Ерөнхийлөгч “тогтдоггүй” улс

2015 оны 09 сарын 09

Өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес Молинаг шүүх буруутгаж, мөрдөн шалгах хугацаанд хамгаалалтад байлгах шийдвэр гаргав. Түүнийг чөлөөтэй байлгавал нэр, нөлөө нь хэвээр байгаа тул шүүхийн ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзсэн аж. Прокурорын байгууллага Пересийг гэрч, баримт устгаж, бусад хүнд нөлөөлөхийг үгүйсгээгүй гэнэ. Авлигын хэрэгт орооцолдсон Отто Перес Молинаг огцруулахыг Гватемалын Конгресс санал нэгтэйгээр зөвшөөрсөн юм. Тус улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь халдашгүй дархан эрхтэй ч түүнийг нь депутатууд энэ сарын 1-нд цуцалж орхисон байна. Бас улс орноосоо гадагш гарахыг нь хоригложээ.

64 настай Отто Перес Молина 2011 онд Эх оронч намаас нэр дэвшиж, гэмт хэргийг нэг тийш болгоно хэмээн амлаж байж жил үргэлжилсэн иргэний дайнд оролцож явсан, генерал цолтой хүн. Түүний бүрэн эрх ирэх жилийн нэгдүгээр сард дуусах байлаа. 2000-2004 онд Ерөнхийлөгч байсан Альфонсо Портильо нь авлига авч, мөнгө угаасан хэргээр Америкийн шоронд зургаан жил суугаад энэ оны хоёрдугаар сард суллагджээ. 1982 онд төрийн эргэлт хийж байж Ерөнхийлөгч болсон Хосе Эфраин Риос Монтт гэгч индиан хүн амыг аймаглан устгасан хэмээн 17 сарын дараа буруутгагдсан аж.