ЭЦГИЙН ШИЙРИЙГ ХАТААГЧ

2015 оны 10 сарын 22

Энэ сарын 19-нд Канадад болсон парламентын сонгуульд Либерал нам нь ялж, түүний дарга Жастин Трюдо Ерөнхий сайдын халааг авлаа. Тэрбээр өөрийн намаас нэрээ дэвшүүлж буй бүх хүнийг эмэгтэйчүүд үр хөндүүлэхийг дэмжих ёстой хэмээн мэдэгдэж өрсөлдөгчид хийгээд өөрийнхнийхөө гайхлыг төрүүлсэн юм.

Үр хөндүүлэхийг эсэргүүцэгчид Либерал нам дотор цөөнгүй бий аж. Тэгвэл тухайн үед Ерөнхий сайд байсан Пьер Эллиот Трюдогийн санаачилгаар Канадын эрх, эрх чөлөөний Хартийг баталсны дараа 1982 онд үр хөндүүлэхийг дэмжигчид илэрхий давуу байдлаар ялалт байгуулж байжээ.

Ер нь энэ асуудал Канадад ноцтой сэдэв байсаар иржээ. Өөрийн бие эрхтнийг мэдэх эмэгтэйчүүдийн Үндсэн хуулийн эрхийг Канадын шүүх 1988 онд баталгаажуулсан байна.

Канадын улстөрч, 2013 оны дөрөвдүгээр сараас Либерал намыг тэргүүлж буй Жастин Пьер Жеймс Трюдо 1971 онд төржээ. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд байсан Пьер Эллиот Трюдогийн ууган хүү юм. 15 жилийн өмнө эцгээ оршуулахад хүмүүсийн сэтгэлд хоногших үг хэлж олны анхааралд өртсөн аж.

Энэ хүү улс төрийн шатаар өгсөх нь ээ гэх бодол тэр үед олон хүний толгойд орж ирж байсан гэдэг. Либерал нам ерөөс эрх баригчидтай сөргөлдөгчдөд эртнээс найртай хандаж ирсэн юм.

Жастин Трюдо этгээд, зөрүүд ч гэмээр байдлаар аливаад хандах нь элбэг. Тухайлбал “Исламын улс” бараг дэлхий дахины зүрхэнд шар ус хуруулаад байхад түүнийг Канадад аюул учруулаагүй байгаа гэж үзээд бөмбөгдөгч онгоцоо тийш нь явуулж байхын оронд стратегийн ач холбогдолтой ачаа зөөх, хүмүүсийг нь сургаж бэлтгэх, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх замаар Сирийг дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринаас хандахаа илэрхийлсэн.

Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөн ид өрнөж байхад удирдах албан тушаалтнуудаас авах татварыг нэмэгдүүлж, дундаж ангийнхны татварыг хорогдуулах ёстой гэж үздэгээ илэн далангүй хэлж байлаа.

Эцэг Пьер Трюдог нь 1970-аад онд Ерөнхий сайд байхад Канад улс Их Британиас туурга тусгаарласан юм. Пьер Трюдо католик шашинтай, ням гаригт сүмд очдог байж. Хүүхдүүдээ ч ийм хүмүүжилтэй болгож, Библийн судраас уншиж өгдөг байсан төдийгүй Ромын хамба ламтай уулзахдаа нэгэнтээ бяцхан Жастиныг дагуулж байсан аж.


Жастины үздэгээр үр хөндүүлэх гэх мэт маргаантай асуудлаар хүний эрхийг хамгаалж байх нь улстөрчийн хувьд маш чухал чанар аж. Эцэг Трюдо нь гэр бүлийн хоёр салах эрхтэй байхын төлөө, бэлгийн харилцааны чиг хандлагаар нь хүмүүсийг ялгаварлахын эсрэг тэмцдэг байв.

1960-аад оны эх хүртэл католик шашны сүм салахыг үндсэндээ зөвшөөрдөггүй байсан нь Зөвлөлтийн тагнуул болгох хүнийг элсүүлж авахад хялбар гэж үзэж коммунист болон ижил хүйстнийг хааяагүй эрж хайдаг байсан үеийн үйл явдал ой ухаанд нь хадгалагдаж үлдсэнтэй холбоотой байв.

Гэхдээ эцэг, хүү хоёрын харилцаанд эрс ялгаатай юм бас бий. Нийгэмд сүм, хийдийн тавьсан хязгаарлалтаас канадчуудыг чөлөөлөхийг эцэг Трюдо хүсэж байсан бол хүү нь намын гишүүдээ чөлөөтэй сэтгэхийг нь хориглодог аж.

Тэгэхлээр либералчууд бүгд адилхан бодох, сэтгэх ёстой болж таарах нь. Үр хөндүүлэхийг зөвшөөрдөггүй хүн Либерал намын гишүүн байх ёсгүй гэх шахуу шаардлага тавьдаг нь чухам энэ үзэл бодолтой нь холбоотой байх нь.

Жастин Трюдо хар тамхи хэрэглэхийг харин зөвшөөрдөггүй. Өөрөө парламентын гишүүн байхдаа хар тамхи хэрэглэж үзсэнээ тэрбээр саяхан олон түмний өмнө хүлээсэн байна. Канадын улстөрчдийг шударга байлгахын төлөөх тэмцлийнхээ хүрээнд залуу улстөрч маань ийн илэн далангүй зан гаргасан аж. Гэхдээ ил шулуун ийн хүлээн зөвшөөрсөн анхны хүн нь Трюдо биш.

Билл Клинтон залуу насандаа мөн марихуан татаж үзэх гэж оролдож, тэгэхдээ “уушиглаагүй” тухайгаа нуулгүй ярихад нь Канадын АН-ын удирдагч агсан Жек Лейтон ургамал “сорох” хорхойтой болж байснаа хариуд нь дурсаад, нөхдийнхөө ярьснаар бол утааг нь амаараа гаргадаггүй байсан хэмээн нэмж хэлсэн гэдэг.

Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг тамхи татахыг эрс эсэргүүцдэг мөртөө “ургамал” сорж үзсэн төдийгүй, бүр түүнээс таашаал авдаг байснаа нуугаагүй удаатай. Торонто хотын захирагч хэл амнаас салдаггүй Роб Форд ч марихуан татдаг байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Либералчуудын удирдагч асан Боб Рей, Канадын Сангийн сайд Жим Флаерти, Америкийн Конгрессийн төлөөлөгчдийн танхимыг удирдаж байсан Ньют Гингрич, Австралийн Ерөнхий сайд байсан Жулий Гиллард, Калифорни муж улсын захирагч асан Арнольд Шварценеггер нар хар тамхи хэрэглэж үзсэнээ, гэхдээ энэ нь оюутан цагийнх нь явдал болохыг ярьсан нь бий.

Жастин Трюдог дэмжигчдийн ихэнх нь хот газрын боловсролтой хүмүүс. Өөрөөр хэлбэл “цагаан захтнууд” гэсэн үг. Тэд бас л залуу зандан насандаа “ургамлаар” цаг нөхцөөж явсан улс. Хар тамхи хэрэглэхийг бүрэн зөвшөөрчихөд түвэгтэй.

Энэ асуудлыг АНУ-ын Засгийн газартай ярьж тохирохоос аргагүй. Хар тамхи хэрэглэж байсан эсэх талаар нь сонирхоход халаагаа өгч буй Ерөнхий сайд Харпер “Би тийм хүнтэй төстэй байна гэж үү” гэсэн юу ч гэж ойлгож болохоор хариулт өгсөн ч түүний тэргүүлсэн Засгийн газар болохоор уламжлалт зарим нэг үнэт зүйлсээ хадгалж үлдэхийг хичээж ирсэн.

Жастин Трюдог зургаан настайд эцэг, эх нь салжээ. Тэрбээр хоёр дүүтэй байсны нэг Мишель нь цанаар гулгаж яваад цасан нурангид дарагдаж амиа алдсан гэдэг ч цогцос нь олдоогүй аж. Трюдо 2005 онд телевизийн хөтлөгч, фото модель Софи Грендартай гэрлэсэн, тэд гурван хүүхэдтэй.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД