НҮБ-ын төв байрыг Швейцарьт шилжүүлэхийг санал болголоо

2015 оны 08 сарын 31

НҮБ-ын төв байрыг АНУ-аас Швейцарьт шилжүүлэхийг Оросын Төрийн думын депутатууд санал болгов. Холбогдох захидлыг Төрийн думын Батлан хамгаалах хорооны гишүүн Игорь Зотов НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээв гэж “Известия” сонин мэдээллээ. Түүний үзэж буйгаар НҮБ нь олон улсын тавцан дээр дээд шүүгч нь байх ёстой болохоос биш АНУ-ын гарт зэвсэг болон ашиглагдах ёсгүй гэнэ.  Гадаад бодлого нь төвийг сахисан орны нутаг дэвсгэрт НҮБ-ын төв байрыг шилжүүлэх шаардлагатай бөгөөд ийм улс нь Швейцарь аж. Оросын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкод саяхан учирсан явдлыг Зотов сануулжээ. Түүнд АНУ-д очих зөвшөөрөл олгохдоо нэлээн хязгаарлалт тавьсан юм. Оросын КН-ын Төв хорооны орлогч дарга Валерий Рашкин НҮБ-ыг Швейцарь, Австри, Кенид гурван нэмэлт төв байртай байхыг санал болгосон байна.  Энэ асуудлыг Ерөнхий ассамблейн хуралдаанаар хэлэлцэж, саяын дурдсан гурван улсын аль нэгд нь төв байр нь байж болно шүү дээ гэж Рашкин нэмж хэлжээ.АНУ-ын хар дансанд нэр нь орсон Валентина Матвиенко олон улсын парламент хоорондын чуулганд оролцохоор Нью-Йоркийг зорих ёстой байсан ч Америкийн тал наймдугаар сарын 29-31-нд Нью-Йоркт байх зөвшөөрөл олгохдоо НҮБ-ын төв байр байдаг Манхэттений төвөөс 25 км-ээс илүү хол явахыг хориглосон юм. Гэтэл түүний оролцох ёстой арга хэмжээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-нд болох байв. Тиймээс Оросын төлөөлөгчид Америк руу явахаа больсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД