ИДҮҮЛСЭН БУТ НОГООРДОГ

2015 оны 09 сарын 13

Колумбын алдарт зохиолч агсан Габриэль Гарсиа Маркесийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) 20 гаруй жилийн турш мөрдөж мөшгиж байсныг гэрчлэх баримт дэлгэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Манай сонин ч үүнийг уншигчиддаа цухас дуулгасан. Олонд ил болгож буй уг материалийг “Вашингтон Пост” сонинд анх нийтэлсэн аж.

Өөрт нь алдар, хүндлэл авчирсан “Зуун жилийн ганцаардал”, “Хурандаад хэн ч захидал бичдэггүй” романууд болон өөр олон бүтээл туурвисан Нобелийн шагналт Габриэль Гарсиа

“Prensa Latina” агентлагийн сурвалжлагчаар ажиллахаар Нью-Йоркод гэргий, хүүгийнхээ хамт ирээд л ХМТ-ны хараа хяналтад орсон байна. Ер нь бол Габо (түүнийг дотно нөхөд нь ийн дууддаг байсан) 1950 оноос сонин хэвлэлд ажиллаж таван жилийн дараа Европт хөл тавьсан байдаг. Тэрбээр Итали, Франц, Венесуэл, Куба зэрэг олон оронд сурвалжлагчаар сууж байсан юм. 24 жилийн хугацаанд зохиолчийн талаар цуглуулсан мэдээлэл 270 хуудас болжээ. Үүний 137 хуудсыг нь олон түмний сонорт хүргэсэн байна. Зохиолчийн араас яагаад хяналт тавихаар ХМТ шийдсэн талаар мэдээлэл магадгүй чухам одоо хэр нь нууцалсаар байгаа тэр хуудсууд дээр ч байгаа юм билүү.

Гарсиа Маркесийн талаарх мэдээллээс олны сонорт хүргэсэн хэсэгт шүүрч аваад түүнийг буруутгачих, шүүхээр хариуцлагад татчихад ашиглахуйц зүйл огт алга байжээ. Эцэг нь Кубийн хувьсгалчидтай хэлхээ холбоотой байсан нь хардаж сэрдэх шалтгаан болсон болов уу хэмээн хүү Родриго Гарсиа нь таамагладаг юм билээ. Латин Америк болон дэлхийн бусад улс оронд болж буй үйл явдлыг “Prensa Latina” агентлагт Кубийн шинэ эрх баригчдын үзэл хандлагаар мэдээлдэг байсанд эргэлзэх юун. Гэхдээ удалгүй Кубийн радикал үзэлтнүүдтэй санал бодол нийцэхээ больсон тул эцэг нь тус агентлагтай удаан хамтарч ажиллаагүй гэж Родриго Гарсиа ярьсан байдаг.

...Амьдрал нь Америкийн тусгай албадын хараан дор байсан зохиолчид цөөнгүй байсан бөгөөд 1974 онд Буэнос-Айрест анх хэвлэгдмэгцээ Европын гол хэлүүд дээр тэр даруй орчуулагдаж, эзэндээ 1982 онд Нобелийн шагнал авчирсан “Зуун жилийн ганцаардал”-ыг бичсэн хүн тэдний нэг л байсан аж. Жон Стейнбек, Карлос Фуэнтес, Эрнест Хемингуэй болон өөр олон зохиолч ийм хүмүүсийн тоонд орж байсан түүхтэй...

Түүний бодлоор бол эцэг нь “сонгодог коммунист” байсангүй. Гарсиа Маркес зүүний үзэл бодолтойгоо нуудаггүй байсан бөгөөд социализмын орнуудад болж буй үйл явдалд шүүмжлэлтэй хандах нь цөөнгүй байжээ. Гэлээ ч Кубийн удирдагч Фидель Кастротой түүний дотно нөхөрлөл хэвээр байснаас ХМТ түүнийг бүр ч анхааралтай ажиглаж байсан аж. 1990-ээд оны эхээр зохиолч маань Кастро болон АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон нарын хооронд яриа хөөрөө өрнөхөд албан ёсны бус зууч нь болж байсныг нь хүмүүс мэднэ.

Хоёр эрэгтэй хүн өөрийг нь ажиглаад байна уу гэх бодол эцэгт нь 1961 онд ганц удаа л төрснөөс биш зохиолчийн гэр бүлийхэнд ямар нэг хар сэр ер нь байгаагүй гэж Родриго Гарсиа ярьсан байна.

Ил болгосон мэдээллээс үзвэл зохиолчийн амьдралын бүхий л талыг ХМТ сонирхож байжээ. Анхны иргэний үнэмлэх дээр нь алдаж бичсэнээс болж Гарсиа Маркесийн төрсөн огноо буруу болсныг ч Америкийн тусгай алба олж мэдсэн аж.

ХМТ-ны анхны баримтуудад Габриэль Гарсиа Маркесийг таван фут, зургаан дюйм (нэг фут =12 дюйм = 0.3048 м) өндөр, туранхай эр гэж бичсэн байв. “Онцлог” гэсэн асуултад “Сахалтай” хэмээн онцолсон байлаа. Тагнуулчид нь “зохиолч Нью-Йоркод зочид буудалд байрладаг, үүндээ сард 200 ам.доллар төлнө, гэргий, хоёр настай хүүтэйгээ хамт байдаг” гэж мэдээлж байсан аж. Тэдэн дээр зочид ирдэггүй гэж ажиглагчид тэмдэглэсэн Маркс 1961 онд 33 настайдаа мэдээллийн байдаг байна.

Зохиолч англи хэлэнд мууг ХМТ-ны ажилтнууд сүрхий анзаарч байж. Хэлнээс үүдэж тагнуулчид ч өөрсдөө бас алдаа хийж байжээ. Эхний үед Гарсиа Маркесийг баримт бичгүүдэд “Хосе” гэх нэрээр тэмдэглэж байсан аж. Гэтэл Маркес энгийн амьдралдаа өөрийгөө ер нь ингэж нэрлэж байгаагүй гэдэг. Зохиолчийн бүтэн нэр Габриэль Хосе де ля Конкорда Гарсиа Маркес гэх бөгөөд испани хэлтний нэр овог ямар байрлалтай байдаг онцлогийг Америкийн тусгай албаныхан мэдэхгүйгээс будилсан юм байна.


Зохиолчийн өдөр тутмын амьдралын талаарх мэдээлэл ил тод болгосон материал дотор ихээхэн байр суурь эзэлсэн байна. Габриэль Гарсиа Маркесийн талаар мэдээлэл цуглуулж өгдөг хүн ХМТ-нд 10-аас илүүгүй байсан бололтой. Түүнээс гадна ток-шоу дээр зохиолч үг хэлэх, олон нийтэд лекц уншихад нь тагнуулууд бичлэг хийж авдаг, түүгээр ч барахгүй захиалсан юмыг нь авчирч өгч буй хүний дүрээр гэрт нь хэд хэдэн ч удаа орж байсан байх юм. Гарсиагийн талаарх мэдээлэл дотор нь түүний зохиол бүтээлүүдэд нь ХМТ-ны ажилтнуудын бичсэн шүүмж маягийн юм хүртэл байсан нь сонин.

Габриэль Гарсиа Маркесийг Америкийн тусгай албад мөрдөж мөшгиж байжээ гэх мэдээлэл өнөө хүртэл нууц яриа, таамаглал төдийгөөс хэтэрдэггүй байжээ. Зохиолч Мексикт удаан жил аж төрсөн юм. Тэгвэл 1964- 1985 онд тус улсын тусгай албад түүнийг мөн харж, тандаж байсныг эрх баригчид нь 2009 онд хүлээн зөвшөөрчээ. Коммунист дэглэмтэй орнууд, удирдагчидтай нь Гарсиа Маркес хэлхээ холбоотой байснаас тэр аж. Габриэль Гарсиа Маркес 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд 86 настайдаа Мехико хотноо өөд болсон юм.

