ДЭЛХИЙН ЭЭЛЖИТ ИХ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2015 оны 09 сарын 17

НҮБ үүсэн байгуулагдсанаас хойших хамгийн их ачаалалтай гэгдэж буй Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод эхэлснийг ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, тус чуулганы даргаар зургадугаар сард сонгогдсон Данийн дипломатч Могенс Люккетофт нар мягмар гаригт зарлав. Үүний өмнөхөн 69 дүгээр чуулганы сүүлчийн хуралдаан болсон юм.

Өнгөрсөн 12 сарын хугацаанд Ерөнхий ассамблейн гишүүн 193 орон олон асуудал хэлэлцэж, 300 орчим тогтоол шийдвэр гаргажээ. Тэдгээрээс дэлхийн II дайн дууссаны хийгээд бүх дэлхийн байгууллага (НҮБ) үүссэний 70 жилийн ойг тэмдэглэх тухай ОХУын санаачилсан 69/267 дугаар тогтоолыг нэлээд ач холбогдолтой нь гэж үзэж болно.

Тэгвэл энх тайван, аюулгүй байдлыг дэмжих, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, алан хядах ажиллагаа, арьсны өнгөөр ялгаварлах, гадуурхахын эсрэг тэмцэх, хүрээлэн буй орчноо хамгаалах, улс орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг сахих, хүний эрхийг хамгаалах, дээдлэх боломжийг хангах зэрэг сэдвийг хамарсан 170 асуудлыг энэ 70 дугаар чуулганаар хэлэлцэх нь.

Түүнчлэн Аюулгүйн зөвлөлийг өөрчлөн байгуулахтай холбоотой асуудал бас ярих юм. 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Бан Ги Мүний бүрэн эрх 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах бөгөөд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй тул шинэ ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн кампани нэг жилийн турш үргэлжилнэ. Энэ сонгуулийн явцыг тунгалаг байлгах талаар Ерөнхий ассамблей есдүгээр сарын 11-нд тогтоол баталсан билээ.

Одоогийн байдлаар энэ албан тушаалд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд ЮНЕСКО-гийн гүйцэтгэх захирал Ирина Бокова, Хөгжлийн хөтөлбөрийн одоогийн удирдагч Хелен Кларк, Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет, Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте болон Данийн Ерөнхий сайд асан Хелле Торнинг-Шмидт нар орж буй аж. Уламжлал ёсоор чуулган нээгдсэнээс хойш нэг долоо хоноод улс төрийн ерөнхий санал, шүүмжлэл эхлэх бөгөөд энэ үед НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид ямар ч асуудлаар байр сууриа илэрхийлж болдог.

Тэгэхдээ энэ удаа санал, шүүмжлэлийг арай хойшлуулж, хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг өмнө нь оруулж есдүгээр сарын 25-27-нд хийхээр төлөвлөж буй юм байна. Дээд хэмжээний уулзалт эхэлсэн энэ өдөр Ромын хамба лам Франциск НҮБ-ын төв байранд зочлох бөгөөд сүүлийн 20 жилд ийм үйл явдал тохиож байсангүй. Төр, засгийн тэргүүнүүдээс уламжлал ёсоор Бразилийн Ерөнхийлөгч эхэлж үг хэлнэ.

Түүний араас НҮБ-ын төв байр байдаг орны Төрийн тэргүүний хувьд Барак Обама босно. Дараа нь Польш, Хятад, Иорданийн удирдагчид үг хэлэх бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нэр зургаад буюу Өмнөд Солонгос, Ираны төр, засгийн тэргүүний өмнө байгаа юм байна. Дашрамд хэлэхэд В.Путин 2000, 2003, 2005 онуудад Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлж байжээ. 2009 онд ОХУ-ын төлөөлөгчдийг тухайн үедээ Төрийн тэргүүн байсан Дмитрий Медведев тэргүүлжээ.

Дашрамд, Америкийн империализмын нүүр царайг илчилж Никита Хрущев, Фидель Кастро нарын хэлсэн үг түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг аж. Ясир Арафат 1972 онд төрийн зүтгэлтэн болоогүй байхдаа нүдэндээ нарны шил хийж, ташаандаа гар бууны гэр зүүж, гартаа чидун жимсний навч барьж, гарч ирж үг хэлээд их улс төрд хөл тавих замаа эхлүүлж байсан гэдэг. Саяхны явдлыг нэхэн санавал Уго Чавес, Махмуд Ахмадинежад нарын гал цогтой үгийг нэхэн санаж болох бөгөөд тэд Бушийг анхлан “чөтгөр шулам” “дарангуйлагч” хэмээн нэрлэж байжээ. Улс болгонд ярих юм байдаг.

Одоогийн чуулганы хэлэлцэхээр төлөвлөсөн байдлаас ажихад ОХУ-д тавьсан хориг, Украины хямрал гээд сэтгэл зовоосон асуудал олон байна. Мальвины (Фолклендийн) арлын статусын асуудал Аргентиний санааг зовоож, Куба ч тавьсан хоригт сэтгэл дундуур, Азербайжан Уулын Карабахынхаа байдалд сэтгэл нь түгшиж, Коморын арлынхан Майотт арлынхаа асуудлыг шийдүүлчихийг хүссэн байдаг нь илт. Товчхондоо Ерөнхий ассамблейн индэр бол улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд дэлхий дахинд чухал анхаарал татам сэдвээр мэдээлэл өгөх, асуудал хөндөх хамгийн тохиромжтой газар юм.

Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд дээд хэмжээний уулзалт хийхийг АНУ санаачилжээ. Түүний санаачилгаар бас нэг чухал арга хэмжээ болох нь алан хядах ажиллагаатай холбоотой асуудлаар хийх дээд түвшний уулзалт юм. Энэ сарын 30-нд Аюулгүйн зөвлөлд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих, Ойрхи Дорнод, Умард Африк дахь зөрчлийг зохицуулах, тус бүс нутагт алан хядах аюул заналтай тэмцэх тухай асуудлаар сайд нарын түвшинд мэтгэлцээн болно.

Энэ арга хэмжээг Орос улс даргалан зохион байгуулна. Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу НҮБ-д ажиглагчийн статустай Палестинийн төрийн далбааг энэ сарыг дуустал НҮБ-ын төв байрны дэргэд мандуулах юм. Гэхдээ НҮБ-д Палестин бүрэн эрхт гишүүн нь болох цаг хэзээ вэ гэдэг одоогоор бүрхэг байгаа. Ерөнхий ассамблей бол НҮБ-ын зөвлөлдөх гол байгууллага нь.

НҮБ бий болсноос нэг жилийн дараа 1946 онд түүний бүрэлдэхүүнд 51 улс байсан бол одоо 193 орон гишүүн нь болоод буй. Хамгийн сүүлд 2011 онд Өмнөд Судан элссэн байдаг.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД