Дик Чейни Барак Обамаг буруутгав

2015 оны 09 сарын 02

Хэт даврагч “Исламын улс”  бүлэглэл 2001 онд “Аль-Кайда”-гийн үйлдсэнээс цар хэмжээгээрээ илүү гарах алан хядах ажиллагааг АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэж болзошгүй гэж тус улсын Дэд Ерөнхийлөгч байсан Дик Чейни үзэж буйгаа CNN телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ. Тэр довтолгоонд 2001 оны есдүгээр сарын 11-нийхээс илүү хөнөөх чадалтай зэвсэг хэрэглэнэ гэж Чейни хэлсэн байна. Түүний хэлснээс үзвэл “Исламын улс” химийн юм уу, биологийн зэвсэг хэрэглэх магадлалтай аж. Ойрхи Дорнодод цөмийн зэвсэг бий болгож болзошгүй учраас энэ бүлэглэл онц аюултай гэж Дик Чейни үздэг юм байна. Түүнээс гадна Америкийн иргэдийг элсүүлж Сири, Ирак руу илгээх боломж “Исламын улс”-д бий аж. Энэ хүмүүс эргэж ирээд алан хядах үйлдэл хийж болохын зэрэгцээ жирийн иргэдийн толгойг бүлэглэлийн зүг эргүүлэх эрсдэл тун их гэнэ.Иракаас Америкийн цэргийг яаран гаргаснаар “Исламын улс”-ыг бүс нутагтаа газар авах боломжийг бий болгосон хэмээн тэрбээр Барак Обамагийн захиргааг шүүмжилжээ. Хүү Бушийн бүрэн эрхийн хугацаа дуусахад Иракт байдал тогтвортой байсныг Обама тэргүүтэй АН-ынхан гарч ирээд цааш үргэлжлүүлж чадаагүй гэж  Чейни үздэг аж.Дик Чейни Америкийн хэд хэдэн Ерөнхийлөгчийн захиргаанд ажиллаж байсан хүн. 1975-1977 онд Жеральд Фордын үед Цагаан ордны аппаратыг удирдаж, эцэг Бушийн засаглалд 1989-1993 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. 2001-2009 онд тэрбээр хүү Бушийг Ерөнхийлөгч байхад Дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД