Ядуурал, өлсгөлөнгөөс 15 жилийн дараа салгана

2015 оны 09 сарын 27

Ирэх 15 жилд ядуурал, өлсгөлөнг бүрэн устгаж, нийгмийн тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, бүх нийтээр боловсролтой болох нөхцөлийг хангахаа НҮБ-ын гишүүн орнууд амлалаа. 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн олон арван сайд оролцож НҮБ-ын төв байранд хийсэн дээд хэмжээний уулзалтаар тогтвортой хөгжлийн 17 зорилт  тодорхойлсон баримт бичиг гаргав. Түүнчлэн НҮБ-ын гишүүн орнууд үйлдвэрлэл, хэрэглээний тогтвортой загвар нэвтрүүлэх, цаг уурын өөрчлөлт түүний үр дагавартай тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах, далай, тэнгисийн нөөцийг үр ашигтай зарцуулах, хуурай газрын эко тогтолцоог хадгалж, сэргээх, төрийн хариуцлагатай байдлыг хангаж, үнэний шүүхийг иргэдэд хүртээлтэй болгох, тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлийг идэвхтэй болгохоор төлөвлөж буй аж. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын явцыг жилд дөрвөн удаа Ерөнхий ассамблейн ивээл дор дээд түвшинд хэлэлцэж байх юм байна. Шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхэд жилд 3.3-4.5 их наяд ам.доллар шаардагдах гэнэ.