Германд цөмийн бөмбөг байрлуулахгүй

2015 оны 09 сарын 24

Германд энэ онд Америкийн атомын В61-12 хэмээх цэнэгт хошууг байрлуулах талаар яриа хөөрөө хийгээгүй гэж АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын хэвлэлийн албаны орлогч дарга Шелли Лавер мэдээлэв. Энэхүү В61-12-ыг олноор нь үйлдвэрлэх ажил 2020 оны санхүүгийн жилээс наана эхлэхгүй гэдгийг тэрбээр тодруулсан байна. Тиймээс 2016 онд уг зэвсгийг Европт байрлуулах талаар хэвлэлд мэдээлсэн нь ташаа зүйл байх нь. ХБНГУ-ын Агаарын цэргийн хүчний “Торнадо” онгоц ашиглаж болох сайжруулсан цөмийн бөмбөг В61-12-ыг Европт байрлуулахаар АНУ төлөвлөж байгаа гэх мэдээг Германы ZDF телевиз бас цацсан аж.Цөмийн зэвсгийг Европт байрлуулбал хариу алхам хийхээ Кремль амлав. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албаны даргын хэлснээс үзвэл Америк  хэрэв ийм алхам хийвэл Европт стратегийн харьцаа алдагдах тул түүнийг тэнцвэржүүлэх үүднээс Оросын зүгээс холбогдох арга хэмжээ авахаас аргагүйд хүрэх аж.