Унгарын эрх баригчдыг Сербийн Ерөнхий сайд зэмлэв

2015 оны 09 сарын 17

Сербтэй залгаа хил дээрээ Унгарын цагдаа нар дүрвэгчидтэй “мөргөлдөж”, 29-ийг нь баривчилсны нэг нь алан хядагч байв гэж Унгарын Ерөнхий сайдын зөвлөх мэдэгдлээ. Тэгвэл дүрвэгчдэд хатуу ширүүн, “европ” бусаар хандлаа гэж Унгарын эрх баригчдыг Сербийн Ерөнхий сайд Александр Вучич зэмлээд, хил дээр үүсээд буй эмх замбараагүй явдалд хариу арга хэмжээ авахыг Европын холбоонд уриалсан байна.

Брюсселийн зүгээс үүнд хайхрамжгүй хандвал хилээ хамгаалах аргыг Белград олох болно гэж тэрбээр бас онцолсон аж. Дайн дажны хөлөөс дайжиж яваа хүмүүст хүмүүнлэгийн үүднээс хандахыг НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх Дээд комиссар Антонио Гутеррес Унгарын эрх баригчдад уриалсан байна.Энэ сарын 16-нд Сербтэй залгаа хил дээр дүрвэгсэдтэй “мөргөлдөх” үедээ Унгарын цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглахад дүрвэгсэд хариуд нь чулуугаар шиджээ.Үүнд 20 цагдаа, хоёр хүүхэд өртсөн аж.