Марин Ле Пенийг Олландаас илүү дэмжиж байна

2015 оны 09 сарын 07

2017 онд болох сонгуулиар Францын сонгогчид Франсуа Олландыг дэмжихэд бэ­лэн бус байгааг Le Figaro сонинд нийт­лэгд­сэн санал асуулгын дүн харуулжээ. Одоо­гийн Төрийн тэргүүний төлөө Францын ир­гэдийн ердөө 19  хувь нь л саналаа өгөхөөр байгаа аж. Хэрэв Олланд Ерөнхийлөгчийн дараа­гийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдвэл сунгаанд сүүл мушгиж, хоёр дахь шатанд оролцож чадахгүй болж мэдэхээр байна.Тэгвэл санал асуулгын дүнгээр “Үн­дэс­ний фронт” намын тэргүүн хатагтай Марин Ле Пен баруун жигүүрт өрсөлдөгч нь хэн байхаас хамаарч 27-29 хувийн санал авч магад­гүй байна. Баруун төвийн “Бүгд найрам­дахчууд” намаас нэрээ дэвшүүлж өр­сөл­дөх магадлалтай Ерөнхийлөгч асан Ни­коля Саркози, Гадаад хэргийн сайд байсан Ален Жюппе нар тус бүр 25 хувийн дэмжлэг хүлээх боломжтой гэж үзэж буй аж. Тэгвэл 2012 оны сонгуульд Олландыг дэмжиж байсан хүмүүсийн тэн хагасаас илүү нь одоо түүний төлөө саналаа өгөхгүй бололтой. Гурван жилийн хугацаанд тэрбээр сон­гогчдынхоо ихэнхийг алджээ.Марин Ле Пен сонгогчдоо алдаагүйгээр барахгүй шинээр дэмжигчдийг татаж чадахаар байгаа аж. 2012 онтой харьцуулбал сонгогчдын есөн хувийг тэрбээр нэмж “өөрийн болгож” чадсан байна.