Нэрт зохиолчийг Америк 24 жил мөрдөж мөшгижээ

2015 оны 09 сарын 07

Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркесийн араас АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) 20 гаруй жил мөрдөж мөшгиж байжээ. Түүнийг Кубийн мэдээллийн Рrense latina агентлагийн ажилтны хувиар 1961 онд гэргий, хүүхдийн хамт Нью-Йоркод ирэхэд нь л энэ ажиллагаа эхэлсэн аж.Үүнээс хоёр жилийн өмнө Кубад хувьсгал ялж, Фидель Кастро болон түүний хамтран зүтгэгчид засгийн эрхийг авч, түүнээс хойш арлын энэ улс хийгээд АНУ-ын удирдлагын харилцаа дайсагнасан шинж чанартай байв. Маркесийг Кастрогийн анд гэж үздэг байлаа. Түүний араас ажиглаж, мөрдөж байхыг ХМТ-ны тухайн үеийн удирдагч Эдгар Гувер тушаасан аж. Үүнээс хойш 24 жилийн турш Маркесийн талаар мэдээлэл цуглуулсан байна. Ийн хуримтлуулсан мэдээллийн 137 хуудсыг олны хүртээл болгож, 133 хуудас нь нууц хэвээр үлджээ. Маркес хоёр жил болоод тус агентлагаас халагдаж, том хүү Родриго Гарсиагийнх нь өгүүлснээр бол тэрбээр  тууштай коммунист байгаагүй төдийгүй эрс үзэлтэй ч хүн байсангүй. Бас улс төрийн ямар нэг байгууллагад харьяалагдаж байгаагүй аж.Габриэль Гарсиа Маркес 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд 87 настайдаа сүүлийн 30 жил амьдарсан Мексикт өөд болсон юм. Оршуулах ажлыг тус улсын Засгийн газар зохион байгуулжээ.