Япон улс зэвсэгт хүчинтэй байх эрх зүйтэй боллоо

2015 оны 09 сарын 20

Зэвсэгт хүчин нь хилийн чанадад байлдааны ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн хуулийг Японы парламентын Дээд танхим энэ сарын 19-нд батлав. Энэ хуулийг Доод танхим нь долдугаар сард санал хураагаад дэмжчихсэн болохоор уг баримт бичиг ийнхүү хүчин төгөлдөр болж буй юм. Энэ хууль “хүмүүсийнхээ амгалан тайван амьд­ралыг хамгаалж, зэвсэгт зөрчилдөөнийг зог­сооход зайлшгүй чухал” гэж Ерөнхий сайд Шинзо Абэ үзсэн байна. Энэ хуулийн агуулгыг нийгэмд сайн тайлбарлаж ойлгуулахаар төлөвлөж байна гэж тэрбээр мэдэгдэв. Тус хуульд зааснаар бол Японы өөрийгөө хамгаалах хүч (арми) -ийг ту­хайн улс довтолгоонд өртөөгүй байсан ч най­рам­далт орнуудаа хамтын хүчээр хамгаалах хүрээнд хэрэглэж болох аж.

Аль нэг улсад гаргасан зөрчил Япон улсын оршин тогтнол, түүний ард түмний амьд­рал, эрх чөлөөнд аюул учруулахаар байвал армийн хүчийг хамгийн цомхон хэлбэрээр  ч түү­ний эсрэг ашиглаж болох юм байна. Гэтэл энэ хуулийг эсэргүүцэж буйгаа иргэд Пар­ламентын ордны дэргэд илэрхийлэв. Тэд эн­хийг эрхэмлэсэн Үндсэн хуулийг энэ хууль зөрчиж байна гэж үзэж байлаа. 70 жил амгалан байсны хойно дайны үйл ажиллагаа өдөөж ч магадгүй боллоо гэж жагсагчид хэлж байлаа. Тэгвэл Ерөнхий сайд Абэ нь Хятадаас учруулж болзошгүй аюулд Япон улс бэлтгэж байхын зэрэгцээ энхийг сахиулах ажиллагаанд хүчин чармайлт гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Гадаадын түрэмгийллээс Токиогийн холбоотнуудыг хамгаалахыг Өөрийгөө хам­гаалах хүчин (Японы арми)-д зөвшөөрсөн заалт Үндсэн хуульд оруулахыг Японы Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сард дэмжихэд Бээжин, Сөүл буруушааж, Вашингтон сайшаасан билээ.Дэлхийн II дайны төгсгөлд Япон ялагдсаны дараа Вашингтоны шахалтаар Токио дайныг эсэргүүцсэн  Үндсэн хуультай болж олон улсын маргаантай асуудлыг зохицуулах арга хэрэгслийн нь хувьд дайнаас тус улс татгалзахаас аргагүйд хүрсэн юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа Хятадын учруулах аюул занал нэмэгдсээр байгаагаас Япон улс Үндсэн хуулиа эргэж харж эхэлсэн билээ.