С.ЛАВРОВ: НАМАЙГ СУРГАХ ГЭДЭГ ЧИ ХЭН БЭ

2015 оны 09 сарын 09

Энэ золигоос л болж Кофи Аннантай ам мурийсан юм

... Сергей Лавров дадлага хийхээр 1972 онд Шри-Ланкад суугаа ЗХУ-ын ЭСЯ-нд очоод улмаар атташе болов. 1976 он болтол энэ албыг хашлаа. Цаашдаа ЭСЯ-ныхаа гуравдугаар нарийн бичгийн дарга болсноо Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн байгууллагын хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллах болжээ.

1980-аад оны туршид тэрбээр Нью-Йоркод НҮБ дахь ЗХУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажилласан байна. 80-аад оны эцэс, 90-ээд оны эхээр түүнийг Эдийн засгийн байгууллагуудыг удирдах газрын нэгдүгээр орлогч даргаар томилон ажиллуулав. Хожим нь Гадаад хэргийн яамны энэ газрыг удирдаж байв.

1992 онд Лавровыг тус яамны Олон улсын байгууллагын газрын захирлаар томилжээ. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны Департмент, хүний эрхийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын хэрэг эрхлэх газар зэрэгт 1994 он хүртэл ажиллав.

Энэ бүхний хажуугаар НҮБ-ын системийн байгууллагуудад ОХУ-ын оролцоог хариуцсан байгууллага хоорондын комиссын орлогч даргын албыг хашиж байлаа. Түүнчлэн Энхийг сахиулах үйлсэд Оросын ажил хэргийг уялдуулах комиссын нэг даргаар хавсран ажиллаж байв. Сергей Лавров 2004 он хүртэл НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгчөөр 10 жил ажиллажээ.


Сергей Лавровынхан халуун бүлээрээ

Түүнийг 2004 оны гуравдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар томиллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч дахин сонгогдсоноосоо хойш хоёр жил болоод түүнийг суудалд нь дахин томилов. Дмитрий Медведев Ерөнхийлөгч болоод 2008 оны хавар түүнийг бас энэ албанд ажиллууллаа. 2012 онд Владимир Путин ч түүнд итгэл хүлээлгэв. Өмнө нь Гадаад хэргийн сайд байсан хүмүүсээс ганц Андрей Громыко л Сергей Лавровоос урт хугацаагаар энэ албыг хашсан байдаг.

Громыко 1957-1985 онд Гадаад хэргийн сайдаар ажилласан юм. Сергей Викторович 2004 оны хавраас ЮНЕСКО-гийн асуудал эрхэлсэн комиссын даргаар ажиллаж ирсэн байна. Шинжээчдийн үздэгээр Лавровын олсон анхны дипломат амжилтын нэг нь Орост хэт их гүрний статусыг нь эргүүлэн авчирсан явдал юм. Сүүлийн жилүүдэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд санал хураахад хориг тавих эрхээ ОХУ 2004 оны дөрөвдүгээр сард анх эдэлсэн аж.

Арлыг нэгтгэх НҮБ-ын төлөвлөгөөг дэмжихийг Киприйн ард түмэнд уг тогтоолоор уриалж, Кипрт зэвсэг нийлүүлэхийг хориглож, аралд НҮБ-ын энхийг эрхэмлэгч хүчийг оруулахаар заасан байв. Чеченийн салан тусгаарлагчдын удирдагчдын нэг Зелимхан Яндарбиевийн амийг хорооход оролцсон хэмээн сэжиглэгдэж Катарт баривчлагдсан орос хүний асуудлыг шийдвэрлэх үүргийг тэр жил Лавров хүлээж Катарын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийлээ.


Сергей Лавров, Хиллари Клинтон хоёр. 2009 оны гуравдугаар сарын 7

Тэр үед хийж байсан мэдэгдлүүддээ ОХУ олон улсын тавцанд олон туйлт бодлогыг чиг баримжаагаа болгож, Өрнөдийг “хоёрдмол стандарт” хэрэглэхийг эсэргүүцэж буйг тэрбээр нэг бус удаа дурдаж байв. Ильяс Ахмадовт АНУ орогнол олгож, Ахмед Закаевын хувьд Их Британи бас адил алхам хийсэн нь ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн юм.

Орост хийхээр төлөвлөж буй улс төрийн өөрчлөлтөд сэтгэл зовниж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл 2004 оны есдүгээр сарын 14-нд мэдэгдлээ. Энэ нь бүс нутгийн тэргүүнүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгч санал болгосноор томилж байхыг Путин санал болгосныг хэлсэн хэрэг байв. “Орос дахь ардчилал, хүний эрхийн байдалд АНУ илүүтэй анхаарал хандуулна гэж байгаа нь бидний хувьд шинэ юм биш.

Энэ бүхний талаарх үг хэл ч Орос-Америкийн хамтын ажиллагааны хөгжилд саад болох ёсгүй. Улс орныхоо дотоод байдлыг үнэлж цэгнэхдээ янз бүрээр хандах, эсвэл Ерөнхийлөгчөө шууд санал хураалтаар шийдэж байна уу үгүй юү гэдгээс ч юм уу маргалдах асуудал бидэнд хэтэрхий олон байна” гэж энэ байдлыг Лавров тэгэхэд тайлбарласан билээ.

Сергей Викторович шийдмэг байдлаараа нэрд гарсан хүн. Үүнийг нь нотлох баримт олон бий. Шуналтай тамхичин Лавров НҮБ-д ажиллаж байхдаа ажлын байранд тамхи татахыг хориглосон тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны шийдвэрийг эсэргүүцэж, энэ байшин таны хувийн хөрөнгө биш учраас ийм шийдвэр гаргах эрхгүй гэж шулуухан хэлж байсан удаатай. Английн Гадаад хэргийн сайд Дэвид Милибендтэй утсаар ярихдаа Лавров ихээхэн уурласныг “The Daily Telegraph” сонинд 2008 онд нийтлэгдсэн өгүүлэлд дурдаж байв.


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Сергей Лавров нар Москвад хэлэлцээр хийв.

2015 оны дөрөвдүгээр сарын 7

Английн сайд өөрт нь сургааль айлдах эрхгүй гэж тэгэхэд Оросын сайд үзсэн юм. Энэ дургүйцлээ тэрбээр илэрхийлэхдээ эвгүй үг хэллэг хэрэглэсэн байдаг. “The Daily Telegraph” сонинд бичсэнээс үзвэл Өмнөд Осетийн асуудлыг шийдэх тухай сэдвээр ярилцаж байхдаа Лавров “Намайг сургах гэдэг чи хэн бэ” (Who are you fuc... lecture me) гэчихсэн аж.

Сергей Лавров гэргий, нэг охинтой. Оросын Гадаад хэргийн сайд шүлэг бичнэ, гитар тоглож, дуулна бас усан спорт сонирхоно, шотланд виски “татахаас” буцахгүй. Хөлбөмбөг тоглох хорхойтой. Москвагийн “Спартак” багийг дэмждэг. Тэрбээр үлгэр жишээ өрхийн тэргүүн. Гуравдугаар курсийн оюутан байхдаа суусан гэргийтэйгээ 40 жил амьдарч байгаа.

Гэргийг нь Мария гэх бөгөөд орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. “Серёжа шууд л нүдэнд минь туссан. Өндөр нуруутай, чийрэг бадируун биетэй тэр нэг удаа гитар аваад “Высоцкийн хоолойгоор” сөөнгөдүүхэн дуулж гарахад охид сүйд болж байж билээ” гэж гэргий Мария Александровна нь дурсан ярьсан байдаг. Сергей Лавров одоо 185 см өндөр, 80 кг жинтэй.

Сергей Лавров 1950 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн аж. Эцэг нь Тбилисийн армян байв. Короленкогийн нэрэмжит сургуульд сурч алтан медальтай төгссөн бөгөөд Москвад дунд сургуульд байхдаа англи хэл үзжээ. Лавров 1972 онд Гадаад хэргийн яамны ОУ-ын харилцааны дээд сургууль төгсөв. Тэрбээр франц, англи, сингаль хэлтэй. Мария Лаврова Шри-Ланкад дөрв өн жил болсон анхны томилолтоос нь аваад гадаад орнуудад ямагт хамт явж иржээ.

Нөхрөө НҮБ-д ОХУ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхад нь тус газрын номын санг удирдаж байв. Эдний ганц охин Катя нь Нью-Йоркод төрж, Колумбын их сургууль төгссөн байна. Тэгээд Лондонд мэргэжил дээшлүүлэхээр очоод байхдаа Кембрижийн их сургуулийг төгссөн Александр Винокуровтой танилцаж улмаар тэд 2008 онд гэрлэж, 2010 онд Катя хүү төрүүлжээ. Хүргэн нь одоо “Сумма” хэмээх группийг удирдаж, “Новароссийскийн тэнгисийн худалдааны буудал” нийгэмлэгийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж ажилладаг.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.24 Үнэхээр юм үзэж нүд тайлсан,хашир суусан ийм л хүмүүс төр, засгийн удирдлагад ажилладагсан бол манай улс арай тогтвортой, олон улсад нэр хүндтэй байхсан. Энэ олон залуухан сайд, дарга нарыг Лавров шиг бүх шатны ажил хийлгэсэнсэн бол яалаа гэж манай улс ийм болох вэ? Залуусыг багаас нь бүх шат дамжлагын ажлыг хийлгэж дэмжихээс бус ганц үсэргээд л шууд сайд, дарга болгож яаж болох вэ?
220.191.168.20 Lavrov mundag diplomat. Mongold ih elegtei hun gesen shuu.
112.72.13.62 bas neg Mongolchuudin aav ni bna shdee. Huurhiii oros hungui bol amdiraj chadahgui humuus dee mongolchuud
150.129.142.25 Bi yu gej bodoj baina we gej uu? JInkene mujik baina daa gej l bodoj bn