Киев сүүл мушгиж байна

2015 оны 09 сарын 21

Амьдралын өртгийн хувьд Киев хот дэлхийд сүүл мушгиж явна. Швейцарийн UBS банкнаас хийсэн судалгаагаар энд айл өрхийн сарын зардал 1237 ам.доллар байгаа бөгөөд байр хөлсөлсний 540 ам.доллар үүн дээр нэмэгдэнэ.

Амьдралын өртөг өндрөөрөө Швейцарийн Цюрих хот дэлхийд толгой цохиж, нэг өрх сард дунджаар 3600 ам.доллар зарцуулж байна. Энэ үзүүлэлт 3500 ам.доллар байгаа Женев хот хоёрт ордог аж. Нью-Йоркийн нэг айлын зардал 3340 ам.доллар гэнэ. Тэгэхдээ үүнд сууц түрээслэх өртөг ороогүй юм. Үүнийг оруулбал 4320 ам.доллар гэсэн үзүүлэлтээр Цюрихийг Нью-Йорк “ялна”. Тэгэхдээ өртөг хамгийн өндөртэй болон хамгийн багатай хотод оршин суугчдын цалингийн хэмжээ гэж тун чухал юм бий. Тэгвэл Цюрихд амьдардаг хүн татвараасаа гадна цагт дунджаар 41 ам.доллар авдаг нь Киевийнхээс 21 дахин их байна гэсэн үг аж.