Орост тавьсан хоригийг цуцлуулахыг Франц дэмжинэ

2015 оны 09 сарын 08

Украинд энхийн үйл явц үргэлжлээд байвал Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлуулахын төлөө тэмцэнэ гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд онцлов. “Украины байдлыг энхийн замаар зохицуулах үйл явцад сүүлийн өдрүүдэд ахиц гарсан. Гал зогсоох дэглэмийг талууд үндсэндээ бүрэн биелүүлж байна” гэж тэр хэлжээ. Энэ сарын 15-нд Нью-Йоркод нээгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас өмнө “Нормандын дөрвөл” (Украин, Орос, Франц, Герман) –ийн уулзалтыг Парис хотноо хийх нь чухал гэж Францын Төрийн тэргүүн үзэж буй аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан гал зогсоох дэглэм одоо үйлчилж буй ч талууд эвлэрэх журмыг сахихгүй байна хэмээн биенээ буруутгасаар байгаа юм. Олон улсын ажиглагчид ч үүнийг үгүйсгэсэнгүй.

Өнгөрсөн сарын 29-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай утсаар ярихдаа Украины хүчнийхэн Донбассын хот, суурин газрыг бөмбөгдөхөө үргэлжлүүлсээр байгаад сэтгэл зовниж буйгаа хэлжээ. Өрнөдийн орнууд 2014 оны гуравдугаар сараас эхлэн Оросын эрчим хүч, батлан хамгаалах болон санхүүгийн секторт үе шаттайгаар хориг тавьсаар байгаа юм. Тэд үүнийгээ Украины дорнод нутагт болж буй үйл явдал, Крымийг Орост нэгтгэсэнтэй холбож тайлбарладаг. Нэг жилийн хугацаатай хязгаарлалт тогтоохоо эхлээд АНУ зарласан. Дараа нь ийм алхмыг Европын холбоо хийсэн. Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Оросын эсрэг хоригийг 2015 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгахаар энэ оны долдугаар сарын 22-нд шийдвэрлээд байгаа.