Хүн барьцаалж мөнгө нэхэх нь алан хядагчид санхүүжилт олох нэг арга нь

2015 оны 09 сарын 10

Алан хядагч “Исламын улс” бүлэглэл Норвег, Хятадын иргэдийг барьцаалснаа мэдэгдлээ. Шоронгийн хүмүүст өмсгөдөг шаргал өнгийн цамцтай хоёр эрэгтэй хүний зургийг нийтэлж, 48 настай, Осло хотод амьдарч байсан Оле Йохан Гримсгаард-Офстад, 50 настай, Бээжинд оршин сууж асан Фан Цинхуэй нар гарт нь ороод байгааг тус бүлэглэл тодруулсан байна. Тэгээд тэднийг мөнгөөр солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Зургаас үзвэл барьцаанд байгаа хоёрын урд талд “Норвегийн (Хятадын) олзлогдогч, худалдана” гэсэн бичигтэй жижиг самбар байрлуулжээ.Норвегийн Ерөнхий сайд Эрна Сольбергийн хэлснээс үзвэл Сирид иргэн нь барьцаалагдаад байгааг Засгийн газар нь мэдэж байгаа аж.

“Иргэнээ амьд мэнд эргүүлж авчрахын төлөө хүчин чармайлт гаргах болно” гэж тэрбээр хэлсэн байна. Тэгэхдээ Засгийн газар мөнгө төлөхгүй гэж хатагтай Эрна Сольберг нэмж хэлжээ. Алан хядагчдын мөнгө нэхсэн шаардлагыг биелүүлэхийг тэрбээр эсэргүүцэж буй юм.Лалын дайчид гадаадын иргэдийг барьцаалаад  цаазлахыг яаравчилж ирсэн.

Японы сэтгүүлч Харуна Юкавагийн зургийг энэ оны нэгдүгээр сарын 24-нд олон түмэнд харуулчихаад эх орон нэгт Кэнзи Готог нь цаазалж буйг харуулсан бичлэгийг долоо хоногийн дараа цацаж байв. Америкийн иргэн Питер Кэссиг, Английн иргэн Алан Хеннинг, Дэвид Хейнс, хорват үндэстэн Томислав Салопек нарыг эдний алан хядагчид хороосон. Хоёрдугаар сард христос шашинтай хүмүүсийн хэд хэдэн бүлгийг тэд бас цаазалж байсан. Эдний гараас амьд гарсан хүн маш ховор байдаг юм.