“ХМТ-НЫ АЖИЛТНЫГ АЛЖ БОЛНО, ХУДАЛДАН АВЧ БОЛОХГҮЙ”

2015 оны 09 сарын 22

Зүүн гар талаас Жон Эдгар Гувер, Клайд Толсон

Жон Эдгар Гуверийг 50 шахам жил АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны захирлаар ажиллахад нь их хямрал, Рузвельтийн өөрчлөлт, Дэлхийн II дайн, Солонгос, Вьетнамын дайн, “хорон санааны” эзэнт улстай хийсэн тэмцэл гээд ер юу эс тохиолдсон гэх вэ. Гуверийн тухайд АНУ-д одоо хэр нь ширүүн маргаж байдаг юм.

Түүнийг үндэсний баатар, ардчиллын бэлгэ тэмдэг, болор шиг цэвэр тунгалаг, аливаа нөлөөнд үл автагч хүн гэж үздэг хүмүүс байхад там гээчийг жинхэнэ утгаар нь бий болгогч, аймшигтай хүн, алуурчин, өдөөн хатгагч гэж бодож явдаг нь ч цөөнгүй. ХМТ-ны захирлаар ажиллах дээд хугацааг 10 жил байхаар сүүлд тогтоосон нь Эдгар Гувертэй холбоотой байв.

Жон Эдгар Гувер 1895 оны нэгдүгээр сарын 1-нд чинээлэг бус гэр бүлд төрсөн байна. Эцэг нь жижиг түшмэл, ээж нь гэрийн ажилтай байв. Эдгар коллеж төгсөөгүй байхдаа л Конгрессын номын санд ажилд орж, хажуугаар нь Жорж Вашингтоны их сургуулийн хуулийн ангид оройгоор сурч байлаа. Авга ахынхаа дэмжлэгээр Хууль зүйн яаманд цэргийн албанаас зайлсхийсэн хүмүүсийн асуудал эрхэлдэг хэлтэст албан хаагчаар ажиллах болжээ.

Улмаар Гувер албан тушаалын шатаар хурдан ахиж эхлэх нь тэр. Энэ нь чухам юунаас болсон, хувь тавилан уу, ид шид байв уу, авьяас нь гэнэт цооров уу, нууц ивээн тэтгэгч гараад ирэв үү. Намтар бичигчид нь энэ талаар одоо хэр нь маргалдсаар байдаг аж. Нэг жил өнгөрөхөд Гувер ерөнхий прокурорын туслах болсноо Хууль зүйн яамны Ерөнхий тагнуулын хэлтсийг удирдах болов.

Тун удалгүй тэрбээр Америкийн радикал үзэлт сэжиг бүхий 150 мянган хүний лавлах бий болгоотохов. Түүний хүчин зүтгэлээр Америкийн 200 гаруй эрэлхэг хувьсгалч “Баффорд” хөлгөөр 1919 оны арванхоёрдугаар сард ЗХУ руу зугтаж ирсэн юм. Харамсалтай нь тэдний олонхийг хожим нь буудан хороосон. 1924 онд залуухан Гуверийг Ерөнхийлөгч Калвин Кулиж ХМТ-ны даргаар томиллоо. Гувер энэ албыг 1972 онд 77-тойдоо нас барах хүртлээ хашсан гэдэг.

Түүний мэдэлд 650 ажилтан ирэв. Тухайн үед ердөө л мафийнхан, дээрэмчдийн орон байсан Америкийн хувьд энэ бол даанч чамлалттай хүч юм. Тэр цагт хууль сахиулагч хэнийг ч, түүгээр ч барахгүй мужийн амбан захирагч, Конгрессын гишүүдийг ч худалдан авч болох байв. Бүхнийг мафи удирдаж байлаа. НьюЙоркод Ирландын, өөр хаана ч юм бэ Еврейн, Италийн гэх мэтээр зохион байгуулалттай гэмт хэргийнхэн хяналт тогтоосон байлаа.

Гэмт хэргийг бүрмөсөн байхгүй болгох боломжгүйг Гувер ойлгож байсан тул ярвигтай хэрнээ нөлөө бүхий тактик хэрэглэж, дээрмийн бүлгүүдийн хооронд яс хаях аргыг сонгож авчээ. Гэмт хэргийн ертөнцөд алдар нэр нь түгж байсан Жон Диллинжер, “сайхан” Флойд, “хоншоор” Нельсон гээд үйлддэг гэмт хэргээрээ Америкийг тэр аяар нь гайхашруулж байсан зартай дээрэмчид тун удалгүй амь үрэгдэв.

Цагаан даавуун костюм, торгон цамц өмсөж, эрвээхэй зангиа зүүчихээд гартаа буу барьчихсан… Гувер томоохон луйварчин, дээрэмчдийг хэрхэн баривчилж байсан гэж бодно. ХМТ-г Гувер маш богино хугацаанд асар хүчирхэг, авлигаас бараг ангид бүтэц болгон хувиргаж дөнгөсөн юм. Тэрбээр гэмт хэрэг илрүүлэх шинжлэх ухааны ололтод онцгой анхааралтай хандаж, ХМТ-ны дэргэд гайхалтай сайн лаборатори бий болгож, тэнд нь шилдэг мэргэжилтнүүд ажилладаг байв. Дэлхийн II дайны үед тус товчооны ажилтнуудын тоо 13 мянгад хүрчээ.

Америкт явуулж буй хорлон сүйтгэх үйл ажиллагаа, ялангуяа фашизм, коммунизмыг мөрдөж шалгах үүргийг Ерөнхийлөгч Франклин Рузвельт 1936 онд Гуверт өгөв. Энэ даалгаврыг хэрхэн биелүүлснийг дайны туршид Америкийн нутаг дэвсгэр дээр германчууд, япончуудын аль нь ч тагнуулын сүлжээ бий болгож чадаагүй явдал гэрчилнэ. Өндөр дээд албан тушаалтнуудын талаар мэдээлэл цуглуулахдаа Гувер гарамгай байлаа.


Үүндээ мэдээж хууль бус арга хэрэглэнэ. ХМТны захирал хүний яриаг нууцаар сонссоныг нэг удаа илрүүлж байсан гэдэг. Тэгэхэд Ерөнхийлөгч Рузвельт Гуверийн дал мөрийг алгадаад “Эдгар, чамайг өмдөө шувталчихсан байхыг чинь анх удаа илрүүлжээ дээ” гэсхийгээд өнгөрсөн гэсэн. Гуверийн гадаад төрх байдал тийм ч аятайхан биш. Египетийн занданшуулсан шарилыг санагдуулам. Нүүр царай нь бух мэт, дөрвөлжин эрүүтэй, гар, хөл нь богинохон, зайдас шиг.

Тэгсэн хэрнээ гэдэс нь том, дөчин настайдаа 100 гаруй кг жинтэй байжээ. Тэглээ ч ХМТ-ны захирал үе үе эелдэг зан гаргана, сайхан хувцаслана, сэтгэл татам инээвхийлнэ. Маш сайн ойтой, цаг гойд баримтална. Танил нөхдөдөө аливаа баяраар яг зохих цагт нь заавал мэнд уламжилна. Тоглох даажигнах маш дуртай, тэр нь дандаа хөнгөн наадам зугаа төдий байхгүй нь цөөнгүй. Нэг удаа найз нөхдийнх нь нэгний төрсөн өдөр болоход Гувер хотын бүх дүүрэгт хөдөлгөөн хориглох шийдвэр гаргаснаар ресторанд захиалсан оройн хоолыг зооглох эзэд нь очиж чадаагүй аж.

Өөрөөр хэлбэл, Гуверийн найз нь төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй гэсэн үг. Гувер байгууллагынхаа ажилтнуудад маш халамжтай ханддаг байв. Хэн нэг нь шархдаж гэмтээд эмнэлэгт хүргэгдвэл заавал өөрийн биеэр эргэж очно. Түүнийг ХМТ-г удирдаж байх хугацаанд 49 ажилтан нь амиа алдсан байна. Гувер тэгэхдээ эвлэрэнгүй ханддаггүй байжээ. Тухайлбал, ажилтнуудаа өрөөндөө тамхи татах нь битгий хэл, кофе уухыг ч зөвшөөрдөггүй байсан аж.

“Ажил дээрээ кофе уумаар санагдаад байвал даруй эндээс яваарай, кофе сайтай газруудын нэрийг би өөрт чинь өгнө” гэж хэлдэг байж. Гувер байгууллагадаа ажиллах хүмүүсийг сонгож авахдаа баримталдаг зарчмаа “ХМТны ажилтныг алж болно, харин худалдаж авч болохгүй” гэж нэгэнтээ томъёолж байсан аж. Тэрбээр ажил дээрээ ямагт 09.00 цагт ирнэ. Машинаа нэлээд зайтай газар тавиад явган алхана.

Нарийн бичгийн дарга, хатагтай Генди рүүгээ эелдэг мөртөө хүйтэн инээвхийлнэ. Энэ эмэгтэй Гуверийн үүдний өрөөнд 40 жил суусан, түүнд ухаангүй хайртай байсан ч үүнийгээ хэзээ ч илэрхийлж байгаагүй юм гэдэг. ХМТ-ны захирал өөрийн тагнуулчдаа эмэгтэй хүний хувцас өмсөхийг шаардаж, ийн хувцаслаад албан үүргээ гүйцэтгэхийг хүсдэг байжээ. Өмсөх хувцсыг нь өөрөө сонгож өгөөд, үс, хумсаа хэрхэн янзлахыг зааж өгч байсан тохиолдол ч бий аж. Шаардлагыг нь эсэргүүцсэн хүнийг хатуу шийтгэнэ.

Цэнхэр нүдтэй, нуруулаг аятайхан швед эр Берт Хоргсон 1935 онд захирлынхаа анхааралд өртөж, түүнийг өрөөндөө дуудаж уулзаад эмэгтэй хүний хувцас, өндөр өсгийтэй ботинк өмсөж, хиймэл үс хийж, ажлаа хийж байхыг шаардсан байна. Сүүлд нь Хоргсон буцаад эрэгтэй хүн болохыг нэг бус удаа хүссэн ч Гувер эрс татгалзжээ. Түүгээр ч барахгүй швед эрийн төрсний гэрчилгээнд засвар хийж Берт гэх нэрийг нь Беттина гэх “эмэгтэй” нэрээр солиулсан байна. Хөөрхий Берт бараг 90 жил амьдраад өөд болохдоо “эмэгтэй” хэвээр байсан гэдэг.

Гуверийг ижил хүйстнээ сонирхдог гэх яриа 1950-иад онд тархжээ. Үнэндээ тэрбээр эхнэргүй, дотно эмэгтэй хүнгүй байсан аж. Түүний орлогч, эртний анд Клайд Толсоныг нууц амраг нь гэлцдэг байж. “Гэмт хэргийн суу заль”, “Америкийн мафийн удирдагчдын тэргүүн”, “Лас Вегасын хаан”, “Загалмайлсан эцгүүдийн эцэг” хэмээн цоллодог зард гарсан Меир Лански гэгчийг торны цаана үүрд суулгахаар Гувер шийдсэн нь үүлгүй байхад тэнгэр дуугарахтай адил явдал болов.

Ланскийг ХМТ шил даран мөрдөн мөшгиж, утсаар ярихыг нь сонсож, байнга нэгжлэг хийж байлаа. Түүнийг баривчилж, цахилгаан сандалд суулгах цаг хаяанд ирээд байв. Тэгтэл эмэгтэй хүний хувцас өмссөн Клайд Толсонтой Гувер нууц байранд энгэр зөрүүлж байхад нь бичлэг хийж авах ажлыг Лански зохион байгуулжээ.

Тэгээд ХМТ өөрт нь амар заяа үзүүлэхгүй бол уг бичлэгийг телевизээр дамжуулна хэмээн Гуверт дуулгасан байна. Хүссэнээ хий, шоронд суулгахдаа л суулгана гэж Гувер хариулсан аж. Лански нэлээд бодож байснаа Израиль руу зугтав. Бичлэгээ хэвлэл, мэдээллийнхэнд өгсөнгүй. Гувер болохоор Клайд Толсонтойгоо хамт амарч, хоол ундаа хамт идэж уусаар байсан төдийгүй гэр орон, эд хөрөнгөө түүнд гэрээслэн үлдээсэн байна. Тэдний хооронд бие, сэтгэлийн тун дотно холбоо үнэхээр байсан аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД