ХҮНИЙ АМЬДРАЛЫГ УЛС ТӨР ХАЙР НАЙРГҮЙ ӨӨРЧЛӨХ ЮМ

2015 оны 10 сарын 08

 Хүү Башар Асадынхан

Башар Асад 1965 онд Дамаск хотноо Сирийн Агаарын цэргийн хүчний командлагч, бригадын генерал Хафез Асадын хүү болон төржээ. Түүнийг таван нас ч хүрээгүй байхад эцэг нь Ерөнхийлөгч болж, тун удалгүй эрх баригч Баас намыг тэргүүлэх болсон байна. Асад Дамаск хотын араб-франц лицейд бага, дунд боловсрол олж, 1988 онд нийслэлийнхээ их сургуулийн анагаах ухааны факультетийг төгсөж нүдний эмч болжээ.

1991 онд тэрбээр Их Британид очиж Лондонд байх Гэгээн Мариягийн эмнэлэгт дадлага хийсэн байна. Сирийн Ерөнхийлөгчийн хүү гэдгээ хүмүүст мэдүүлэхгүйн тулд өөр нэр хэрэглэж байв. Олон улсын эрдэм шинжилгээний симпозиумд оролцож, Сирийн оюунлаг сэхээтэн хүмүүсийн дунд цаг өнгөрөөх дуртай, мэргэжлээсээ гадна мэдээлэл зүй сонирхдог залуу байлаа.

Эцэг Хафез Асад нь том хүү Басилиа өөрийн залгамжлагч гэж үздэг байсан ч 1994 онд автын ослоор нас баржээ. Энэ үед Башар Асад Лондонд суралцаж байв. Ахыгаа нас барсны дараа Башар Сиридээ буцаж ирээд Хомс хотод байдаг Цэргийн академид орж, 1995 онд ахмад цолтойгоор танкийн батальон командалж, дараа нь Гвардийг тэргүүлэх болов.

1999 онд түүнд хурандаа цол олголоо. Хафез Асад 2000 онд зүрхний дутагдлаар өөд болов. Тухайн үед Сирийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болоод байсан Хаддам талийгаач Ерөнхийлөгчийнхөө хүү Башарт тэр даруй дэслэгч генерал цол хүртээж, армийн дээд ерөнхий командлагч болгож орхилоо.

Сирийн парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч болох хүний нас 40 байсныг Башар Асадыг уг албанд томилохын тулд 34 болгож доошлуулав. Зургадугаар сарын 20-нд буюу Хафез Асадыг өөд болсноос арав хоногийн дараа Башар Асад эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, Ерөнхийлөгчид ганцхан түүний нэрийг дэвшүүлж, долоо хоногийн дотор парламент нь дэмжчихэв.

АНУ болон холбоотнууд нь Ирак руу дайрахдаа Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл, Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд, Ерөнхийлөгч Жорж Буш нарын өндөр албаныхан Иракийн үй олноор устгах зэвсгийг хадгалсан, алан хядагчдад дэмжлэг үзүүлсэн, Иракийн удирдлагын төлөөлөгчдийг нууцаар орогнуулсан гэж Сирийг буруутгаж байсан юм

Долдугаар сарын 10-нд Төрийн тэргүүнээ сонгох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, 97.2 хувийн саналаар Башар Асад Сири улсынхаа Ерөнхийлөгч боллоо.

2007 оны хавар ээлжит санал асуулга явуулж Асадыг Төрийн тэргүүнээр дахин сонгов. Тэгэхэд санал авах хуудсанд “2014 он хүртэл улс орноо Башар Асад удирдахыг та зөвшөөрч байна уу” гэсэн ганцхан асуулт байсан бөгөөд сонгогчдын 97.6 хувь нь зөвшөөрсөн байна.

Хафез Асадыг төр барьж байх үед Сирийн гадаад бодлого юуны урьд Араб-Израилийн сөргөлдөөн дээр тулгуурлаж, дотоод бодлого нь гадаад хүчин зүйлээс хамаардгийг аль болох багасгах зорилго тавьдаг байв. 1967 оны зургаан өдрийн дайнаар Сириэс Голаны өндөрлөгийг нь Израиль булааж аваад, түүнийгээ эргүүлж авах гэсэн Хафез Асадын оролдлого 1973 онд үр дүнд хүрэлгүй эцэслэсэн юм. Башар Асад эцгийнхээ суудалд суумагцаа Израилийн цэргийг эзлэгдсэн газар нутгаасаа бүрмөсөн хөөн гаргаж, 1967 оны хилд нь аваачих бодлогыг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

Алан хядагч байгууллага болохыг нь дэлхийн нэлээд оронд хүлээн зөвшөөрсөн цэрэгжсэн “Хезболла”, “ХАМАС”, Лалын жихад гэх бүлэглэлд материал-техникийн дэмжлэг үзүүлдэг гэж Сирийг АНУ, Израиль болон Өрнөдийн орнууд буруутгадаг байлаа. Сири энэ зэмлэлийг хүлээж авдаггүй байсан ч үнэн хэрэг дээрээ эднийг дэмждэг байв. Израильтай энхийн хэлэлцээрээ шинэчлэхэд бэлэн хэмээн Башар Асад 2003 оны эцсээр мэдэгдэхдээ урьдчилсан ямар нэг болзол тавьсангүй.

АНУ, Сири хоёрын харилцаа тун сайнгүй байлаа. 2002 онд Сирийг “хорон санааны тэнхлэгт” АНУ оруулав. 2003 онд Иракийн дайн эхлэх хүртэл Сири НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийг үл хайхран Саддам Хусейний дэглэмийг зэвсгээр хангаж байв.

АНУ болон холбоотнууд нь Ирак руу дайрахдаа Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл, Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд, Ерөнхийлөгч Жорж Буш нарын өндөр албаныхан Иракийн үй олноор устгах зэвсгийг хадгалсан, алан хядагчдад дэмжлэг үзүүлсэн, Иракийн удирдлагын төлөөлөгчдийг нууцаар орогнуулсан гэж Сирийг буруутгаж байсан юм.

2014 оны гуравдугаар сарын эхээр Крымийн хямралын үед Владимир Путинд Асад цахилгаан утас илгээж дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг сэргээх, хэт даврагчидтай тэмцэх энхийг эрхэмлэгч бодлогыг нь дэмжидгээ илэрхийлсэн байдаг. Крымийг Орост нэгтгэх санал асуулгыг хууль бус гэж үзэх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг батлахын эсрэг Сири санал өгч, Оросыг дэмжсэн 10 орны нэг болж байв.


Эцэг Хафез Асадын гэр бүл. Зүүн гараас эхнийх нь Башар

Башар Асад 2001 нд Англи, Сирид давхар иргэншилтэй, Хомс хотын нөлөө ихтэй суннит гэр бүлээс гаралтай Асма аль-Ахрас гэдэг бүсгүйтэй гэр бүл болжээ. Түүний эцэг нэрд гарсан эмч аж. Тэд Англид байхдаа биедээ сайн болсон ч Асма сүүлд нь “Бидний аав, ээжүүд эртнээс биенээ мэддэг, зуны амралтаар бид Сирид ирэхэд уулзалддаг байсан. Башар бид хоёрын хүүхэд насны үерхэл хайр дурлал болж хувирсан” гэсэн байдаг.

Энэ айлд 2001 онд хүү Хафез, 2003 онд охин Зейн, 2004 онд хүү Карим нь төрсөн байна. Гэргий нь Сирийн хүн амын 80 шахам хувийг эзэлдэг суннит үндэстэн бол Башар Асад өөрөө 15-хан хувь нь болдог алавитын төлөөлөл юм. Башар Асад айлын зургаан хүүхдийн гурав дахь нь. Тэрбээр ах, эгч, гурван дүүтэй.

Эгчийнх нь нөхөр Асеф Шаукат хошууч генерал цолтой, Башар Асадын засаглалын үед Цэргийн тагнуулын газрыг тэргүүлж, Армийн штабын дарга, Батлан хамгаалахын орлогч сайдаар ажиллаж байв. Харамсалтай нь, Сирид өрнөсөн иргэний дайны явцад алан хядах ажиллагаанд өртөн 2012 онд амь үрэгджээ. Башар Асадын эхийн талын нэг үеэл ах нь мөн алан хядагчдын гарт амиа алдсан аж.

Нэг сонирхолтой баримт дурдахад Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Башарын эцэг Хафез Асад хоёр ЗХУ-ын Кыргызийн Фрунзе (одоогийн Бишкек) хотод цэргийн нисгэгч болсон хүмүүс юм. Өрнөдийн найрсаг хандлага, төвийг сахисан байр суурийн хариуд зэвсгийнхээ зарим хэсгийг хорогдуулахыг Башар Асад, Ливийн удирдагч Муаммар Каддафи хоёрт АНУ санал болгоход, Каддафи бүрэн дүүрэн хүлээж авч, энэ тоглоомоор тоглосноор Өрнөд түүнийг хэсэгхэн хугацаанд “өршөөж”, (тэгээд энэ явдал юугаар төгссөнийг бид мэднэ) Асад харин ийм юманд оролцохоос татгалзсан байна.

Зөрүүд эрийг номхотгох гэж 2003 онд АНУ-ын Конгресс Асадын дэглэм, Сири улсыг “Өрнөдийн дайсан” гэсэн статустай болгосон шийдвэр гаргав. 2011 онд Франц, Англи, Америк, Турк улс Асадын сөрөг хүчийг зэвсэг, мөнгөөр цутгаж, Башарын гэргий Асма аль-Асадыг “илчилсэн” материалуудыг гэнэт бөөнөөр хэвлэлд гаргаж иржээ.

2011 он болтол энэ бүсгүй Өрнөдийн хэвлэлийн хувьд Дорнын гүнж нараас хамгийн дур булаам нь гэгдэж, сэтгүүлүүдийн хавтсыг чимэж, цөлийн сарнай энэ тэр хэмээгдэж байсан бол бүх юм тэр дороо орвонгоороо өөрчлөгдөв. Асмаг 2008 онд Карла Бруни-Саркози, Мишель Обама нараас илүү сайхан тэргүүн хатагтай гэж сэтгүүлчид үзэж байлаа.

Хатагтай Асмагийн тухайд ярихдаа түүний даруу, юмны эвийг олдог, хүмүүжил сайтай, өгөөмөр сэтгэлтэйг нь дурдахгүй өнгөрдөггүй байсан аж. Тэгсэн чинь гэнэтхэн л Британийн тагнуулын байгууллагатай хамтарч ажилладаг, Диана гүнжийн үхэлд хамаатай, түүний үерхэж асан аль-Файедийнх нь санхүүг мөрдөж мөшгиж байсан ч гэх шиг Дэлхийн I дайны үед II Николай хааны хатан Александр Федоровнаг хардаж сэрдэж байсантай тун төстэй яриа хөөрөө дэгдэв.

Асмаг Германы Жанжин штабтай хэлхээ холбоотой гэж буруутгасан ч нотолгоо олсонгүй. Башар Асадыг АНУ-ын дайснаар ил цагаан зарласны дараа “Сирийн гүнжийн нууц” задарч эхлэв. Сирийн Ерөнхийлөгчийн гэргийн гэр орныхон одоо хэр нь Лондонд аж төрдөг. Эцэг Фаваз Ахрас нь зүрхний зөвлөх эмч, ээж Сахар Отри аль-Ахрас нь дээхнэ үед Их Британид суугаа Сирийн ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Ирээдүйд Сирийн тэргүүн хатагтай болох байсан охин Лондонгийн охидын сургуульд сурч, 1996 онд эндхийн их сургуулийн Хааны коллежийг онц дүнтэй төгсөөд томоохон банкуудад дөрвөн жил ажиллав. Тэр үед Асма ердөө 23 настай байлаа. Түүнийг сайхан ирээдүй хүлээж байв. Гэвч Ерөнхийлөгч нь гэргийгээ болгохыг хүсэж байхад яалтай билээ.

Асма 2000 оны арванхоёрдугаар сард Сирид эргэж ирээд анагаахын сургуулийн оюутан байхад нь ойр дотно болсон Ерөнхийлөгч Башар Асадын гэргий боллоо. Тэдний амьдралд улс төр орж ирээгүйсэн бол хэчнээн сайхан байх байсан бол оо. Улс төр хүний амьдралыг дэндүү гэмээр хайр найргүй өөрчлөх юм.

Башар Асадад ч энэ хамаарна. Тухайн үедээ Оросын хааны хатан Александра Федоровна “Миний нөхрийг бялдуучлал, худал хуурмаг юм хааяагүй хүрээлж байх юм. Түүнд минь жинхэнэ ёсоор түшиг тулгуур болчихоор хүн огт алга. Бүгдийг хувийнхаа ашиг хонжооны төлөө хийнэ, газар сайгүй далд явуулга” гэж бичиж байсан шиг Асма бичиж болох, эсэхийг бүү мэд.

Асадын дайсны талд гүйж очсон төрийн болон цэргийн өндөр албан тушаалтны тоог бодолцвол ийн биччихэж болмоор ч юм шиг.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД