Английн лейбористууд удирдагчаа сонгожээ

2015 оны 09 сарын 13

Британийн лейбористуудын тэргүү­нээр сөрөг намын жигүүрийн ахмад зүтгэл­тэн Жереми Корбин сонгогдсон байна. 66 настай энэ хүнийг сонгуульд орол­цогсдын 59.5 хувь нь дэмжжээ. Тэр­бээр сонгогдсоныхоо дараа дүрвэгсдэд зориул­сан цуглаан дээр үг хэлжээ. Европын зүүний хүчнүүд Жереми Корбины ялалтад талархалтай хандаж байна. “Корбиныг Анг­лийн лейбористуудын удирдагчаар сон­госон нь эдийн засгийн хатуу бодлогын эс­рэг нийт Европын фронтод ихээхэн урам өгч, ард түмэнд найдвар тө­рүүлсэн үйл явдал боллоо” гэж Грекийн улс төрийн “Сириза” хүчин үзжээ.

 Английн Хөдөлмөрийн сайд байсан Иветт Купер, Энди Бернхэм болон Ерөнхий сайд асан Тони Блэйрийн улс төрийн зал­гамжлагч гэгдэж явсан хатагтай Лиз Кен­далл нар Корбинтой өрсөлдсөн аж. Корбин нь Парламентад олон чухал асуудлаар санал хураахад нэг намынхныхаа эсрэг хандаж байснаараа нэрд гарсан юм. Өөрийн үзэл бодлоор Лейборист намын удирдагч байсан хүмүүсээс илүүтэй “зүүн” хүн. Тэрбээр Карл Марксын үзэл санаа­ны өвд хүндэтгэлтэй ханддаг, “социализм” гэдэг үгийг хэлэхээсээ “зовдоггүй” нэгэн аж. Корбинд итгэл хүлээлгэхгүй байхыг Тони Блэйр уриалсан ч амжилт олсонгүй. Түүнийхээр бол тус нам “гараа дэлгэж, нүдээ аниад доороо хурц цавчим хад чу­луутай ангал руу явж буй гэнэ. Корбин ул­сын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэ­хийн төлөө байгаа бөгөөд энэ нь залуу сонгог­чид хийгээд сүүлийн үед намдаа урам хуга­раад буй социалистуудын талынхны санаанд ихэд нийцэж буй аж.       

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД