АСАДАД олдож буй АЯТАЙ БОЛОМЖ

2015 оны 10 сарын 02

Серегичевийн үзэж буйгаар зэвсэг, агаараас эсэргүүцэн хамгаалах цогцолбор төхөөрөмжөө Башар Асадад нууж хаалгүй өгч буй нь Сирид онгоц нисэхийг хориглосон бүс бий болгох гэсэн Туркийн төлөвлөгөөг таслах, Сирийн дэглэмийг устгахыг Орос тэвчихгүй гэдгээ Өрнөдөд харуулах хоёр зорилготой бололтой.

Сирийн цэргийн бааз, нисэх онгоцны буудал дээр байгаа Оросын байлдааны техникийн зургийг хиймэл дагуулаас аваад Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээж буй нь сүүлийн үеийн сонин хачин явдлын нэг болж байх шиг байна. “Сирийн зөрчилдөөнд оросууд ил шулуун оролцохоор шийдлээ гэж үү”.

Путинтэй нүүр нүүрээрээ уулзаж, Ойрхи Дорнодын байдлыг ярилцахыг чухалд үзэн Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Москвад яаралтай давхиж ирсэн нь энэ асуудлыг сонирхох хүслийг бүр ч өдөөж орхив.

Башар Асадад тусалдгаа Орос хэзээ ч нууж байгаагүй юм. Сири дэх дайн 2011 онд эхэлж, Ерөнхийлөгчийг нь дэмжиж буй дайчдад зэвсэг, байлдааны хэрэгсэл хүргэх “Сирийн хурдан галт тэрэг” нэртэй ажиллагаа дараа жилээс нь эхэлсэн юм. Дэглэмийнх нь хоногийн тоо гүйцэж байна уу гэмээр болж байх яг тэр үед үзүүлсэн Оросын дэмжлэг Асадыг эрх мэдэлтэйгээ үлдэх боломж олгов. Одоо байдал чухам ямар байна вэ гэвэл энэ “хурдан галт тэргэнд” чингэлэг нэмж залгахаар Москва шийдээд байна.

Улс төр судлаач Сергей Серегичевийн үзэж буйгаар Орос цэргээ Сири рүү оруулах гэж буй нь Ойрхи Дорнодод түүний баримталж ирсэн бодлогынх нь үргэлжлэл аж. “Онгоцууд ийшээ нисэн ирж буй нь Сирийн талтай урьд нь байгуулсан гэрээний дагуу хийж буй ажил. Зүй нь бол техник хэрэгслийг бид хэдэн жилийн өмнө нийлүүлэх ёстой байж.

Асадын байдал одоо тун эгзэгтэй болсноос Сири рүү онгоцуудаа аль болох хурдан нисгэх шийдвэрийг манай Ерөнхийлөгчийн захиргаанаас гаргалаа” хэмээн тэрбээр ярьсан байна. Тэгэхдээ Оросын цэргийн алба хаагчид байлдааны ажиллагаанд нь оролцохгүй гэдэгт энэ шинжээч итгэлтэй байна. Сири рүү Оросын цэргийн зааварлагч, зөвлөхүүдийг л илгээж буй юм. Тэд зөвлөгөө өгч, Дамаскийг тагнуулын мэдээгээр хангах үүрэг хүлээх аж.

Судлаач профессор Федор Лукьянов түүнтэй санал нэг байна. “Орос улс энэ зөрчилдөөн дэх оролцооныхоо дараагийн шат руу шилжихээр шийдлээ. Сирийн удирдлагыг дэмжсэн дөрвөн жил хагасын хугацаанд Москва ширүүн шүүмжлүүлж ирсэн. Оросыг алсын хараагүй, мэргэжлийн бус хандаж байна гэж зэмлэж байсан.

Хоёр гурван жилийн өмнө бол Асадын дэглэмийг одоохон унана, түүнийг дэмжих нь учир утгагүй, ялагдал хүлээхийн нэмэр гэж үзэж байв. Тийм биш болохыг амьдрал харуулж байна. Одоо бол “Исламын улс” бүлэглэлийн хийж буй давшилтаас үүдээд энэ бүс нутгийн байдал тун аюултай болсон тул Асадад нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагатай боллоо гэсэн дүгнэлт Москва хийлээ” хэмээн Лукьянов үзэж байна.

Оросын хуягт техник бүхий хүч нэмэгдүүлсэн нэг рот тэнгисийн цэргийн баазыг нь хамгаалахаар Сирийн Тартус гэдэг

хотод очоод буй. Сири рүү танк, их бууны төхөөрөмжүүд зөөж байна. Цахим болон фото хальсанд буулгасан дүрснүүдээс үзвэл тэдгээр дотор зэвсгийн шинэ төрлүүд байгаа нь анзаарагдана. Дашрамд хэлэхэд холбоотондоо туслангаа шинэ техникийг байлдааны нөхцөлд туршиж, дутагдал доголдлыг мэдэж авах нь Оросын цэргийнхний хувьд бодлого, зорилгоо шийдвэрлэх нэг боломж юм.

Серегичевийн үзэж буйгаар зэвсэг, агаараас эсэргүүцэн хамгаалах цогцолбор төхөөрөмжөө Башар Асадад нууж хаалгүй өгч буй нь Сирид онгоц нисэхийг хориглосон бүс бий болгох гэсэн Туркийн төлөвлөгөөг таслах, Сирийн дэглэмийг устгахыг Орос тэвчихгүй гэдгээ Өрнөдөд харуулах хоёр зорилготой бололтой.

Түүнчлэн Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах байлдааны чадавхийг сэргээж, улмаар хүчирхэгжүүлэх тохиролцоо Москва, Дамаск хоёрын хооронд байхыг Серегичев үгүйсгэхгүй байна. Сирийн агаарын хамгаалалтыг бэхжүүлэхдээ, эдний агаарын орон зайг хяналтдаа авах гэж Америк, Туркийн аль нэг нь оролдвол хатуухан цохилт хүлээнэ гэдгийг Орос ойлгуулж байгаа юм.

Сирийн зөрчлийг цэрэг, зэвсгийн хүчээр шийдэхгүй, иргэний дайныг зогсоож, нэгдсэн фронт байгуулж, “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд хүчээ хуримтлуулах хэрэгтэйг Вашингтон, Анкара, Эр-Рияд, Дохад ойлгуулахын тулд Орос энд хуримтлуулж буй хүч чадлаа нэмэгдүүлээд байж болохыг энэ шинжээч бас үгүйсгэхгүй байна.

Энэ бүхэнд Вашингтон янз бүрээр хандаж буй. Оросын зэвсгээр хангагдсан Сирийн арми зөвхөн “Исламын улс”-ын эсрэг тэмцлээр хязгаарлахгүй Туркэд Америкийн цэргийн бааз дээр бэлтгэл хийж буй сөрөг хүчний дайчдад цохилт өгнө гэж Цагаан ордныхон сэжиглэж байгаа юм. Асадад зэвсэг техникийн тусламж үзүүлэхэд саад хийх гэсэн Вашингтоны оролдлого бүтэлгүйтсээр ирэв. Болгар агаарын замаа хайсан ч тэднийхээс зүүнтээгүүр Иран, Иракаар дамжих агаарын зам нээгдлээ.

Оросын зорчигч тээврийн болон байлдааны онгоцуудад агаарын орон зайгаа ашиглуулахаа болихыг Багдадаас өнгөрсөн сарын 5-нд америкчууд хүсэхэд Иракийн удирдлага үгийг нь анхааралтай гэгч нь сонсчихоод хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан байдаг. Мөнөөх Лукьяновын үзэж буйгаар бол болж буй үйл явдалд Вашингтон нэлээд самгардсан янзтай байгаа аж.

Түүнд нэгдсэн, тууштай байр суурь алга байна. Нэг талаас Оросыг хууль бус, гэмт үйлдэлтэй дэглэмийг дэмжиж байна гэж урьдын адил үзсээр. Тэгэхдээ өнгөрсөн хугацаанд байдал өөрчлөгдсөнийг Цагаан ордон ойлголгүй яах вэ. Тиймээс “Оросууд эрсдэл хүлээе гэж байгаа бол хүлээг. Тэдний зөв ч байж болох юм” гэсэн дуу хоолой тэндээс сонсогдох болж байна. “Исламын улс”-ын үйлдэл хэний ч талархал хүлээхгүй учраас Москваг нүүрэн дээрээ Вашингтон шүүмжилж буй ч урьд нь байгаагүй өнгө аяс түүнээс давхар сонсогдоод байна гэж хэлж болохоор байгаа юм.

Зарим мэдээллээс үзвэл Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус (Иран)-ын бие бүрэлдэхүүний хагас нь Сирид байлдаж яваа юм байна. Ираны хувьд Асадын дэглэм тогтож байх нь бусад улсаас илүү ач холбогдолтой. Дамаск дахь шийтийн Засгийн газар уначихвал суннитийн дээдэстэй тэрсэлдэж буй Тегеран ноцтой ялагдал хүлээж буй нь тэр. Тийм болохоор лалын энэ БНУ Асадыг Оросоос илүү шургуу, шийдвэртэй дэмжих учиртай.

Тиймээс Иранд ямар ч дарамт шахалт үзүүллээ гэсэн Дамаскад үзүүлж буй тусламжаа зогсоохгүйг нь АНУ сайн мэдэж байж таарна. Түүнээс гадна эмх замбараагүй байдалд дарагдсан Ойрхи Дорнод дундаа Иран тогтвортой байдлын голомт болж харагдаж байгааг ч америкчууд ойлгож байгаа нь мэдээж. Энэ нь тэднийг гадаад бодлогын чиг шугамаа өөрчилж, эртний холбоотон Саудын Арабтайгаа хэлхээ холбоогоо сулруулж, Тегерантай харилцаагаа цэгцлэхээс аргагүйд хүргэж буй юм.

Ираны атомын хөтөлбөрийн асуудлаар хийсэн түүхэн тохиролцоо нь түүний тодорхой нотолгоо мөн. Сири дэх Ираны ашиг сонирхлыг Вашингтон хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Тэгвэл ХАМАС юм уу “Хебболла”-д Иран зэвсэг өгвөл АНУ цөмийн зэвсгийн талаарх хэлэлцээрээсээ татгалзах уу. Мэдээж үгүй. “Цөмийн хөтөлбөрийн талаарх тохиролцоо нь Ойрхи Дорнод дахь “том тоглоомонд” оролцох талсалбар гэдгийг Иран ойлголгүй яах вэ” хэмээн Английн шинжээч Майкл Стивенс тайлбарласан байна.

Сирид болж буй үйл явдал Ойрхи Дорнод дахь Америкийн нэг уламжлалт түнш Израилийн сэтгэлийг бас ихээхэн зовоож байна. Энэ болгоомжлолоо Путиний сонорт хүргэх гэж л Беньямин Нетаньяху Москвад очсон юм шүү дээ. Яриа хэлэлцээр эхлэхээс өмнө тэрбээр хэвлэлийнхэнтэй нүүр учрахдаа “Манай хойд хил дээр байдал ноцтой болсноос л би энд ирээд байгаа юм.

Лалын тэрс үзэлт алан хядагч “Хезболла” хэмээх байгууллагыг Иран, Сири улс орчин үеийн зэвсгээр хангаад байна. Үүний зэрэгцээ Сирийн армийн дэмжлэгтэйгээр Голаны өндөрлөг дээр бидний эсрэг алан хядагчдын хоёр дахь фронт бий болгохыг Иран эрмэлзэж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Хоёрдугаар фронд нээхээс өмнө төрт улсаа хадгалж үлдэх нь Сири, түүний армид илүү чухал байгаа. Тус бүс нутаг дахь Москвагийн үйл ажиллагаа ямагт хариуцлагатай байж ирсэн, цаашид ч хэвээр байх болно хэмээн Владимир Путин хэлж Нетаньяхугийн сэтгэлийг амраасан.

Сергей Серегичевийн хэлснээс үзвэл Асадад дэмжлэг үзүүлэх далимд Ираныг Орос зэвсэглэж эхэлж магадгүй байна. Лалын энэ БНУ-ын армийн дайчид сайн бэлтгэгдсэн, сэтгэл санаа их өндөр байгаа ч зэвсэг нь сүрхий хуучирсан аж. Гэвч Оросын шинэ зэвсэг “Хезболла”-гийн гарт орох боломж байгаа, үүнд израильчуудын сэтгэл ихээхэн түгшиж буй тул иранчуудад зэвсэг нийлүүлэхээ бид түдгэлзээд байгаа гэж Лукьянов тэмдэглэв.

Бидэнд өчигдөр олдсон мэдээллээр бол Оросын зүгээс Сирид үзүүлж буй энэ тусламж нь тэдний зэвсэгт хүчин давшилтад орох үеийн л түр зуурын арга хэмжээ юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ийн мэдэгджээ. Сирийн армийн давшилт хэдий хүртэл үргэлжлэхийг тэрбээр тодруулсангүй. 

Р.ЖАРГАЛАНТ

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД