Трампын нэр хүнд нам дотроо өндөр байна

2015 оны 09 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй тэрбумтан Дональд Трамп “Дэлхийн мисс”, “АНУ-ын мисс” тэмцээнүүдийг зохион байгуулах эрхтэй  “Miss universe organization”-ыг худалджээ. Америкийн Сонгуулийн комисст тэрбумтны өгсөн баримтаас үзвэл энэ наймаа 5-25 сая ам.доллараар хэмжигдэх бололтой.“Дэлхийн мисс” тэмцээний явцыг 190 оронд шууд дамжуулж, 500 сая орчим хүн үздэг аж.

Дүрвэгсдийн талаар тэрбумтны хэлсэн эрс хатуу үгнээс шалтгаалж “Дэлхийн мисс”-ийг дамжуулахаас телевизийн NBC суваг татгалзсан учраас хамтран эзэм­шиг­чийн хувьд өөрт нь ногдох хувийг зарахаар Трамп шийдсэн байна. Тэрбээр “The celebrity apprentice” хэмээх нэрд гарсан шоуг  хөтлөхөө больж энэ үүргийг жүжигчин Арнольд Шварценеггер хүлээх аж.Хууль бусаар Америкт орогнож байхдаа гаргасан хүүхдэд нь Америкийн иргэншил олгодгоо өөрчлөх, тэднийг бүгдийг нь буцааж байхыг Трамп санал болгож буй юм. Дүрвэгсдийн дүрээр гэмт хэрэгтнүүд Мексикээс Америкт орж ирэх болсон гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байв. Тэрбумтны хийсэн хэд хэдэн мэдэгдэл сонгуулийн өмнөх ажилд нь сөргөөр нөлөөлнө гэж зарим  шинжээч үзэж буй ч БНН-аас нэр дэвшихээр төлөвлөж буй хүмүүс дотроо  түүний нэр хүнд өндөр байсаар байгаа гэнэ.