Оросын далбаатай онгоцыг саатуулжээ

2015 оны 09 сарын 17

Нефть дамлан зарах гэсний улмаас Оросын хөлөг онгоцны багийнхныг Ливийн Зуара гэдэг боомт дээр саатуулсаныг энэ сарын 16-нд Ройтер агентлаг мэдээллээ. Тус хөлөг онгоц Оросын далбаа мандуулсан байжээ. Хөлгийн баг 11 хүнтэй байв. Энэ явдлын талаар Ливийн Засгийн газар ч, Оросын Гадаад хэргийн яам ч албан ёсоор тайлбар хийгээгүй байна. 2011 онд Муаммар Каддафигийн дэглэмийг унагаснаас хойш Ливид хоёр Засгийн газар оршин тогтнож буй бөгөөд ардчилсан сонгуулиар төвхнөж, дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн гүйцэтгэх засаглал нь Тобрук хотод, лалынх нь Триполид үйл ажиллагаа явуулж байгаа юм.