж үздэг Оросын нөлөө бүхий католик шашны сүм хийд Сири дэх Оросын үйл ажиллагааг дэмжиж буй нь тун чухал юм. Оросын байлдааны ажиллагааг христос, лал, иудей, будда шашны төлөөлөл ордог Оросын шашны зөвлөл бүрнээ дэмжиж байгааг сүмийн албан ёсны төлөөлөгч хамба лам Филарет мэдэгдсэнийг цахим шуудангаар цацав. “Лалын уриа хэлж тэмцлээ ч алан хядагч л бол тэд энэ шашинд харьяалагдах ёсгүйг уламжлалт шашнуудын удирдагчид сайн ойлгож буй. Сирид Оросын явуулж буй ажиллагааг лалын болон христийн соёлын хооронд болж буй дайн мэтээр ойлгуулахыг хэт даврагчид хичээж байна. Гэлээ ч манай орны христос болон лалын шашны удирдагчид  хэт даврагчдын зүгээс нийгэмд учруулж болзошгүй аюулд саад хийхийн төлөө нэгдмэл эрмэлзэлтэй байгаагаа харуулж байгаа” гэж тэрбээр мэдэгдсэн. Сирид хийж буй Оросын интервенц хэдий хэр удаан үргэлжилж, хэрхэн төгсөхөөс олон зүйл хамаарахыг шинжээчид хэлж буй. Тэгэхдээ Оросын онгоцууд Сирийн босогчдыг бөмбөгдөж байгаа мэтээр телевизээр харуулж байгаа нь Оросын лалын шашинтнуудад огт өөр дохио өгч байж болзошгүй юм.“Сирид Оросын хийж буй үйлдлээс үүдээд түүнд зөвхөн “Исламын улс”-аар тогтохгүй лалын өөр бүлэглэлүүд дайн зарлаж буй. Бид маш анхааралтай байж, Оросын лалын шашинтнуудын эсрэг чиглэсэн аливаа өдөөн хатгалгыг дэвэргэхгүй байх нь чухал. Энэ нь хамгийн хойшлуулшгүй асуудал биш байж болох ч Сири дэх ажиллагаа төлөвлөснөөс илүү сунжирвал Оросын лалын шашинтнуудын уур хилэнг бадраах бодит аюул гарч ирнэ. Хэт даврагчдын “ариун дайны” үзэл санаа ялангуяа лалын шашинт залуусыг өөртөө татах их хүчтэйг бид дутуу үнэлж яавч  болохгүй. Энэ бол бодитой аюул шүү” гэж мөнөөх Сотников үзэж байна. Аюулгүй байдлын асуудлаар хараат бус шинжээч Александр Гольц “Энэ бол их хөрөнгө зарж байж Путин зогсоож чадсан Умард Кавказ дахь ужиг дайны үргэлжлэл юм. Орос орон маань лалын хэт даврагчдын хөлд дахин өртөхвий, манай хотуудад алан хядлага үйлдэхвий хэмээн эмээж байна” гэж хэлсэн нь анхаарал татна.Ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Асадад зориулж дэвссэн “улаан хивс” Сирийн эрх мэдлийг өөр хүнд өгнө гэсэн Оросын зорилготой нь зөрчилдөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Эрик Шульц хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Туркийн Ерөнхий сайд Ахмед Давутоглу Асадын Москвад хийсэн айлчлалд бүр ч шүүмжлэлтэй хандаж, Асад Москвадаа үүрд үлдсэн бол Сирийн ард түмэнд өгөөжтэй байсан юм гэж хэллээ.Германы Канцлер Ангела Меркель  Асадад Сирид улс төрийн ирээдүй байхгүй гэж мэдэгдээд, түүний удирдлагад байгаа цэргүүд “Сирийн ард түмэн дээр бөмбөг хаяхаа болиход” нь нөлөөлөхийг Орост уриаллаа.Асадыг Москва ихээхэн хүйтэн хүлээж авсан гэж The New York Times сонин үзэв. “Бүхий л байдлаас үзэхэд хоёр удирдагч зай бариад,  бие биендээ үл итгэж байгаа нь илт. Асадын ихэрхүү зан, энхийн хэлэлцээрийг эхлүүлэх гэсэн Оросын хүсэлтийг хүлээж авахад бэлэн биш, түүнчлэн улс төрийн үйл явцад үүрэг гүйцэтгэж болох дайснуудаа суллах бодолгүй байгаа нь Кремлийн санаанд нийцсэнгүй гэж уг сонинд бичив. Ирландын The Irish Times сонин Башар Асадын айлчлалыг Ойрхи Дорнод дахь тоглогчийнх нь хувьд Москвагийн түвшинг дээшлүүлэх, Сирид зөрчлийг шийдвэрлэхэд туслах нөөц боломжийг нь харуулах гэсэн оролдлого гэж үзэв. Америкийн The Washington Post сонин  ч мөн ийм маягаар хандаж байна. “Энэ бол холбоотон хоёр хүч чадлаа харуулахын зэрэгцээ Сири дэх бодлого нь тууштай биш, эмх цэгцгүй байгаа Америкийн засаг захиргааг өдөж сэдсэн явдал боллоо”. Тэгвэл Chicago Tribune сонин Орос, Сирийн Ерөнхийлөгчид гэнэт уулзсан нь Ойрхи Дорнод дахь зөрчилдөөнийг ойрын үед зохицуулахыг улс төрийн талаар тохиролцож буйн илэрхийлэл байж болох юм гэж үзэв. Асадыг огцруулах юм уу, бүрэн эрхийг нь хязгаарлах талаар Москва тохиролцоонд хүрсэн байж болзошгүй гэсэн горьдлого энэ өгүүллийг бичсэн хүмүүст байгаа нь анзаарагдлаа.

Москва болон Вашингтонд Их Британийн элчин сайдаар сууж байсан Тони Брентон  Сирийн хэрэг явдалд Орос оролцсонд гайхаж буй аж. Сири рүү хэн ч орж, ялж чадахгүй гэж ноён Путин хэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр Асадын дэглэм дайнд ялагдахын даваан дээр очсон тул Путин оролцсон нь ойлгомжтой. Түүнийг дэмжих шаардлагатай болсныг Путин мэдэрч, “Исламын улс” ялахгүй байх нь бидний эрх ашигт нийцэх тул Асадыг амжилт олоосой гэж хүснэ гэж тэрбээр хэлсэн байна.Германд Америкийн элчин сайдаар ажиллаж байсан Ричард Берт, Сирийн “тоглоомд” Асад ялах эсэх нь байдлыг Путин хэрхэн ойлгож буй хийгээд цаашдын төлөвлөгөөнөөс нь хамааралтай гэсэн байр суурьтай байна.

Ойрхи Дорнодын явдалд хөндлөнгөөс оролцож байж АНУ-ын авсан сургамжийг оросууд хайхралгүй, сунжирсан дайнд татагдан орж, намагт шигдэхвий хэмээн би эмээж байна. Асадтай оросууд хамтарлаа ч “Исламын улс”-ыг устгачихаж чадахгүй. Үнэн хэрэгтээ бол “Исламын улс”-ад цохилт өгч буй нь Оросын хувьд хоёрдугаар зэргийн юм. Тэргүүн зэргийн зорилт нь Асадад шууд заналхийлж буй “Аль-Кайда”-тай холбоо сүлбээтэй “Фронт ан-Нусра” мэт юм гэсэн бодолтой байгаа. Германы Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мартин Шефер мэдэгдэхдээ,  Сирийн Засгийн газрын армийн явуулж буй байлдааны ажиллагаа олон улсын эрх, НҮБ-ын тогтоолыг зөрчиж буйг Путин, Асад хоёр ярилцахдаа хөндсөн байгаасай гэж хүснэ хэмээн хэлсэн байна. Катар улс Асадын эсрэг Сирид байлдааны ажиллагаа явуулахад бэлэн, бидний цэргийн оролцоо Сирийн ард түмнийг харгис хатуу дэглэмээс нь хамгаалж чадах юм бол дайтна гэсэн байр суурьтай байгааг Гадаад хэргийн сайд Халид аль-Аттия нь илэрхийлж байгаа юм.