Меркелийн бодлыг германчуудын 32 хувь нь дэмжиж байна

2015 оны 10 сарын 21

Ойрхи Дорнодын хямрал Ев­ропын орнуудад шууд нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд Ангела Меркель эрх мэдэл, нэр хүндээ алдаж байна гэж The Wall Street Journal сони­ны улс төрийн тоймч Жон Вино­кур бичсэн байна. Ойрхи Дорнод дахь зөрчил Европын өдөр тутмын амьдралаас ялгаагүй болчихоод бай­хад өөрийнх нь бодлого үүнд огт хамаагүй юм шиг байдал Меркель гаргаж байна гэж Винокур үзэж буй аж. Түүний бодлоор сүүлийн арван жилд Герман улс Европт гол хүч нь болж байхад түүний залуур дээр байсан Меркельд Сирийн унал­тыг зогсоох, одоогийн дүрвэгч­дийн хямралаас зайлсхийх бүх боломж байжээ. Урьдчилсан байдлаар энэ онд Германд нэг саяас доошгүй дүр­вэгч Сири, Иракаас ирнэ гэж үзэж буй. “Герман улс асар олон дүрвэгч хүлээж авахыг зөвшөөрөх бодол яаж толгойд чинь орж ирэв” гэж радиогийн сурвалжлагч асуу­хад Меркель “Ийм тавиланг бур­хан бидэнд заяалаа” гэж хэлсэн Мюнхений хамба лам Марксын сэт­гэлгээгээр хандсанаа нуусангүй. “Гер­ман бол ёс суртахууны хэт их гүрэн” гэсэн Меркелийн томъёо­лолтой Германы сонгогчид санал нийлэхгүй байгаа аж. Герман улс Сири, Иракийн лалын ша­шинт­нуудыг шингээчихнэ гэсэн Мер­келийн үгийг германчуудын 32 хувь нь л хүлээн авч буй гэнэ.