“Танд гүнээ талархсан ЭДГАР ГУВЕР”

2015 оны 09 сарын 18

Рок-н-роллын хаан гэгдэж асан Элвис Пресли Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны эрхэлдэг ажлыг ихэд сонирхож, мэдээлэгч нь болохыг хүсдэг байв. Тэгээд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсонтой уулзахдаа Жон Ленноныг улсаасаа хөөхийг шаардаж байжээ.

Тэрбээр хэтэрхий гэмээр эх оронч нэгэн байсан болоод тэр биз, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг нь дэмжиж Лос-Анжелесийн цагдаагийн байгууллагад 7000 доллар хандивлаж, Вьетнамын дайнаас эргэж ирсэн цэргүүдэд мөнгө өгч, цэрэгт шинээр татагдагсдад дуугаа дуулж өгдөг байлаа.

Үүнээс нь ч болсон уу ХМТ түүний талаар баялаг лавлах материалтай болсон байжээ. Ерөнхийлөгч Никсоны хийгээд ХМТ-ны архиваас олон түмэнд ил болгосон мэдээллээс үзвэл Элвис Пресли коммунист суртал нэвтрүүлэг, тусгай албадын ажлыг судалж, Америкийн поп соёлын салбар дахь нууц төлөөлөгч болж, чөлөөт сэтгэгчдийн талаар тусгай албадад мэдээлж байхыг хүсдэг байсан аж.

Калифорни муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн, БНН-ын Жорж Мерфитэй Элвис Пресли онгоцонд нэг удаа хамт явснаас бүх юм эхэлсэн байна. Тэр хоёр улс орондоо тохиолдож буй явдлын талаар ихээхэн яриа өрнүүлжээ. 1960-аад оны эцэс, 1970-аад оны эхээр байдал тайван бус, зүүний радикал үзэлт оюутнууд, энхийн төлөө тэмцэгчид хаа сайгүй хяналт тавьсан үе байв.

Оюутнуудад ажил олдохгүйгээс Францад сэдэгдсэн хувьсгал бүх нийтийн бослого тэмцэл болж, 10 сая хүнийг хамрах боллоо. Улс төрийн хямралын улмаас энд Засгийн газраа сольж, Ерөнхийлөгч Шарль де Голль нь огцорчээ. Энэ бүхэн Америкийн эх орноо гэх сэтгэлтэй иргэд, улстөрчид, тусгай албаныхны сэтгэлийг хөндүүрлүүлэхгүй байж яахин чадах билээ.

Тахал мэт тархаж, Америкийн залууст буруу нөлөө үзүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Вьетнамтай Америк амаргүй дайн хийж, Камбож руу цэргээ оруулснаас хойш оюутнуудын эсэргүүцэл хэзээ ч байгаагүйгээр газар авч байсныг ч хэлэх үү. Зүүний радикаль үзэлт африк гаралтай америкчуудын “Хар ирвэс” хөдөлгөөн хүчээ авч, хар арьстнуудын эрхийн асуудлыг шаргуу тавих болж байв.

Дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн эхний үед зөөлөн аядуу байснаа эрх баригчид хайхрахгүй болохоор нь ширүүсэх ч янзтай. 1970 оны тавдугаар сарын 4-нд Огайо муж улсын үндэсний гвардийн цэргүүд оюутнууд руу гал нээж дөрвөн хүний амь хохироосон цуст үйл явдал ч болж өнгөрөв. Залуучуудын, тэр дундаа эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцоогүй хоёр ч хүний цус урссан нь Ерөнхийлөгч Ричард Никсоны чансааг унагааж орхилоо.

Хэдэн сарын дараа Ерөнхийлөгч цэргүүдээ Камбожоос гаргаж, Вьетнам дахь байлдааныг зогсоов. Улс орных нь байдал Преслигийн сэтгэлийг шаналгана. Түүний яриаг сонсож байснаа сенатч Мерфи шууд Ерөнхийлөгчид хандахыг зөвлөв. Хөгжимчин залуу Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлсэн захидлыг онгоцон дотор тэр дор нь бичээд намтраасаа товч өгүүлжээ. Захидлаа Вашингтонд өөрийн биеэр хүргэж өгөөд хурандаа Жон Берроуз нэрээр зочид буудалд байрлан хариу хүлээжээ.

Ерөнхийлөгч, дуучин хоёр 1970 оны арванхоёрдугаар сарын 21-нд уулзлаа. Үүнийг гэрчлэх хэд хэдэн зураг үлдсэн байдаг. Энэ уулзалтын талаар хэвлэлүүд мэдээлсэн нь хомс. Никсоны бодлогыг дуучин дэмждэг хийгээд Ерөнхийлөгч түүнд тэмдэг бэлэглэсэн гэх төдийгөөс хэтэрсэнгүй. Элвис Пресли тэмдэг цуглуулдгийг Ерөнхийлөгч нь мэддэг байсан юм болов уу. “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, юуны урьд өөрийгөө танилцуулъя. Намайг Элвис Пресли гэдэг.

Таны бодлогыг ихэд дэмждэг, Засгийн газартаа гүн хүндэтгэлтэй ханддаг. Гурван долоо хоногийн өмнө би Дэд Ерөнхийлөгч Эгньютэй ярилцахдаа улс орныхоо хувь заяаны төлөө сэтгэл зовж явдгаа түүнд ярьсан юм. Би эх орондоо хайртай. Тийм болохоор улс орноо хямралаас гаргахын тулд өөрийн тус нэмрийг хүргэхэд би бэлэн байна. Надад алдар цол, албан тушаал хэрэггүй. Намайг зүгээр ХМТны ажилтан болгочихвол үр ашигтай ажиллаж чадна.

Би нас насны, нийгмийн олон давхаргын хүмүүстэй танил болохоор аль ч шугамаар ажиллах боломжтой. Би жүжигчин, түүгээрээ л үлдэх хүсэлтэй ч надад улсынхаа хэмжээнд эдлэх бүрэн эрх дарх хэрэгтэй байна. Түүнийг олж авах хүртлээ би энд (Вашингтонд, зочид буудалд гэсэн хэрэг болов уу) байх болно. Мансууруулах бодистой холбоотой хэрэг явдал хийгээд “тархи угаах” коммунистуудын аргыг би сайн судалсан.

Нууцыг чандлан сахих зарчмаар ямар ч асуудлаар туслахад бэлэн” гэж Элвис Пресли захидалдаа бичжээ. Преслитэй уулзуулах бэлтгэл ажлыг Никсоны туслах Дуайт Чапин, Эгил Бад Крог нар хариуцаж байжээ. Крог өөрөө Преслитэй урьдчилан уулзаад дуучны эх оронч байдалд сэтгэл нь ихэд хөдөлсөн аж. Гэвч хамтран ажиллах тухай саналд тусгаснаас нь үзвэл Преслийг захидалдаа бичсэнээс нь шал өөрөөр ашиглахыг хүсэж байжээ. Ашгийн бус байгууллагад мансуурах явдалтай хийх тэмцэлд нь зөвлөхөөр ажиллах, энэ асуудлаар телевизээр ярих, мансуурагчдын эсрэг агуулгатай цомог бичүүлэх зэргийг түүнд санал болгосон байна.

Рок-н-роллын хаан ийм юм огт хүсээгүй аж. Уулзалтад байлцсан Бад Крог хөтөлсөн тэмдэглэлдээ “Дуулахад хамаг учир байгаа юм биш гэдгээ Пресли давтан хэллээ. Тэрбээр тайзан дээр гараад зүгээр л ярих юм бол сонсогчдод олигтой нөлөөлөхгүй гэж хэлсэн нь телевизээр ухуулга хийхийг санал болгосонд нь өгсөн хариулт гэж бодогдлоо.

Өөрийг нь буруу ойлгочихлоо хэмээн тааварласан Пресли довтолгоонд орохоор шийдэж, “Битлз” АНУ-д ирээд мөнгө олоод Англи руугаа буцаж очоод Америкийн эсрэг сэдвээ үргэлжлүүлсэн” хэмээн хэлэв. Ерөнхийлөгч түүний хэлснийг зөвшөөрч байна гэж ойлгогдохоор толгойгоо дохисон ч нэлээд гайхсан нь илт. Тэгээд Америкийн эсрэг үйл ажиллагаанд мансуурагчид тэргүүлэх үүрэгтэй байна. Хүчирхийлэл, мансууруулах бодис хэрэглэх, өөрөөр сэтгэх, эсэргүүцэх энэ бүхэн л залуусын толгойг эргүүлж байна” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Итгэж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсний дараа Пресли түүнийг тэвэрч авчээ. 1970 оны арванхоёрдугаар сарын 31-нд Пресли ХМТ-нд очжээ. Тэгэхэд Товчооны дарга нь байгаагүй ч Элвисийн сэтгэл ихээхэн хөдөлсөн байна. Энэ тухай тэндхийн нэг ажилтан дарга Эдгар Гувертээ илтгэхдээ “Ноён Гуверийг эртнээс хүндэлж явдгаа, түүний бичсэн “Хуурах мастер”, “Коммунизмыг судалсан нь”, “Эдгар Гувар коммунизмын тухай” гэдэг номуудыг нь уншсанаа Пресли хэллээ.

Түүний бодлоор хэн ч хэзээ ч улс орныхоо төлөө ноён Гувер шиг ихийг хийгээгүй байх гэж боддогоо тэмдэглээд, ХМТ-ны захирлыг “Амьд байгаа аугаа америк хүмүүсийн нэг нь” гэж үздэгээ илэрхийлж, урт үс, этгээд хувцас өмсдөг нь ердөө л бизнесийнх нь ов мэх гэдгийг Пресли хүлээн зөвшөөрсөн гэсэн байдаг.

Тэрбээр ХМТ-ны ажилтнуудтай ярилцахдаа дахиад л “Битлз” рүү дайрч давшилжээ. Тэгээд зогсохгүй дайныг эсэргүүцдэг, социалист үзэл бодолтойгоороо олонд танил болсон жүжигчин Жейн Фонд, дуучин, хошин шогч Ричард, Томас Смазерс нарт анхаарал хандуулахыг ХМТ-нд санал болгосон байна.

Дотоодод ч, гадаадад ч шоу бизнесийн хүрээний хүмүүс өөрт нь байнга ханддаг ч тэдний зорилго, үндэслэл нь АНУ-ын эрх ашгийн эсрэг чиглэж байдгийг, нэр хүндийг нь өөрсдийн эргэлзээтэй үйл ажиллагаанд ашиглах гэж хичээдгийг хэлээд энэ бүхнийг захиралдаа уламжилж өгөхийг хичээнгүйлэн хүссэн байна. Преслийг Ерөнхийлөгчтэй уулзахаас өмнө хийгээд хойно ХМТ-ны ажилтнууд түүнд хэрхэн хандаж байсан нь сонин.

Уулзалтаас өмнө тэд “Пресли бол Ерөнхийлөгчтэй уулзаж байх хүмүүсийн нэг биш. Мөрөө хүрсэн урт үстэй, эгдүү хүрэм хачин хувцастай. “Вашингтон пост” сонинд нийтлэгдсэн зураг нь түүний биеэ авч буй байдал, хувцасны нь хэв маягийг бэлхнээ харуулна” гэж бичиж байсан бол уузалтынх нь дараа мөнөөх Жонс “Улс орондоо тулгараад байгаа олон асуудлыг ойлгож ухаарсан, илэн далангүй яриа хөөрөөтэй залуу юм гэх бодлыг Пресли үнэхээр төрүүллээ.

Шоу бизнест түүний эзэлдэг байр суурь, захирал болон товчооны талаарх түүний тун аятайхан бодол, бидэнд туслах гэсэн эрмэлзэл, түүнчлэн гавьяа зүтгэлийг нь Худалдаа, аж үйлдвэрийн танхим Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрснийг харгалзан захирлын нэрээр түүнд захидал бичихийг санал болгож байна” хэмээн бичсэн байх юм. Гувер ч сэтгэл хангалуун үлдсэн нь илт. Тэрбээр 1971 оны нэгдүгээр сарын 4-нд Элвис Преслид “хурандаа Берроуз” гэсэн нэрээр захидал бичлээ.

“Таныг манай товчоонд ирэх үед чинь уулзаж чадаагүйдээ хүлцэл өчье. Манайд ирсэн нь танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хамтарч ажиллах гэсэн таны саналыг бид байнга санаж явах болно. Танд талархсан Эдгар Гувер” гэж түүнд өгүүлсэн байлаа. ХМТ-той Элвис Пресли хамтарч ажилласныг нотлох баримт хэн хүнд олдохоор байхгүй ч Эдгар Гувер шиг шилдэг мэргэжилтэн “гар, хөл чинь болъё” гэсэн дуучны хүсэлтийг ашиглалгүй өнгөрнө гэдэг нүгэл.

ХМТ-нд байгаа Жон Ленноны хувийн мэдээллээс үзэхэд Элвис хэлсэн хэлээгүй “Битлз”-ийн тухай бараг бүх юмыг, түүний дотор Жон Леннон “ургамал” хэрэглэдэг, хэн түүнд үүнийг олж өгдөг байсныг ч Гувер мэддэг байсан нь илт. Преслигийн тухайд ч энэ мэт мэдээлэл ХМТ-нд байж л байв. Сэтгүүлч, хөгжмийн зүтгэлтэн Крис Хатчинс “Daily Mail” сонинд бичихдээ “Жон Ленноны нэрийг сонсох бүртээ Элвис галзуурах шахдаг байсныг түүний дотны нөхөр нэрт дуучин Том Жонс дурсахдаа “Энэ нь дайныг эсэргүүцдэг үзэлтэй нь холбоотой.

Пресли ХМТ-ны захирал Эдгар Гувертэй холбоотой байж, Ленноныг АНУ-аас зайлуулахыг хүсдэг байсан гэж хэлсэн байдаг” хэмээн дурдсан буй. Ленноны хувьд ХМТ хэрхэн ажиллаж буй талаар Жонстой ярилцсан тухайгаа Пресли “Түүнийг (Ленноныг) аль хэдийнэ хөөсөн байх ёстой гэж би түүнд хэлсэн” гэсэн байдаг.

Жон Леннон удалгүй “Битлз” хамтлагаасаа гарч Йоко Оногийнхоо хамт АНУ-д амьдрахаар ирээд улс төрд хөл тавьж, дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцох болсон юм. Леннон гэргийтэйгээ 1971 оноос Нью-Йоркт амьдарсан ч түүнийг Америкт суурьших зөвшөөрөл өгөөгүй аж. Йоко Оно нь ийм зөвшөөрөл 1973 онд олж авсан байна. Леннон таван жил хөөцөлдөж байж уг зөвшөөрлийг олж авчээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД