ЧУЛУУГ УС Л ДИЙЛДЭГ ЮМ

2015 оны 09 сарын 08

Шинзо Абэ, Си Зиньпин нар 2014 онд Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр учрав

- Хятадууд яагаад япончуудад дургүй байдаг вэ -

...1894-1895 оны Япон-Хятадын дайн Хятадын шившигтэй ялагдлаар төгссөн байна. Үүний дараа тус улсууд байраа сольж, үндэстний ирээдүйн “эцэг” Сүнь Ятсэнээс аваад Хятадын оюунт хүмүүс суралцахаар Японыг зорих болжээ. Токиод бий болсон “Тунмэнхой” гэдэг байгууллага 1912 оны Синьхайн хувьсгалын хөдлөх хүч болсон аж.

Гэтэл Хятадад удалгүй танхай балмад байдал эхэлж, иргэний дайн ч дэгдсэнээс 1931 онд япончууд эсэргүүцэл бараг үзэлгүй Манжуурыг эзэлж Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулав. 1931 онд Японы удирдлагад милитаристууд эрх мэдэлтэй болсноор дараа жил нь Хятадад дайн зарлав. Зүүн тэнгисийн нь цаана байх хөршдөө хятадууд одоо хэрхэн хандаж буй нь чухам II дайнаас эхтэй аж.

1937-1945 онд Япон цэргүүдийн хийж байсан үйлдлийг Хятадад “аймаглан устгах” гэж нэрлэдэг юм. Хятадын түүхчдийн үзэж буйгаар япончуудын гарт долоон сая орчим цэрэг, 17 сая гаруй энгийн иргэн нь амиа алдсан байна. Нанжинд япончуудын үйлдсэн аллага хамгийн аймшигтай нь гэж үздэг. Япончууд Шанхайг авахын төлөө гурван сар тулалдчихаад Хятадын тэр үеийн нийслэл Нанжин руу хөдөлжээ. Тэд зэрлэг аллагаа замдаа л хийж явж.

Цэргүүд нь өөрийгөө хамгаалах чадваргүй хот руу явж байх хооронд Тосиаки Мукан, Цуёси Нода гэдэг хоёр япон офицер олзны гар хоосон хятадуудыг хоорондоо өрсөлдөн алж байсан аж. Энэ балмад явдлыг Японы сонинуудад эгдүүтэй гэгч нь тайлбарлаж байв. Эхлээд илдээр хэн нь 100 хүнийг богино хугацаанд алах вэ гэсэн “уралдаан” явуулаад ялагчийг тодруулж чадаагүй тул 150 хүний амь хороох нэмэлт “тэмцээн” хийсэн байна.

Үүнээс хэдэн өдрийн дараа Нанжин хотод япончуудын хийсэн үйлдлийг урьдаас төлөвлөсөн хайр найргүй яргалал гэлтэй. Цэргийн насны бүх эрчүүдийг нь хотоос гадагш аваачиж устгаж байгаад Нанжинд аллагаа эхэлсэн байдаг. Япончууд энд сум гарздалгүй зэвсэггүй иргэдийн толгойг сэлмээр цавчиж, жадаар сүлбэж, нохдоор бариулж, нүдийг нь сохолж, гэдсийг нь хүүлж байв. Хэчнээн хүнийг ингэж хороосныг илтгэх нарийн тоо одоо хэр нь байхгүй ч 200-500 мянган хүн алсан гэж хятадууд үздэг байна.

Тэр үеийн хүмүүсийн дурсамжаар бол Хөх мөрнөөр завиар явах гэхээр хүмүүсийн цогцос тээглээд болдоггүй байсан гэдэг. 20-80 мянган хятад эмэгтэйг хүчиндсэн гэх бөгөөд тэдний дотор бага насны охид, жирэмсэн эмэгтэйчүүд, чавганц нар, тэр ч бүү хэл сахил хүртсэн бүсгүйчүүд ч байж. Хими, биологийн зэвсгийн салбарт нууцаар судалгаа хийдэг тусгай отрядууд ч Хятадын газар нутаг дээр ажиллаж байв.

Японы цэргийн эмч нар булчин задрах тахал, цагаан бурхан, гэдэсний хижиг, булчирхайн тахал өвчний нян хүмүүст зориуд халдварлуулж, хийгээр хордуулж, эм бэлдмэл туршиж, өвдөхөд хүн ямар эсэргүүцэл үзүүлдгийг шалгахаар хөлдөөж, гар, хөлийг нь тайрч тамлаж байсан аж. Японы эрдэмтэд Хятадын тухайн нутгийн иргэд болон олзлогдсон цэргүүд дээр туршилт хийдэг байв.

Олзлогдсон хятад цэргүүд амьд үлдэх горьдлого бараг байхгүй байсныг Япон бууж өгсний дараа хорих газруудаас нь ердөө 56 хятад цэрэг амьд суллагдаж байсан нь гэрчилнэ. 1938 оны хоёрдугаар сараас 1943 оны наймдугаар сард Японы онгоцнууд Хятадын томоохон хотуудыг 5000 гаруй удаа бөмбөгдсөн байна. Бүгдийг нь шатаа, устга, дээрэмд гэхээс өөр үг хэлдэггүй байсны улмаас “Гурван бүгд” хоч авсан генерал Окамүра гэгч Японы явган цэргийг удирдаж байлаа.

Түүний баримталсан стратеги 2.5 сая хүний аминд хүрсэн гэж үздэг аж. Японы цэргийн ард талд “алжаал тайлах станц” гэж байсан бөгөөд энд хятад хүүхнүүдийг хүчээр авчирна. 1942 онд ийм “станц” 280 ажиллаж байв.

...Дайны дараа Токио, Бээжин хоёрын харилцаа “улс төрд хүйтэн, эдийн засагт халуун” гэх зарчимд суурилж ирэв. Гадаад бодлогодоо коммунизмын эсрэг номлол баримтлагч Японы Ерөнхий сайд Сигирү Ёсида энгүүн нэгэн яриандаа япон барааг л худалдаж авч байвал хятадуудын улаан, ногоон алин байх нь огт хамаагүй гэж хэлсэн байдаг. “Хулгана л барьж байвал муур өөрөө ямар зүстэй байх нь гол биш” гэсэн шүү утгатай үг хятад хэлэнд ч байдаг байх. 1973 онд тус улсууд дипломат харилцаагаа сэргээж, Японоос Хятад руу хөрөнгө цутгах болжээ...

Японыг бууж өгсний дараа Олон улсын шүүхийн шийдвэрээр 920 хүн цаазалж, 475 хүнийг насаар нь шоронд хорихоор шийтгэсэн байна. Гэхдээ холбоотнууд Германд нацизмыг хориглосон шиг арга хэмжээ Японд авсангүй, түүгээр ч барахгүй гэмт хэргийн шинжтэй ихэнх шийдвэрийн дор гарын үсэг зурсан эзэн хаан Хирохитог нь буруутан этгээдүүдийн тоонд оруулаагүй аж.

Цэргийн олон гэмт хэрэгтэнд цөөн жилийн ял өгөөд өнгөрөөсөн байна. Дайны дараа Токио, Бээжин хоёрын харилцаа “улс төрд хүйтэн, эдийн засагт халуун” гэх зарчимд суурилж ирэв. Гадаад бодлогодоо коммунизмын эсрэг номлол баримтлагч Японы Ерөнхий сайд Сигирү Ёсида энгүүн нэгэн яриандаа япон барааг л худалдаж авч байвал хятадуудын улаан, ногоон алин байх нь огт хамаагүй гэж хэлсэн байдаг.

“Хулгана л барьж байвал муур өөрөө ямар зүстэй байх нь гол биш” гэсэн шүү утгатай үг хятад хэлэнд ч байдаг байх. 1973 онд тус улсууд дипломат харилцаагаа сэргээж, Японоос Хятад руу хөрөнгө цутгах болжээ. Гэлээ ч гадаад ийм нөхөрлөлийн цаана ялангуяа Хятадын талаас дургүйцэл, бухимдал байсаар байлаа. Бээжингийн дургүйцэл үндсэн хоёр гол зүйлээс үүдэлтэй гэж хэлж болно. Үүнд Японы төлөө амиа өгсөн хүмүүсийн сүнс оршин байдаг гэж үздэг Ясүкүни сүмд Японы удирдагчид очиж мөргөл хийдэг, нөгөөх нь сургуулиудын сурах бичигт өөрчлөлт оруулж буй явдал.

Японы эрх баригчид цэргийн 14 гол гэмт хэрэгтнийхээ чандрыг 1978 онд тус сүмд шилжүүлэн авчирчээ. Амь үрэгдсэн цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэх, энэ далимд олноор нь хядах ажиллагааг зохион байгуулсан хүмүүстээ бас хүндэтгэл үзүүлэх гэж Японы томчууд түүнээс хойш энд ирцгээх болсон аж.

Японы удирдагчдын энэ үйлдлийг Бээжин дайсагнасан ажиллагаа гэж үздэг юм. Үйлдсэн цэргийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхийг Токио огт хүсдэггүй бөгөөд үүнийгээ сурах бичигтээ илэрхийлж, Хятадын нутаг дэвсгэр дээр зэрлэг аллага хийж байсан тухайгаа өгүүлдэггүй төдийгүй зарим талаар зөвтгөх хандлагатай байдаг нь хятадуудын зэвүүг хүргэдэг.

