Дүрвэгсэд осолджээ

2015 оны 09 сарын 14

Эгейн тэнгист шуурга болсноос дүрвэгчдийг зөөж байсан завь хөмөрч 34 хүний амь үрэгджээ. Эргийн хамгаалалтын албаныхан 68 хүн аварч, 29 хүн бусдын туслалцаагүйгээр эрэг дээр гарч чадсан байна. Энэ осол Грекийн нутагт хамаардаг Фармакониси арлын дэргэд тохиожээ. Завь хөмрөхөд шуурганаас гадна, даацаа хэтрүүлсэн байсан нь нөлөөлсөн аж.

2015 оны эхний найман сард Грек рүү 230 мянган дүрвэгч ирсэн байна. Европ тив рүү ирэгсдийн тоо 500 мянга шахжээ. Одоо нүүрлээд буй дүрвэгсдийн хямрал Дэлхийн II дайнаас хойших хугацаанд томоохонд орно гэж Еврокомисс мэдэгдэв.Дүрвэгсэд олноор орж ирж буй Австритай залгаа хил дээрээ Герман улс түр хугацаагаар хяналт тогтоов. Энэ нь мэдээж дүрвэгсдийн урсгалыг хязгаарлаж, тус улс руу нэвтрэх явдлыг цэгцлэх зорилготой арга хэмжээ аж.

Дүрвэгсэд хаана аж төрөхөө өөрсдөө дураараа сонгохыг бид зөвшөөрөхгүй гэж Дотоод хэргийн сайд Томас де Мезьер хэлсэн байна.Өнгөрсөн ням гаригийн орой Австриас ирж буй галт тэрэгний хөдөлгөөнийг Германы эрх баригчид нэг хоног зогсоосон аж.