ОПЕК-ийн ерөнхийлөгчийг барьцаагаар суллажээ

2015 оны 10 сарын 04

Энэ сарын 2-нд Лондонд баривчлагдсан, Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ын ерөнхийлөгч, хатагтай Дизани Элисон-Мадуэкег барьцаагаар суллажээ. Түүнийг Англиас явуулахгүй байхын тулд паспортыг нь хурааж авсан байна. Түүний зэрэгцээ дөрвөн хүнийг хээл хахууль, мөнгө угаасан хэрэгт сэжиглэж баривчилжээ.Элисон-Мадуэке Нигеридээ сайдын алба хашиж байхдаа Нефтийн аж үйлдвэрийн салбараа удирдаж чадаагүй, олон сая ам.доллар, улсын хөрөнгийг хувийн тансаг байдалдаа, тухайлбал онгоц худалдаж авахад зарцуулсан хэмээн буруутгагдаж байжээ.

54 настай энэ эмэгтэй ОПЕК-ийг 2015 онд удирдах юм. Харвардын их сургууль төгсөж, “Shell” компанид ажиллаж байсан аж. 2007 онд Нигерийн Тээврийн, 2008-2010 онд Уул уурхайн үйлдвэр, металлургийн, 2010 оны дөрөвдүгээр сараас Нефтийн нөөцийн сайдаар ажиллаж байв. Тэрбээр ОПЕК-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй анхны эмэгтэй. Нөхөр нь Нигерийн Тэнгисийн цэрийн хүчний контр-адмирал Элисон Мадуэке  аж.