Сурах бичиг зохиогч япон хүмүүсийн үзэж буйгаар бол Нанжин хотод олноор нь алж хядах ямар нэг үйлдэл байгаагүй, харин хотыг бараг цус гаргалгүй эзэлж авсан, ердөө 29 мянган хүний л амь үрэгдсэн нь зайлшгүй учрах л гарз хохирол байсан аж. Тэгэхдээ дорнод хөрштэйгээ маргалдаад байхыг үл хүсэхдээ япончууд шинээр зээл олгож хятадуудын хилэнг намжаасаар ирж. Зээлийн нийт хэмжээ 2010 онд 30 тэрбум ам.доллар болсон байв. 1990 он болоход байдал өөрчлөгдлөө.

Хятадын эдийн засаг эрчимтэй өсөж, бүс нутагтаа хэт их гүрний үүрэг гүйцэтгэхээр өрсөлдөхөөр болсон бол Японы эдийн засаг унах, улс төрийн хямрал нүүрлэх зурвас үе эхлэв. Үүний зэрэгцээ дэлхийн дайны үр дүнг өөрөөр харахыг хүссэн шинэ үе Японы дээд удирдлагад гарч ирлээ. Японы Ерөнхий сайд нарын Хятадын талаар явуулах бодлогод ч өөрчлөлт оров.

Тухайлбал, Жүничиро Коизүми Японы цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн төлөө уучлалт гуйх мөртөө нөгөөх Ясүкүни сүмд сүр дуулиантай очно. Тэгвэл түүнтэй нэг намын Шинзо Абэ Хятадад айлчлахаас татгалзан, сурах бичгүүдэд оруулсан өөрчлөлтийг сайшаана. Ясүо Фүкүда мөн ингэж хандаж байсан бол Ёсихико Нода япон цэргүүд гэмт хэрэгтэн байгаагүй, сүмд бид очиж буй нь эх орныхоо төлөө амиа өгсөн цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэж буй хэрэг хэмээн мэдэгдсэн.

Хоёр улсын харилцаанд хурцадмал байдал нэмэгдэж буйг харуулах үйл явдал 2005 онд болсон нь Японы Ерөнхий сайд Коизумиг Ясүкүни сүмд очиж, Хятадын нутаг дэвсгэр дээр япон цэргүүдийн үйлдсэнийг цайруулсан сурах бичиг цөөн тоогоор хэвлэсний дараа Бээжин, Шанхай, Харбин, Гуанжоу хотод Японыг эсэргүүцэн олон хүн жагсаал хийсэн явдал юм.

Энэ эсэргүүцэл Японы бизнесмэнүүдэд үлэмж хохирол учруулж байж, хэд хоногийн дараа намжсан юм. Уг тэмцлийн гол хөдөлгөгч хүч нь япончуудтай хамтарч ажилладаг залуус байв. Япончуудын зэрлэг балмад явдлын талаар Хятадын сургуулийн сурагчид ярьж байх болсонд гайхах юмгүй. Японы хийсэн дайны тухай музей Бээжинд байдаг. Энд жилд олон зуу, мянган оюутан, сурагчид ирнэ. Хятадын кино урлаг ч хоцорсонгүй.

2005 онд “Бяцхан цэрэг Чан Га” гэдэг кино дэлгэцнээ гарав. Япончуудтай дайтаж байх үед хоёр настай хүү тэсэн үлдэхийг хэрхэн чармайж байгааг түүнд харуулдаг байна. Кинонд харуулж буйгаар бол Чаны эмээг нь япон цэргүүд алснаас хүү нууцаар үйл ажиллагаа явуулдаг коммунистуудтай нийлжээ. Киноны төгсгөлд энэ хүү японы цувааг дэлбэлж гавьяа байгуулахад отрядын дарга нь гар буугаар шагнана.

Уг киног Янь Сюфэн гэдэг хүүгийн бодит амьдралаас сэдэвлэж хийсэн аж. Хятадууд өөрсдөд нь дургүйцэх үйлдлийг япончууд бас хийгээд байх юм.

Тухайлбал, ХКН-ын XVIII бага хурал болох гээд хятадуудын үндэсний ухамсар өндөрсөж байх яг тийм үед нь 2012 онд Сенкаку арлыг хувь хүнд худалдах болсоноо Токио зарлаж орхив.

Үүнийг үндэстнийг маань доромжилсон явдал гэж хятадууд үзсэн учраас Японы талаас төрийн зарим нэг зүтгэлтэн уучлал хүсээд ч нааштай үр дүнд хүрэхгүй байна.

Уг нь Ерөнхий сайд асан Юкио Хатояма нь “Хятадын ганц иргэн ч япон цэргийн гарт хэрцгийгээр амиа алдсан байлаа гэсэн Япон улсын иргэний хувьд уучлалт хүсэхийг би үүргээ гэж үзнэ. Ийм явдал дайны үед тохиолдсон байлаа ч зөвтгөх эрх байхгүй” гэж хэлсэн юм шүү.

Алексей Куприяновын бичсэнээс товчлон авлаа

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД