Дуусаагүй дайн

2015 оны 10 сарын 04

Дэлхийн II дайн дуусчихаад байхад Солонгосын хойг яагаад хоёр хуваагдав?

Сталин юун дээр алдсан хийгээд Солонгос дахь НҮБ-ын цэргийг командлагч яагаад ЗХУ, Хятадын нутаг дээр атомын бөмбөг хаяхыг Америкийн Ерөнхийлөгч Гарри Трумэнд уриалав?

Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Константин Асмолов энэ талаар ярьсныг сонирхуулъя.

Солонгосын дайн дууссанаас хойших 60 жилд түүний тухай хоорондоо зөрчилтэй домог шиг яриа олон бий болжээ. Үнэн хэрэг дээрээ энэ дайныг өдөөхөд Москва, Вашинтон битгий хэл Бээжин ч хоёр дугаар зэргийн үүрэг гүйцэтгэсэн атал тэр үйл явдал хүйтэн дайны үеийн Зөвлөлт, Америкийн сөргөлдөөний анхны туршилт байсан мэтээр яагаад ч юм бэ үзсээр ирсэн юм. 1948 онд Солонгосын хойгийг биендээ дайсагнасан хоёр улс болгон хувааснаас хойш тэдний хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах нь үндсэндээ зайлшгүй болоод байсан болохоор энэ дайн олон талаар дотоод хүчин зүйлээс эхтэй билээ.

Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) 1945 оны наймдугаар сард Японтой дайтаж эхэлсэн ч Улаан армид олигтой эсэргүүцэл үзүүлэлгүй буугаад өгсөн нь америкчуудын гайхлыг төрүүлсэн нь мэдээж. 1910 онд эзэлж авсан Солонгосын хойг нь янз бүрийн нөөц баялаг нийлүүлэгчийн хувьд төдийгүй Америкийн десант Японы арлууд дээр буусан тохиолдолд эзэн хаан хийгээд Засгийн газрынх нь нөөц болох ирээдүйтэйн хувьд Японд стратегийн чухал ач холбогдолтой учраас ингэхээс аргагүй байв. Тиймээс Хирошима, Нагасаки хотуудыг Америк бөмбөгдсөн төдийгүй Японтой хийсэн дайнд ЗХУ оролцсоноор дайныг түргэн дуусгасан юм. Улаан арми Манжуур, Солонгос, Сахалины өмнөд хэсэгт давшилтаа эрчимтэй хийсээр Токиог эсэргүүцэх техникийн боломжгүй болгосон. Дор хаяж 1946-1947 он хүртэл Японтой цус асгаруулсан, сунжирсан дайн хийхээр зэхэж байсан Америкийн хувьд дайны ийм түргэн явц санамсаргүй зүйл байлаа. Алс Дорнодод нөлөөллийн хүрээг нь хязгаарлах ямар төлөвлөгөөг Москвад санал болгох вэ хэмээн Вашингтон тархиа гашилгаж гарах нь тэр. Арми, флот, Төрийн Департамет, Цагаан байшингийнхан шөнөжин зөвлөлдөөд ямар ч үр дүнд хүрээгүй байтал Чарльз Баунстил, Дин Раск (энэ хүн 1960-аад онд Төрийн нарийн бичгийн дарга болсон) гэх хоёр дэд хурандаа цэвэр америк шийдэл санал болгосон байна.Тэд Хятадыг Манжууртай ЗХУ-ын ашиг сонирхлын бүсэд оруулж, Японыг АНУ-ын хяналтад өгөөд, Солонгосыг эзэмшлийн хоёр бүсэд тэнцүү хуваах нь зүйтэй гэж үзжээ. Ингэсэн тохиолдолд Солонгосын нийгэм нь төдийгүй хүн амынх нь ихэнх хэсэг, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийнх нь нөөцийн үлэмж хэсэг Америкийн эзэмшлийн бүсэд үлдэх болсон аж.

Энд сонгууль хэрхэн явуулах асуудлаар хэл амаа ололцож чадахгүй байснаас асуудлыг НҮБ-д шилжүүлсэн байна. Тэгэхдээ энд АНУ олонхийн санал авдаг байсан юм. Өөрийн хувьд ашигтай нөхцөлөөр сонгууль явуулах шийдвэр гаргахыг АНУ хүчилж байсан ч дайны дараах тохиролцоогоо зөрчинө гэж үзэж ЗХУ зөвшөөрсөнгүй. Тэгж байтал Ардын дээд хурлынхаа сонгуулийг Умард нутагтаа нээлттэй, өмнөддөө нууцаар явуулах болсноо Умард Солонгосын эрх баригчид зарлав. Ингээд 1948 онд хойгийн төлөө өрсөлдөгч БНСУ болон БНАСАУ гэсэн хоёр улс байгуулсныг тунхаглав. Умардыг нь Ким Ир Сен удирдах болж, коммунизмыг тууштай эсэргүүцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ахмад тэмцэгч, Америкт олон жил цагаачилсан Ли Сын Ман Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болов.

Ким Ир Сен шууд л Умард Солонгосыг ганцаар захирагч болчихоогүй аж. Түүний хажуугаар Москвад танил сайтай намын удирдлага дотроо багагүй нөлөөтэй хүмүүсийн нэг нь дайн өдөөхөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Пак Хон Ён гэгч байлаа. Түүнийг 1953 онд баривчилж, 1956 онд намд хийсэн цэвэрлэгээний үеэр өөрийн гол өрсөлдөгчийг Америкийн тагнуул гэж Ким Ир Сен зарлаад буудан хороох тушаал гаргажээ.

40-өөд оны эцсээр коммунистууд Умард Солонгосын газар тариалангийн салбарт өөрчлөлт хийж, япончуудыг явсны дараа аяндаа гарч ирсэн “ардын хороонууд” төр, засгийн шинэ тогтолцоог төлөвшүүлэхэд үндэс нь болж өгсөн бөгөөд эдгээр хороон дээр түшиглэн Умардад сонгууль явуулжээ. Хүн ам нь тэднийг эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгч төдийгүй аж ахуйн шинэчлэл, найман цагийн ажлын өдөр, эмэгтэйчүүдийн эрх энэ тэр гээд амьдралын цоо шинэ эхлэл бий болгосон хэмээн үзэж баяр хөөртэй байлаа.

Өмнөдөд тэгвэл байдал өөр байв. Солонгосчуудыг улс орныхоо үйл хэргийг удирдан хөтлөхөд япончууд төдийлэн оролцуулдаггүй, засаг захиргааны аппаратыг бүхэлд нь япон хүмүүсээс бүрдүүлж байсан учир америкчууд боловсон хүчний хямралтай нүүр учрах нь тэр. Ийм асуудлыг Умардад шийдвэрлэхдээ Сталины тушаалаар унаган эрх орон руу нь илгээсэн Зөвлөлтийн солонгосчуудыг дайчилж байсан бол Өмнөдөд ингэж хандах боломж америкчуудад байсангүй.

Эзлэгдээд байсан он жилүүдэд япончуудтай хамтарч ажиллаж байсан хүмүүсээс шинэ улсын (Өмнөд) төрийн байгууллагуудыг бүрдүүлснээс нийгэмд түгшүүртэй байдал бий болж, үүний уршгаар Өмнөдөд идэвх муутай иргэний дайн үнэн хэрэг дээрээ үүссэн байна. 40- өөд оны сүүлийн хагаст бүтэл муутай хэд хэдэн үймээн дэгдсэн бөгөөд тэдгээрийн нэгд нь ирээдүйн генерал, 60-аад оны “Солонгосын эдийн засгийн гайхамшиг” гэгдсэн Пак Чон Хи оролцож байсан ажээ.

Улс орноо хуваасан нь ёс бус явдал болохыг Умардад ч, Өмнөдөд ч ойлгож энэ асуудлыг ямар ч хамаагүй үнээр шийдвэрлэхэд бэлэн байв. Тиймээс Сөүл, Пхеньян хоёрын хоорондох зөрчил хэрэг дээрээ Солонгосын дайн албан ёсоор эхэлсэн 1950 онд биш, хэдэн жилийн өмнөөс эхтэй юм. 40-өөд оны эцсээр 38 дугаар зэргэд дээр их буу, нисэх хүчин оролцсон зэвсэгт мөргөлдөөн 1500 гаруй удаа гарч байжээ. Энэ үед хоёр тал Солонгосын нийт ард түмний дэмжлэгийг хүлээнэ хэмээн ихэд найдан Солонгосын хойгт хяналтаа бүрэн тогтоох хугацааны талаар дайнч мэдэгдлүүд хийдэг байлаа.

Ийм цаг үед АНУ Сөүлд үзүүлдгээс хавьгүй илүү цэргийн тусламж Пхеньянд ЗХУ үзүүлж байснаас Умард Солонгосын арми Өмнөдийн зэвсэгт хүчнээс хүчирхэг болсон байв. Улс орноо нэгтгэхийн төлөө цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөхийг Ким Ир Сен 1949 оноос эхлэн Сталинаас байнга хүсэх болсон байна. Москва эхлээд эрс эсэргүүцэж, хойгийн өмнөд хагаст партизаны дайн хийхэд анхаарлаа хандуулахыг Умард Солонгосын нөхдүүдэд санал болгодог байв.

Өмнөдөд хувьсгалын тохироо бүрдлээ, Ли Сын Маны дэглэм хутганы ирэн дээр дэнжигнэж байна гэж 1950 оны эхээр л Ким Ир Сен, Пак Хон Ён хоёр Сталинд ухааруулж чадсан байна. Умард Солонгосын арми довтлохыг Өмнөд Солонгосын 200 мянган коммунист дэмжихэд бэлэн байгаагийн 6000 нь Сөүлд байна гэдэгт Пак Хон Ён Москваг итгүүлж дөнгөв. Энэ арга хэмжээг чинь Мао Цэдун дэмжвэл гэсэн болзолтойгоор уг “явдлыг” гойд эрсдэл хүлээхгүйгээр зохион байгуулахыг Сталин дургүйхэн зөвшөөрсөн байна. Олон жил үргэлжилсэн иргэний дайн нь дөнгөж дуусаад байсан Хятад Пхеньяны саналыг төдийлэн таатай хүлээж аваагүй ч удаан ярьсны эцэст дэмжжээ.

Тэгээд Өмнөд Солонгост ямар нэг бослого тэмцэл болоогүйг бид одоо мэднэ. Ким Ир Сен, Пак Хон Ён нар Өмнөдийн байдлын талаар ЗХУ-ын удирдлагад илт худал мэдээлэл хүргэсэн ч тэдний үгийг Москва шалгаж чадаагүй аж. Тэр үед Зөвлөлтийн тагнуулын байгууллага Өмнөд Солонгост мэдээллийн эх сурвалжгүй байснаас тухайн үедээ Өмнөдийн нууц Коммунист намтай хамтарч ажилладаг байсан Пак Хон Ёны үгэнд үнэмшихээс аргагүй байв. Тэрбээр үнэхээр будилсан уу, эсвэл эрх мэдлийн төлөөх тэмцлийн үүднээс Ким Ир Сенээс илүү өөрт нь дайн хэрэгтэй байснаас Сталинд зориуд ташаа мэдээлэл өгсөн үү гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Өмнөд Солонгосын к о м м у н и с т у удын хүчтэй дэмжлэгтэйгээр амжилт олсон тохиолдолд Пак Хон Ён нэгдсэн Солонгосын удирдагч болох горьдлого илүүтэй байжээ. Сүүлд хэлмэгдсэн нь ч чухам үүнтэй холбоотой байсан байж болох.

Зөрчил тэмцэлд АНУ зайлшгүй оролцож буйг тэр үед Москва үнэхээр мэдээгүй гэж үү гэх асуулт одоо зүй ёсоор гарч ирж байгаа юм. Тэгэхдээ 1950 онд үйл явдал ийн өрнөхийг зүй ёсны гэж үздэггүй байлаа. Тэр цагт Грек, Баруун Берлин, Иран гээд “халуун цэг” манай гариг дээр цөөнгүй байсан ч Солонгос нь Вашингтоны хувьд чухал чиглэл байв. Тагнуулын төв газрын тайланд “зөнөг” хэмээн нэрлэдэг байсан Ли Сын Манд АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумен тун талтай ханддагийг нь Сталин мэддэг байлаа. Сунжирсан иргэний дайн Хятадад нэг жилийн өмнө дуусаж, Америкийн эртний холбоотон Чан Кайши сэхэшгүйгээр ялагдахад Вашингтон түүнд тусалсангүй. Коммунизмын эсрэг хийрхэл ид гаарч байсан Америкийн дотоод байдлыг харгалзаж үзээгүйгээрээ Сталин алдсан байлаа. Трумен коммунизмыг тууштай эцэргүүцэгч байсан ч Сенатын гишүүн Маккарти болон БНН-ын нэртэй улстөрчдийн нөлөөгөөр бараг л бууж өгөгч гэсэн нэр зүүгээд байв. Ийм нөхцөлд Москвад цохилт өгөхийг Цагаан ордон нэр төрийн хэрэг хэмээн үзэж, эс ингэвэл Сталин бүхий л чиглэлээр хайр найргүй довтолно гэсэн шийдэлд хүрсэн байна.

1950 оны зургадугаар сарын 25- нд Умард Солонгосын цэрэг 38 дугаар зэргэдээр Сөүл рүү хөдөллөө. Өмнөдийн арми үүнд олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй тарж зугтав. Дөрөв хоноход Умардын цэрэг тухайн үед Ли Сын Маны Засгийн газар эзэнгүй орхичихоод байсан Сөүлийг бараг буу дуугаргалгүй эзэлж авав. Амжилтаа лавшруулахын оронд Умардын арми энд бүх нийтийн бослого дэгдэхийг хүлээн долоо хоног назгайрчээ. Энэ зөрчилдөөнд шууд оролцохоо АНУ түдгэлзэж, дэмжлэг хүсэн НҮБ-д хандахад нь Солонгос руу цэрэг илгээх шийдвэр гаргаж орхив. Тэр үед хориг тавих эрхтэй байсан ЗХУ ийм шийдвэр гаргуулахгүй байж яагаад чадсангүй вэ? Үүнийг одоо дипломат бодлогын ноцтой алдаа байсан гэж үзэж буй ч Солонгос руу НҮБ-ын цэргийг илгээх шийдвэр гаргаж урдын бүх шийдвэрийн үйлчлэлийг зогсоосон Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд НҮБ дахь ЗХУ-ын төлөөлөгч суугаагүй аж. Үүний шалтгаан нь Аюулгүйн зөвлөл дэх Хятадын төлөөлөгчийн суудал дээр Мао Цэдуны биш, иргэний дайнд ялагдсан Чан Кайшигийн дэглэмийн төлөөлөл суучихсан байсан гэдэг.

Солонгосын хямрал нь НҮБ-ын хувьд анхны томоохон сорилт болсон байна. НҮБ-ын өмнө байсан Үндэсний Лиг эцэст нь дэлхийн II дайнд хүргэсэн Япон, Итали, Германы түрэмгийллийг зогсоож чадаагүй гашуун туршлагыг бүгд санагалзан энэ удаад өнгөрсөн алдааг давталгүй шинэ түрэмгийлэлд хатуухан хориг тавихаар шийджээ. Солонгосын зөрчлийг нэг нутаг дэвсгэрт өрсөлдөж буй хоёр засаг захиргааны хоорондын иргэний дайн гэж Кремль үзэж байсан ч энэ нь Өмнөдийн ихэнх дипломатчдад 1938 онд Австрийг Германд хүчээр нэгтгэсэн үйл явдалтай тун төстэй санагдаад байв.

Солонгосын дайны явцыг ханын цагны дүүжингийн хөдөлгөөнтэй зүйрлэж болмоор байсан байдаг. Эхлээд умардынхан нь өмнөдийнхөө нутаг дэвсгэрийн бараг 90 хувийг эзэлчихээд Ли Сын Маны Засгийн газрын мэдэлд эрэг орчмын алга дарам газар үлдсэн байна. Эхний үед яах учраа олохгүй, Өмнөд Солонгосын армитай үйл ажиллагаагаа уялдуулж чадахгүй байснаас америкчууд Умард Солонгосын цэрэгт ялагдсан аж. Умард Солонгосын цэрэг Америкийн генерал Уильям Динийн командалсан явган цэргийн 24 дүгээр дивизийг нь бут цохиж, өөрийг нь олзлон авсан байна. Гэвч 80 хувь нь Америкийн цэргээс бүрдсэн НҮБ-ын хүчин удалгүй агаар, усанд илт илүүрхээд иржээ. Есдүгээр сард Сөүлийг эргүүлэн авч, бүх фронтоор сөрөг давшилтад оров. Эхлээд америкчууд умардынхныг буцаан хөөж, 38 дугаар зэргэдийг нь давуулахаар төлөвлөж байснаа Ли Сын Маны нөлөөнд автан, амжилтдаа толгой нь эргээд Солонгосын хойгийг бүхэлд нь коммунистуудаас чөлөөлөхөөр шийджээ. Ингээд 1950 оны аравдугаар сард Умард Солонгос бараг бүхэлдээ өмнөдийнхөн хийгээд америкчуудын мэдэлд орж, туйлдаж ядарсан цэргүүд нь Хятадын хил рүү шахагдсан байна.

Тиймээс Ким Ир Сений дэглэмийг аврахын тулд Москва, Бээжин хоёр хэрэг явдалд хөндлөнгөөс шууд оролцохоос аргагүй боллоо. Тэгэхдээ америкчуудыг ингээд зогсолгүй цааш ахих вий хэмээн болгоомжилж байлаа. Үнэхээр ч НҮБ-ын цэргийг командалж байсан Америкийн генерал Дуглас Макартур цөмийн зэвсэг хэрэглэн дайныг Сибирь, Манжуурын нутаг дэвсгэр дээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан аж. Ингээд Хятад “ардын сайн дурынхны” 140 дивизээ (нэг сая гаруй хүн) хөрш улс руугаа илгээж, ЗХУ сөнөөгч онгоцны 66 дугаар корпусаараа Умард Солонгосын армийг дуулиан чимээгүйхэн хүч нэмэгдүүлэв.

1951 оны нэгдүгээр сард Умард Солонгосын арми Сөүлийг буцаан авчээ. Энэ удаад Хятадын цэргүүдтэй хүч хавсарсан бөгөөд байлдаанд тэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Генерал Макартур ихээхэн бажгадаж ЗХУ, Хятадын нутагт атомын бөмбөг хаяхыг Ерөнхийлөгч Труменээсээ шаардаж байлаа. Эцэст нь эрхээ хэтрүүлж, Вашингтон руу ташаа мэдээлэл зориуд явуулж байсан зоргоороо энэ генералаа огцруулахыг илүүд үзсэн байна. 1951 оны хавар НҮБ-ын цэрэг сөрөг довтолгоонд орж, зун болоход фронтын шугам 38 дугаар зэргэдтэй зэрэгцэж ирэв. Нөхцөл байдал мухардалд орсон нь ойлгомжтой болсон тул талууд энхийн хэлэлцээр хийж эхлэхээс өөр гарцгүй болжээ.

Сталин нас барснаар дайныг зогсоох боломжтой болсон гэж үздэг хүмүүс бий. Вашингтонд эрх мэдэл өөр хүний гарт шилжиж Гарри Трумений суудалд Дуайт Эйзенхауэр ирсэн нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж ч зарим нь үздэг. Коммунистуудыг бүрэн бут цохих хүртэл дайныг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж Ли Сын Ман үзэж байснаас 1953 оны долдугаар сард энхийн тухай хэлэлцээрт Өмнөд Солонгосын төлөөлөгчид гарын үсэг зурсангүй. Тийм учраас БНСУ одоо хэр нь БНАСАУ-тай дайны байдалд байгаа юм.

Солонгосын дайн олон хүний амийг сүйтгэж, энгийн номхон иргэдэд их зовлон тарьснаараа төдийгүй тус орны хуваагдлыг эцэслэн бэхжүүлснээрээ эмгэнэлтэй үр дүнтэй гэж үзэж болно. Энэ хуваагдал одоо хэр нь хэвээр байна. Умард, Өмнөдийн аль алинд нь нэг хүний хатуу дэглэм удаан тогтсон. Өмнөд Солонгосын нийгэм улс төрийн амьдралыг ардчилах үйл явц дөнгөж 1980- аад оны эцсээр л эхэлсэн. Түүнээс өмнө эрх мэдэл үндсэндээ дарангуйлагчдын гарт байсан. Умардад Кимүүдийн дэглэм оршсор байна. Дайн дууссаны дараа хоёр Солонгос одооныхоосоо яг эсрэг байдалтай байсан нь сонирхол татдаг. Удмард Солонгос нь тэр үед эрчимтэй хөгжиж буй тэргүүний улс байсан бол Өмнөд Солонгос аллага хядлага, авлигад идэгдсэн тааруухан газар байлаа. Нэг хүнд ногдох орлого нь Нигерийнхээс бага, төсвийн орлогын хагасаас илүүг нь Америкийн тусламж бүрдүүлж байв. Пак Чон Хигийн хэрэгжүүлсэн өөрчлөлтийн ачаар л 1970-аад оны эхээр Умардыгаа гүйцэж түрүүлсэн юм.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД