“Нормандын дөрвөл”-ийн орнуудын удирдагчид Парист уулзана

2015 оны 09 сарын 13

Украины байдлыг зохицуулах асууд­лаарх “Нормандын дөр­вөл” (Орос, Украин, Гер­ман, Франц)-ийн Гадаад хэргийн сайд на­рын яриа хөөрөө Берлинд өндөр­лөв. Та­лууд Донбассын аюулгүй байд­лын та­лаар ярилцаж, одоо тус бүс нутагт хэ­рэгжиж буй гал зогсоох дэг­лэмийг улам бэхжүүлэх ёстой гэж үзсэн байна. Гурван цаг орчим үргэл­жил­сэн уулзалтын дүнгээр ОХУ-ын Га­даад хэргийн сайд Сергей Лав­ров мэдэгдэхдээ Донбасст гал зогсоох дэглэмийг сайн сахиж байна гэж хэлэлцээнд оролцогсод дүгнэснийг хэлжээ. Журам зөрчсөн ганц нэг то­хиол­дол байгаа ч бүхэлдээ нааштай гэсэн үнэлэлт өгсөн аж. 

Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэ­лэх­дээ уулзалтын явцад санал зөрөл­дөөн урьдынхаасаа бага байсан нь зарим асуудлаар ахиц гарахад нө­лөөлсөн гэж тэмдэглэсэн байна. Ук­раины Гадаад хэргийн сайд Павел Климкин өөрийгөө БНУ гэж тун­хагласан Донецк, Луганскийн хууль ёсны төлөөлөгчидтэй яриа хэлэл­цээ хийхэд бэлэн хэмээн мэ­дэг­дэв. Тэгэхдээ өнгөрсөн оны арван­­нэгдүгээр сарын 2-нд болсон сон­гуулийн үр дүнд гарч ирсэн хү­мүүсийг Донецк, Луганскийг тө­лөөлөх хүмүүс гэж үзвэл ажил хэрэг урагшаа ахихгүй гэж тэр үзэж байлаа. Украинд орон нутгийн сон­гууль аравдугаар сарын 25-нд болохыг тэрбээр сануулжээ.

“Нормандын дөрвөл”-ийн орнуу­дын удирдагч Оросын Ерөнхийлөгч Вла­димир Путин, Францын Ерөн­хийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко на­рын уулзалт Парист аравдугаар сарын 2-нд болох юм. “Дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нар сүүлчийн удаа энэ оны зургадугаар сарын 23-нд уулзсан билээ. 2014 оны зургаду­гаар сард Герман, Орос, Украин, Фран­цын удирдагчид уулзсанаас хойш “Нормандын дөрвөл” гэх бүтэц бий болсон юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД