ШАН ТАТАГЧ

2015 оны 09 сарын 10

Энэ зургийг 1992 онд авахуулжээ. Дундах нь Ж.Нэргүй

УИХ-ын Тамгын газарт тасралтгүй 25 жил ажиллаж буй хүн “өдрийн од” шиг байдгийн нэг нь Ж.Нэргүй. Тэрбээр одоо УИХ-ын Тамгын газрын “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг эрхлэн гаргаж буй юм. Түүнтэй ярилцав.

-Улсынхаа байнгын ажиллагаатай анхны парламентын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч болно гэдэг ховор тохиолдох завшаан гэж бодогдоод байх юм. Яаж яваад энэ албыг үүрэх болсон бэ?

-Намайг телевизэд ажиллаж байхад Монгол телевизийн дарга байсан Ю.Эрдэнэтуяа “Улсын Бага Хурал (УБХ) байгуулагдаж байна. Б.Чимид гуай энэ байгууллагын хэвлэл, мэдээллийн ажлыг хариуцчих хүн санал болгооч гэсэн. Тэгээд бид чамайг санал болгосон. Судлаад хариу өгнө гэсэн шүү” гэж хэллээ. Удалгүй “Тэр хүнээ яаралтай явуул, ажилд нь оруулмаар байна” гэсний дагуу УБХ-ын орлогч дарга К.Зардыхан, УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид гуай нартай уулзаж, тэд намайг Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч Р.Гончигдоржтой уулзуулж ажилдаа орж байлаа.

Өмнө нь байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага, түүний хэвлэл, мэдээллийн төлөөлөгч гэсэн алба, орон тоо байсангүй. Тиймээс энэ албан тушаалтны эрх үүрэг, хийх ажлын хүрээ, хамрах асуудал юу байх, тэр байтугай орон тооны нэр нь хүртэл тодорхойгүй байж билээ. Б.Чимид гуай “хэвлэл, мэдээллийн итгэмжит төлөөлөгч”, “хэвлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэх үү, эсвэл “хэвлэлийн албаны төлөөлөгч” гэх үү гээд оновчтой нэр олмоор байна гэж хэлж байсан санагдана.

Тэгээд УБХ-ын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар зөвшөөрч гарын үсэг зурснаар миний бие Улсын Бага Хурлын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр томилогдож байв. Тэрхүү гарын үсэг бүхий зөвшөөрөл нь миний хувийн хэрэгт хадгалаастай байдаг.

-Шинэ албаны шинэ ажлаа яг юунаас эхэлж байв даа?

-Байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллагын мэдээллийн асуудлыг нэг хүн хариуцах нь үнэндээ миний санаанд багтахгүй байсан. Шинэ байгууллага, шинэ хамт олон байсан учир таних, мэдэх хүн бараг үгүй. К.Зардыхан, Б.Чимид гуайн өгсөн үүрэг, зөвлөмжийн дагуу ажил үүргийн хуваарь, Бага Хурал, чуулганы үйл ажиллагааг сурталчлах нэгдсэн төлөвлөгөө зэргийг гарган батлуулснаар ажлаа эхлүүлж байлаа.

УБХ-ын даргын албан ёсны анхны уулзалт, түүний гадаадад хийх анхны айлчлалын тухай албан мэдээ бичих, хэвлэлийн бага хурал зарлан зохион байгуулах, албан мэдээгээ сонин хэвлэлд тараах, УБХ-ын удирдлагаар сонин хэвлэлд ярилцлага өгүүлэх, тэднийг мэдээллээр хангах гээд өмнө нь хийж үзээгүй олон асуудалтай тулгарч байсан.

Байр суурь, үзэл бодлын хурц маргаан, мэтгэлцээн, зөвшилцөл дунд хууль тогтоох ажил явж байсныг хүмүүс сайн мэднэ. Зарим хуулийн төслийн зүйл, заалтаар 10 гаруй удаа санал хураах, зөвшилцөлд хүрэхгүй хуралдаан хаяж гарах, санал хураалтад оролцохгүй байх, гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах, түдгэлзэх, УБХ-ыг тараах, Засгийн газарт итгэх, үл итгэх талаар мэдэгдэл хийх тохиолдол ч гарч байлаа.

Тухайлбал, банкны үйл ажиллагааг шалгасан Засгийн газрын ажлын хэсгийн мэдээллийг сонсох хэлэлцүүлэг ширүүхэн болсон. Энэ нь Англи Улсад хоёр тонн алт гаргаж 40 гаруй сая долларын зээл авсантай холбоотой байсан санагдана. Үүнээс зарим нам, хөрөнгийн бирж зэрэгт 2.4 сая долларын зээл олгосон байв.

Алтаа ямар нөхцөлөөр гаргасан, холбогдох комисс дөрвөн сар ажиллаад ямар дүгнэлтэд хүрсэн, комиссын дарга нь энэ асуудлаар яагаад “Ардын эрх” сонинд биш “Үнэн” сонинд ярилцлага өгсөн, ямар ч зөвшөөрөлгүй, хэнээс ч асуулгүйгээр улсын нөөц болох валют, алтыг яагаад барьцаанд өгсөн, улсын банкны гадаад гүйлгээний дансанд яаж, хэн хяналт тавьдаг зэрэг асуултыг УБХ-ын гишүүд тавьж байв.

Энэ хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн, “алт барьцаанд өгсөн том толгойтой хүмүүстэй хариуцлага тооцох”, “диллерийн ажиллагааг зогсоох”-ыг шаардахын зэрэгцээ Засгийн газарт итгэх, үл итгэх асуудлыг тавьж санал хураалт явуулж байсан.

Энэ бүхнийг үнэн бодитой, голыг нь олж, донжийг нь тааруулж олон түмэнд хүргэнэ гэдэг амаргүй байсан. Алдаж онох, үл ойлголцох явдал гардаг байсан. Чуулганы үйл ажиллагааг дэлгэрэнгүй мэдээлэхгүй байна, үнэн бодит мэдээлэл өгөхгүй байна, нэг намын байр сууринаас хандаж байна, сэтгүүлч өөрийн бодол санаа, үнэлэлт дүгнэлтээ өгч байна гэх зэргээр УБХ-ын зарим гишүүн хэвлэлийнхэнд шүүмжлэлтэй ханддаг байв.

Нөгөө талаар чуулган, Байнгын хороон дээр хэлсэн үгийг нь хэвлэж нийтлэхийн өмнө заавал үзүүлж хянуулж, редакторлуулж байх гэсэн зарим гишүүний саналд хэвлэлийнхэн шүүмжлэлтэй ханддаг байсан. Парламентын гишүүд, парламентын сэтгүүлчдийн хооронд үл ойлголцох ийм явдал гардаг байсан ч парламентын сэтгүүлчдийн ажлыг их хүндэтгэдэг, парламентын ардчилал, соёл, ёс зүйг эхнээс нь зөв төлөвшүүлэхэд тэдний гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг гишүүд өндөр үнэлдэг байсан.

Байнгын ажиллагаатай парламентын хамт Монгол Улсад парламентын сэтгүүл зүй зэрэгцэн хөгжиж ирсэн түүхтэй. Энэ мартагдашгүй түүхийг бичилцэж ирсэн олон сэтгүүлч байдгийн дотор одоогийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Төрийн соёрхолт Б.Цэнддоо, соёлын гавьяат зүтгэлтэн И.Рэнчинханд, Л.Гүнсэн, С. Амарсанаа, С.Цацралт, Г.Жамьян, ахмад сэтгүүлч Ш.Цэрэнпил, Д.Цэдэн-Иш нарын туршлагатай сурвалжлагч байсан юм.

-Улсын Бага Хурлын үйл ажиллагааг иргэд, намууд болон гишүүд өөрсдөө хэрхэн үнэлж байсан бол?

-Энэ талаар УБХ-ын Тамгын газраас иргэд болон гишүүдийн дунд асуулга явуулж байсан. Гишүүдээс 45 нь энэ асуулгад хамрагдаж, тэд 20 нь УБХ-ын үйл ажиллагааг сайн, 23 нь дунд зэрэг, хоёр гишүүн хангалтгүй гэж дүгнэж байв. Шинэ маягийн парламентын эхлэлийг тавьсан, шинэ Үндсэн хууль баталсан, улс төрийн намууд зөвшилцөх талбар болсон, олон чухал хууль баталсан зэргээр УБХ-ын үйл ажиллагааны эерэг талыг тэд үнэлсэн байдаг.

Үүний зэрэгцээ хууль тогтоох мэдлэг чадвар дутсан, хуулийн биелэлтийг хянан шалгах ажил хангалтгүй, Ерөнхийлөгч, УБХ, Засгийн газрын уялдаа холбоо дутагдалтай, намынхаа эрх ашгаар явцуурдаг зэрэг УБХ-ын үйл ажиллагааны сөрөг талыг дурдсан байсан.

Харин 40 гишүүн УБХ-д өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдсэн гэж үнэлсэн бол амьдрал, бодит байдлыг тусгасан сайн хууль боловсруулж гаргах, хуулийн биелэлтийг сайтар хянан шалгах, улс орныг хямралт байдлаас ойрын хугацаанд гаргах төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох зэргийг шинээр бүрэлдэх УИХ-аас нэн түрүүнд хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 40 орчим хувь нь УБХ-ын үйл ажиллагааг “дунд зэрэг” гэж үнэлсэн байсан. Тэд Монгол орон ардчиллын замаар хөгжих анхны боломжийг бүрдүүлсэн, шинээр Үндсэн хууль боловсруулж баталсан зэргийг эерэгээр үнэлж, харин ард түмний эрх ашгийг эрхэмлэж, тэдний амьдралын гүнд ордоггүй, сахилга, дэг журмыг бэхжүүлэх талаар хангалтгүй ажилласан, хий хоосон ном ярьж, цэцэрхдэг, гишүүд нь намын бодлогыг урдаа барьдаг гэх мэтээр шүүмжлэлттэй хандаж байв.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД