Хятад: 2020 он гэхэд дундаж нийгэм байгуулна

2015 оны 10 сарын 26

ХКН-ын Төв хорооны V Бүгд хурал өчигдөр Бээжинд эхэллээ. Үүгээр 2016-2020 онд улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх бөгөөд 13 дахь таван жилд 100 жилийн эхний зорилтоо биелүүлж, 2020 он гэхэд дундаж чинээлэг нийгэм байгуулна гэж хятадууд үзэж буй аж.ХКН энэ зуун жилд хоёр гол зорилт тавьж буйн эхнийх нь нам байгуулагдсаны 100 жилийн ой болох 2020 онд 2010 оны ДНБ-ний үзүүлэлт, хот, хөдөөгийн хүн амын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх явдал юм байна. Хоёр дахь нь БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тохиох XXI зууны дунд үе болоход орчин цагийн хүчирхэг, хөгжин цэцэглэсэн социалист улсыг байгуулж, тэр нь хятад үндэстний “агуу их сэргэн мандлын” бэлгэ тэмдэг болох учиртай гэнэ.Таван жилд эдийн засгийн хөгжил гол зорилт байж, хүн амын хэрэглээг хангах, ардын ардчиллыг хөгжүүлэх, нийгмийн тэгш байдал, шударга ёсыг хууль дээдлэх замаар хангахад анхаарах аж. 13 дугаар таван жил нь улс орон, ард түмний хувьд стратегиийн их боломжийн үе гэж тодорхойлж буй юм байна. Түүнээс гадна 1.3 тэрбум хүн амтай улс дундаж чинээлэг нийгэм байгуулж байсан удаагүй, тийм болохоор амаргүй зорилт байх нь мэдээж. Хуучнаа өөрчилж, шинэчлэл хийж энэ зорилтыг биелүүлэх аж.Бүгд хурал энэ сарын 29-нд дуусна. Нийгэм, эдийн засгийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөөний төслийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар ирэх оны гуравдугаар сард хэлэлцэж эцэслэн шийдэх юм.