Египетийн Засгийн газар огцров

2015 оны 09 сарын 13

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Засгийн газраа огцруулж, Сайд нарын шинэ танхим бүрдүүлэхийг Нефтийн аж үйлдвэрийн сайд Шериф Исмаилд үүрэг болгосон байна. ХАА-н сайд Салах Хилял нь авлигын хэрэгт орооцолдон энэ сарын 7-нд баривчлагдсаны улмаас Ерөнхий сайд Ибрагим Махляб өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж хүсэлтээ илэрхийлсэн аж.

Газрын зөвшөөрөл олгосны хариуд Хилялыг хахууль авсан хэмээн буруутгажээ. Олон түмний өмнө хэлсэн үг нь нийгмийн зүгээс шүүмжлэл хүлээсэн тул Хууль зүйн сайд Махфуз Сабер нь тавдугаар сарын 11-нд огцорсон юм. Тэрбээр шүүхийн шүүгч хүн “хөрөнгө чинээтэй, өндөр ёс суртахуунтай гэр бүлд хүмүүжсэн байх ёстой, цэвэрлэгчийн хүүхдүүд мэдэхгүй чадахгүй юмтай тулгарч, сэтгэл санааны хямралд орж болзошгүй тул өөртөө илүү тохирох ажил хайх нь зүйтэй” гэсэн утгатай юм хэлчихсэн аж.

2013 оны долдугаар сард Египетэд цэргийн эргэлт зохион байгуулж, “Лалын ахан дүүс” хэмээх шашны бүлэглэлийн дэмжлэг хүлээж байсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагаасан юм. Тэгээд Абель Фаттах ас-Сисиг 2014 оны зургадугаар сард Ерөнхийлөгчөөр сонгосон. Мурсийг 20 жил шоронд хорих ялыг 2015 оны дөрөвдүгээр сард шүүх гаргасан. Египетэд энэ намар Парламентын сон­гууль хийхээр төлөвлөж буй. Эхний шат нь аравдугаар сарын 18-19-нд, хоёр дахь шат нь арваннэгдүгээр сарын 22-23-нд болох юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД