Умард Солонгостой яриа хөөрөө хийхийг АНУ сонирхохгүй

2015 оны 10 сарын 21

Умард Солонгостой энхийн хэ­лэлцээр байгуулахаар яриа хөөрөө хий­хийг АНУ сонирхохгүй байна гэж Америкийн тал мэдэгдэв. Энх­тайван, аюул­гүй байдлын асууд­лаар даацтай яриа өрнүүлж, АНУ зөвшөөрвөл эн­хийн хэлэлцээр бай­гуулахад бэлэн гэж Умард Солон­госын Гадаад хэргийн сайд Ли Су Ён урьд нь мэдэгдэж байсан юм. АНУ 28 мянган цэргээ Өмнөд Солон­гост байрлуулчихаад энхийн хэлэл­цээрт гарын үсэг зурах асуудлыг хөн­дөхөөс ч татгалзсаар байгаа билээ.

Бид энхийн хэлэлцээрийг биш цө­мийн зэвсгийн асуудлыг л сонирхож байна гэж Америкийн тө­лөөлөгч Сон Ким хэлснийг Ренхап агентлаг иш татсан байна. Цөмийн зэвсгийг тэглэх асууд­лыг л АНУ зарчмын хувьд сонирхоно гэж тэрбээр нэмж хэлжээ. Умард Солонгос өөрийгөө 2005 онд цөмийн гүрэн хэмээн зар­лаж, 2006, 2009, 2013 онд газар дор цө­мийн туршилт хийсэн юм. ОХУ, АНУ, БНХАУ, Япон, Өмнөд, Умард Солонгос оролцсон зургаан талт хэлэлцээрээс Пхеньян 2009 онд гарсан. Умард Солонгосын эрх баригчид одоо цөмийн дөрөв дэх тур­шилтаа хийхээр зэхэж байна гэсэн мэдээлэл байна. Уг нь сүү­лийн хоёр жилд баллистик пуужин хөөргөөд цөмийн туршилт хийхгүй байсан юм.