Амьдрал нь Америкийн тусгай албадын хараан дор байсан зохиолчид цөөнгүй байсан бөгөөд 1974 онд Буэнос-Айрест анх хэвлэгдмэгцээ Европын гол хэлүүд дээр тэр даруй орчуулагдаж, эзэндээ 1982 онд Нобелийн шагнал авчирсан “Зуун жилийн ганцаардал”-ыг бичсэн хүн тэдний нэг л байсан аж. Жон Стейнбек, Карлос Фуэнтес, Эрнест Хемингуэй болон өөр олон зохиолч ийм хүмүүсийн тоонд орж байсан түүхтэй. Хемингуэйн амьдралд Америкийн тусгай албад ул мөрөө чамлахааргүйгээр үлдээсэн юм. Янз бүрийн өвчнөөр шаналж байсан тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд чухамхүү мөрдлөг мөшгилтөөс болж сэтгэлийн хямралд орж байв. Мөрдөж мөшгөөд байгаа хийгээд “цохны” тухай зохиолч яриад байсныг ойр тойрных нь хүмүүс сэтгэхүйн хувьд хэвийн бус болж буйн шинж гэж үздэг байжээ. “Өвгөн, тэнгис хоёр”-ыг бичсэн Хемингуэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж тархины цахилгаан бичлэг хийдэг байж. Үүнийг олон удаа хийснээс Хемингуэй ой санамжаа хэсэгчлэн алдсан байна. Тэгээд бичих чадваргүй болж, сэтгэхүйн эмнэлэгт байхад нь ч мөрдөж мөшгөөд байна гэж тэрбээр хэлээд байдаг байсан гэдэг.

Зохиолч 1961 оны долдугаар сарын 2-нд эмнэлгээс гараад гэртээ өөрийгөө буудаж хороосон юм. Тэрбээр ямар нэг юм бичиж үлдээсэнгүй. Хемингуэйн талаар цуглуулсан мэдээллүүдээ ХМТ олон жилийн дараа ил болгосон бөгөөд түүний хардлага сэрдлэг зөв байсныг энэ бүхэн нотолсон байдаг. Тусгай албад түүнийг амиа хорлох хүртэл нь хяналтдаа байлгаж, эмнэлэгт байхдаа хүмүүстэй ярьсныг нь ч тагнаж чагнаж байсан аж.

Өөрт нь хамгийн их нөлөөлсөн гурван зохиолчийг нэрлэхдээ Эрнест Хэмингуэй хэмээн “аугаа колумб хүн” эхэнд нь хэлээд дараа нь Франц Кафка, Фолкнер хоёрын нэрийг дурдсан байдаг.

Габриэль Гарсиа Маркес Орос оронд талархалтай ханддагаа нуудаггүй байв. Зүүний үзлийг дэмжигч тэрбээр ЗХУ-д нэг бус удаа ирсэн бөгөөд тус улсын нийгмийн байгууллын ололт, дутагдлыг нь ил шулуун хэлж байсан байдаг. Тэрбээр анх 1957 онд Дэлхийн залуучууд, оюутны их наадмаар Москвад хөл тавихдаа 30 настай, хэн ч үл мэдэх жирийн сэтгүүлч байжээ. Харин хоёр дахь удаагаа ирэхдээ хэд хэдэн роман, олон арван өгүүллэг, тууж, тууль биччихсэн нэрт зохиолч болчихсон байв. Сүүлчийн удаа 1987 онд ЗХУ-д ирсэн байдаг. Зөвлөлт тогтолцоо нуран унасны дараа ч Гарсиа Маркес Орост найртай ханддаг, Орос улс ч түүнийг ихэд үнэлж, бичсэн бүтээлүүд нь хамгийн их нэрд гарч байсан аж. “Хамгийн сонирхол татах хүмүүс Орост байдаг гэж би ямагт хэлсээр ирсэн, энэ үгнээсээ хэзээ ч буцахгүй” гэж тэрбээр нэгэнтээ хэлжээ. Хэрэв энэ хүн өнөөдөр амьд байсан бол энэ үг нь ХМТ-ны зүгээс түүнийг мөрдөж мөшгих үндэслэл болох байсанд эргэлзэх юмгүй.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД