“Исламын улс” сандарч мэгдэж эхэлжээ

2015 оны 10 сарын 04

Америкийн тэргүүлсэн олон улсын эвсэлд хамтрагч Англи, Франц, Герман, Турк, Катар, Саудын Араб улсууд Сирид “Исламын улс”-ын байрлалд өгч буй цохилтоо зогсоохыг Орост уриалж эхэллээ. Оросын агаараас өгч буй цохилт нь зөрчлийг улам шатлан өргөжүүлж, хэт даврагч үзлийг дэврээнэ гэж болгоомжилж байгаа аж. Тэгвэл “бидний үзэж буйгаар Сирид алан хядах ажиллагаа хумигдахад Оросын өгч буй цохилт нөлөөлж байна” гэж Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри мэдэгдлээ. Энэ бол тус улсын зүгээс өгч буй анхны үнэлгээ юм. Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийг Оростой уялдуулж хийвэл Сирийн хямралыг зохицуулахад үр дүнтэй байх болно гэж Ун­гарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр хэлсэн үгэндээ онц­лов.

Америкийн Агаарын цэргийн хүчний штабын даргын тагнуулын үйл ажиллагаа эр­хэл­сэн орлогч, дэслэгч генерал Роберт Отто мэ­дээлэхдээ Оросын Агаар-сансрын хүч Си­рийн сөрөг хүчинд цохилт өгөөгүй гэж мэ­дээл­сэн байна. Харин Ерөнхийлөгч Башар Асадын цэрэгтэй байлдуулахаар Америкийн ТТГ-ын ажилтнууд бэлтгэлийг нь хангаж буй босогчдын байрлаж байгаа Идлиб муж дахь лагерьт Оросын нисэх хүчин хоёр ч удаа цохилт өгсөн аж. Үүнтэй холбогдуулан Конгрессийн Зэвсэгт хүчний хорооны дарга Жон Маккейн Оросын онгоцнуудын бай нь “Исламын улс” биш, Сирийн сөрөг хүчний дайчид болж байна гэж мэдэгдэв. Энэ маягаар АНУ, Өрнөдийн орнууд хийгээд зарим улс уг үйл явдалд янз бүрээр хандаж байна.Оросын нисэх хүчний Сири дэх ажиллагаа ОХУ-ын Зэвсэгт хүчний дээд ерөнхий команд­лагч Владимир Путиний тушаалаар есдүгээр сарын 30-нд эхэлсэн юм. Үүнд эртнээс бэлт­гэ­жээ.

Сири рүү оросууд байлдааны зэвсэг тех­ник аваачих нь эрчимжиж буйг бүр найм­ду­гаар сарын дүнд үеэс л улс орнуудын хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгслүүд хүмүүсийн сонорт хүргэсээр ир­­сэн. Энэ талаар Монголын хэвлэлүүд ч улам­жилж л байсан.Оросын агаар-сансрын хүч цохилт өгч эхэлснээс хойш “Исламын улс” бүлэглэлийн дайчид Сирид хянаж байсан газар нутгаа орхиж Европ руу зугтах болсныг Оросын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб энэ сарын 3-наас мэдээлэх болов. “Тэдний дунд сандарч мэгдэх, оргож зугтах явдал их болж, хөлсний 600 орчим дайчид нь байрлалаа орхиж Европ руу  зугтжээ” хэмээн ерөнхий штабын шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа генерал Андрей Картаполов хэлсэн байна. Оросын нисэх хүчин цохилт өгч буй бүсэд “Алан хядагчдаас өөр хэн ч алга” гэж АНУ-ын тал ОХУ-ын Батлан хам­гаа­лах яаманд дуулгасныг энэ генерал бас онцол­жээ.

Оросууд цохилт өгч эхэлсэн тухай мэдээ­лэл “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй бусад улсын сонорт Батлан хамгаалах болон Гадаад хэргийн яамдаар нь дамжиж хүрсэн бай­на. Цохилт өгч буй бүсээс зааварлагч, зөвлөх бо­лон Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр  бэлт­­гэсэн үнэ цэнэтэй мэргэжилтнүүдээ гар­гахыг бид зөвлөсөн гэж генерал Картаполов тэм­­дэг­­лэжээ.Оросын нисэх хүчний хэсэгт Су-24М, Су-25, Су-34 зэрэг 50 нисэх онгоц, нисдэг тэрэг орж буй аж. Өнгөрсөн сарын 30-наас хойш оросууд 60 гаруй удаа нислэг хийж “Исламын улс”-ын алан хядагчдын 50 объектийг үнсэн товрог болгожээ. “Гурав хоногийн дотор бид алан хядагчдын мате­риал техникийн баазыг дэлбэлж, байлдах чадав­хийг нь ихээхэн бууруулав” гэж мөнөөх гене­рал Картаполов мэдэгджээ.

Оросын нисэх хүч­ний хэсэг юуны түрүүнд удирдлагын байр, зэвс­гийн агуулах, харилцаа холбооны цэгүүд, зэвс­­гийн үйлдвэр, дайчдын сургуулилалт, бэлт­гэл хийдэг лагериудыг овоо хараандаа авч буй юм байна.Оросууд цохилт өгч эхэлснээр алан хя­дагч бүлэглэлийн дайчид Иракийн Мосул хо­тод байсан гэр бүлийнхнээ зөөж, нүүлгэх болжээ. Өөрсдөө ч цэргийн төв байраа орхиж орон сууцнуудад толгой хоргодох болсон аж. Эзэлж авсан хотынхоо гудамжинд байлгадаг ха­руулын­хаа тоог ч тэд цөөлсөн байна. Оросуудын цохилтод “Исламын улс”-ын өндөр ал­бан тушаалтан амиа алдсан, дайчдаас 100-гаад нь амь үрэгдсэн гэх мэдээлэл ч бий.Дашрамд мэдээлэхэд, үндэсний эвлэрлийн хөтөлбөрийн хүрээнд Сирийн сөрөг хүчний 700 хүн зэвсгээ хаяж, Дамаск хотоос урагш 110 км-т бай­даг Дераа хотод цэргийнхэнд бууж өгчээ. Мөн Иордан, Туркт байдаг лагериуддаа бэлт­гэл, сургуулилалт хийлгэхээр Сирийн дайч­даас АНУ сонгож авдаг байснаа есдүгээр сарын 30-наас түр зогсоосон байна.