Сири дэх зөрчил бол шашны урсгалуудын тэмцэл

2015 оны 10 сарын 21

Германы “Spiegel” сэтгүүлд бичсэнээс үзвэл “Исламын улс”-ын эгнээнд гадаадын 30 гаруй мянган хүн байлдаж яваа аж. Америкийн тусгай албад ч  мөн ийм тоо хэлдгийг The New York Times сонинд бас дурдсан байна. Энэ бүхнээс харахад шинэ дайчдаар эгнээгээ сэлбэх ажлыг алан хядах энэ бүлэглэл тун дажгүй хийдэг бололтой.Сайн дураараа ариун дайнч бологчдын тоо сүүлийн нэг жилийн дотор буюу АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл Сири, Иракт агаараас цохилт өгч эхэлснээс хойш хоёр дахин нэмэгдсэн байна. АНУ-ын тагнуулын мэдээгээр бол 2011 оноос өнөөг хүртэл Сири, Иракт болж буй байлдааны ажиллагаанд 100 гаруй орны иргэд өөрсдийн хүсэлтээр оролцож байгаа юм байна. Нэг жилийн өмнө 80 улсаас 15 мянга  орчим хүн “Исламын улс”-ын талд сайн дураар байлдаж яваа гэж үздэг байсан юм. Энэ 80-100 орны дотор Америк, Англи, Франц, Канад, Орос орж буй. Ер нь  бол дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очсон гэж хэлж болно.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель алан хядагчдын талд Европын орнуудаас 2000 хүн тулалдаж яваагийн 400 нь Германы иргэн гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна Сири юм уу, Иракаас буцаж ирж буй хүмүүс тус улсад оршин суудаг лалын шашинтнуудын толгойг цааш нь эргүүлэх аюулаас сэрэмжилж буйгаа аюулаас хамгаалах албад нь нуухгүй байв.

Статистикт итгэвэл, дайтахаар тийш явж буй лалын шашинтнуудын 10 орчим хувь нь христос шүтлэгтний гэрт төрөөд эрс үзэлтнүүдийн нөлөөгөөр шашнаа сольсон хүмүүс байгаа гэх баримт бий. Дээр өгүүлсэн “Spiegel” сэтгүүлд дурдсанаар наад зах нь Германы насанд хүрээгүй 24 иргэн “Исламын улс”-ын талд байлдаж яваа аж. Германы Сөрөг тагнуулын газрын тэргүүн Ханс-Георг Маасений хэлснээр бол тэдний хамгийн бага нь 13 настай гэнэ. Хүүхдүүдээс тав нь эх орондоо буцаж ирсэн байна.

Лалын дайчидтай нийлсэн хүмүүсийн дотор Америкаас ирсэн хүн 200 гаруй бий гэж хэвлэлд мэдээлж байна. Тэгвэл Сири, Иракт байлдаж яваа ОХУ-ын иргэдийн тоо үүнээс хэд дахин олон аж. Холбооны аюулаас хамгаалах албаны үзэж буйгаар 2000 гаруй орос хүн тэнд очоод байгаа бололтой. Судалгааны байгууллагын баримт түшиж Сирийн тэргүүн хамба лам Ахмад Бадреддин Хассуны ярьснаас үзвэл хөлсний дайчин болж Чечениэс 1700 хүн ирсэн бол Төв Оросоос 250 хүн очоод байгаа юм байна. 717 чечень хүн амиа алдсан гэнэ.Америкийн тагнуулын байгууллагын мэдээлж буйгаар бол “Исламын улс”-д сар тутам гадаадын 1000-аас цөөнгүй хүн сайн дураар очиж хүчийг нь  сэлбэж байдаг аж. Хааяагүй тэнэж явдаг лалын нэгэн дайчны ярьснаас үзвэл Өрнөдийн улс бүрт “Исламын улс”-ын нууц бүлэг байдаг бөгөөд Европын орнуудын байдлыг тогтворгүй болгох, дээрээс нь тушаал өгвөл тэндээ алан хядах ажиллагаа зохион байгуулах нь тэдний гол зорилго байдаг гэнэ.

Алан хядагчдын дотор орос хэлээр ярьдаг 4-5 мянган хүн бий гэж Берлинд байдаг лалын нэгэн сүмийн лам, “Исламын улс”-ыг ил шулуун сурталчилдаг Мурад Атаев гэгч нотолдог аж. Эдний олонх нь ТУХН-ийн орнуудын иргэд, үлдсэн хэсэг нь чечень, дагестан үндэстэн төдийгүй 1990-ээд онд Кавказад болсон байлдаанд оролцож явсан “ахмад дайчид” ч олон байдаг гэнэ. Татар хүмүүс ч Сири, Иракт тааралдаж л байдаг аж.  “Ахмад дайчид” шинээр ирж буй залууст сургалт явуулж, өөрсдийн сурсныг заана. Орос хэлтэй зарим дайчин гэр бүлээрээ “нүүгээд” ирчихсэн, хүүхдүүдэд нь зориулж тэнд шашны сургууль байгуулаад өгчихсөн, орос, араб хэл үздэг анги нээчихсэн хичээллүүлж бай­даг сурагтай. “Исламын улс” бүлэглэл нь дор хаяж Ирак, Сири, Ливан, Израиль, Палестин, Иордани, Турк, Кипр, Египетийн нутаг дээр, цаашилбал лалын ертөнцийг бүхэлд нь хамарсан шариатын хуульт суннитийн эзэнт улс байгуулах зорилготойгоо нуудаггүй.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ул­суу­даас “Исламын улс”-ын хүчийг сэлбэж бай­даг гол нөөц нь Гүрж, Азербайжан гэж хэв­лэлүүд бичиж байна. Сири, Иракийн газар нутаг дээр 300 гаруй гүрж, бараг 1000 хүрэх азербайжан хүн бий гэж ярьдаг. Гүржид Панкисын хавцал гэж бий. Чеченийн дайны жилүүдэд энэ хавцал хэт даврагчдын орогнох газар болж байсан юм. Энд ихэвчлэн чечень хүмүүс оршин сууна. Чеченийн дайнаар “нэр алдар” нь олонтаа сонсогдож бай­сан хээрийн цэргийн командлагч Руслан Гелаев болон 1999 онд Москвад орон сууцнууд дэл­бэл­сэн хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдүүд чухам энд нуугдаж байсан гэдэг. Гүржийн Засгийн га­зар энэ хавцлыг 2003 онд л өөрийн хяналтад бүрэн авч чадсан юм билээ.

Тэгвэл одоо “Исламын улс”-ыг амьд хүчээр сэлбэдэг Кавказын чанад дахь чухал эх үүсвэр нь Панкисын хавцал болоод байна. Гүржээс Сирид байгаа эрчүүд дотроос Тархан Батирашвили гэг­чийн нэр нэлээд тод дуулддаг болсон байна. Түүнийг бас Абу Омар аш-Шишани гэж нэрлэх нь бий. Түүний толгойлдог отрядын зарим хүнийг “ариун дайнтай холбоотой ажил хэрэг амжуулахаар” Кавказ руу явуулахыг “Исламын улс”-ын удирдагч Аль-Багдади дэмжсэн гэх яриа байдаг. Байлдах дайтах дадал Сирид олж авч турш­лага суусан хэт даврагчид Кавказын чанадад ирэх юм бол Орос улсын тогтвортой байдлыг дотроос нь бусниулах аюултай гэж сэрэмжилж буй нь зүй ёсны юм. Ийм болгоомжлол Европын орнуудад ч бий.

Абу Омар аш-Шишани нь гүрж, чечений эрлийз. Тэрбээр 2008 онд Өмнөд Осетид Оросын цэргийн эсрэг Гүржийнхээ армийн эгнээнд дайтаж явсан юм. Сүүлдээ эрс үзэлт лалын дайчдад татагдаж, улмаар “Исламын улс”-д орж, цэрэг, улс төрийнх нь хүрээлэл дунд ихээхэн нэр, нөлөөтэй нэгэн болчихоод Ойрхи Дорнодод зэвсэг хангинуулж яваа нь энэ. АНУ-ын Төрийн Департамент түүнийг хамгийн ихээр эрэн хайж буй дөрвөн гэмт хэрэгтний нэгээр энэ оны тавдугаар сард зарлаж, байгаа газрынх нь талаар бодитой мэдээлэл өгвөл таван сая ам.долларын шан хүртээхээ мэдэгдсэн. Аш-Шишанийг амь үрэгдсэн гэх мэдээлэл хэвлэлд гарч байсан ч баримтаар нотлогдож байгаагүй юм. Гүржийг бодвол Азербайжаны байдал бүр ч тэсрэх аюултай гэж хэлж болохоор. Учир нь энэ улсын хүн ам лалын шашинтай. Түүнээс гадна Оросын Дагестантай залгаа умард нутаг нь амгалан тайван байлгүй өдий хүрсэн. 1990-ээд оноос энд Турк болон Арабын орнуудын тусгай нууц даалгавартай хүмүүс, Оросын “ваххабистуудын” нөлөө их болсон газар. Сүүлийн хориод жил  нийслэл Баку болон Азербайжаны гурав дахь том хот Сумгаитад салафитууд олноор суурьшсан.

Сирид “Азербайжаны батальон” гээчийг тусад нь байгуулах тухай яриа өнгөрсөн жил гарч байсан гэх чимээ ч байдаг. Кавказын чанадын энэ БНУ-ын дайчдаас Хаттаб Аль Азери гэгч ихэд нэрд гарсан. Тэрбээр байлдаанд оролцохын хажуугаар Азербайжаны эрх баригчидтай тэрсэлддэгээрээ зард гарсан хүн гэж байгаа.Лалын шашиндаа тууштай хүмүүс нь Ойрхи Дорнод руу олноор явснаар ард нь үлдсэн Азербайжан, Гүрж улсууд амар тайван болсон уу гэвэл үгүй. Харин ч шашны хэт даврагч үзэл эдгээр улсад улам хатуу ширүүн, харгис хэрцгий болж, тэмцэл нүдний өмнө хүрээгээ тэлсээр байна. Хууль сахиулах байгууллагууд  нь байсхийгээд л ав хоморго явуулж, хүмүүс баривчилж, янз бүрийн шалтгаар сүм хийдүүдийг нь хаадаг ч үр дүн нь шашны үзлийг сэдрээх, дэврээхээс цаашгүй. Баривчилгаанд өртсөн хэт даврагчдын дотор Сирийн дайнд оролцож “дамжаа” дүүргэсэн хүн ч цөөнгүй байдаг аж. Энд олонх шийт, цөөнх суннит (шийт, суннит, салафит гэх мэт нь шашны урсгалууд юм)-ийн  хоорондын зөрчил гэж тус улсын тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй бас нэг айхтар юм бий. Тэгвэл өнөөдөр Ойрхи Дорнодод болж буй үйл явдлыг үндсэндээ энэ шийт, суннит хоёрын хоорондын тэмцэл гэж хэлж болно. 2013 оны арванхоёрдугаар сард Сумгаитад энэ хоёрын дунд мөргөлдөөн болж байсан юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салафитын сүмийг шатаасан хэрэг ч гарч байв. Сирийн зөрчлийн цуурай хамгийн тод сонсогдож буй газрын нэг нь Азербайжан улс мөн юм.Өнгөрсөн сарын 30-наас Оросын нисэх хүчин “Исламын улс”-д цохилт өгч, Сирийн Засгийн газрын цэргийн үйл ажиллагаа идэвхжсэн нь лалын дайчдад үзүүлж буй дарамт шахалтыг  нэмэгдүүллээ. 3000 хэт даврагч Иордани руу зугтлаа гэж энэ сарын 5-нд хэвлэлүүд мэдээлсэн бол Сирид очоод байсан Тунисийн 250 дайчин Ливи рүү шилжив гэж Тунисийн Батлан хамгаалахын сайд Фархат Хоршани долоо хоногийн дараа мэдэгдэж байлаа. Гэхдээ зөрчлийн бүсээс дайчид олноороо дайжиж байна гэж ярих нь одоо арай ч эртдэнэ. “Исламын улс”-ын боломжийг үгүйсгэх битгий хэл, багасгах ч бодолгүй байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн ажилтан Андрей Арешев тэмдэглэснийг бодолцвоос зохилтой. Сирид байлдаж явсан хүмүүс нь Гүрж, Азербайжанд буцаад ирвэл ямар аюул болохыг төсөөлөх аргагүй.

Гэхдээ Сирид очсон хүмүүсийг Азербайжаны хуулиар 20 жилээс насаараа хоригдох аюул хүлээж байдаг болохоор хуулийн байгууллагынхны хараанаас хол байхын тулд тэд арай “найрсаг хандах” улсад, тухайлбал Ливи юм уу, Афганистанд толгой хоргодохыг хичээж магадгүй юм. Түүнчлэн Кавказын чанадын нутгийг дайныг шатлан өргөжүүлэх газар гэхээсээ хүчээ сэлбэх эх ундарга гэж “Исламын улс”-ын удирдлага үзэх нь одоогоор илүүтэй байгаа гэж хэлж болно. Гэхдээ байдал түргэн өөрчлөгдөж байгаа. “Исламын улс”-ын хэвлэл, мэдээллийн ажил эрхэлсэн Абу Мухаммед аль-Аднани гэгч “Орос-Америкийн загалмайтнуудын” эсрэг ариун дайн зарлана гэсэн заналхийлэл интернэтээр энэ сарын 13-нд цацлаа. Зөрчил тэмцлийг хуучин ЗХУ-ын хилд ойртуулахыг оролдож байгааг үүнээс гурав хоногийн дараа Казахстанд явцуу хүрээнд болсон ТУХН-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн хуралдаан дээр ярив. “Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр бол Орос болон ТУХН-ийн бусад орнуудаас гарал­тай 5-7 мянган хүн “Исламын улс”-ын талд тулалдаж явна. Тэд Сириэс олж авсан турш­лагаа хожим нь бидний газар шороон дээр ирээд хэрэглэх боломж олгож болохгүй гэж ОХУ-ын Ерөн­хийлөгч Владимир Путин  онцлон ан­хаа­рууллаа.