Египетийн шүүхийн шийдвэрийг хэвлэлийн эрх чөлөө рүү хийж буй “довтолгоон” гэж үзэв

2015 оны 08 сарын 30

Зөвшөөрөлгүй ажиллаж, ул­сын эрх ашигт хохирол уч­­руулахуйц мэдээлэл тү­гээ­сэн хэмээн Египетийн шүүх үзэж “Аль-Жазира” теле компанийн гурван сэтгүүлчийг шо­ронд хорих шийдвэр өнгөрсөн бямба гаригт гаргав. Ийнхүү шүүг­дэгчийн сандалд суусан хүмүүс нь Египе­тийн иргэншлээ орхисон канад эр Мохамед Фахми, египет үндэстэн Бахер Мохамед хоёр бөгөөд гурав дахь нь болох Австралийн иргэн Пи­тер Гресте энэ оны хоёрдугаар сард эндээс гарч явсан тул эчнээгээр ял оноожээ. Ерөнхийлөгч асан Моха­мед Мур­ситэй холбоо сүлбээтэй бай­сан “Ла­лын ахан дүүс” байгууллагад ту­сал­­сан гэх үндэслэлээр энэ гур­ван хүнд урьд нь 7-10 жилийн ял өгч байсан аж. Ир­гэнийг нь даруй сул­лахыг Канад улс шаард­сан байна. Египетийн шүү­хийн шийдвэрийг хэв­лэлийн эрх чөлөө рүү хийж буй шинэ довтолгоон гэж “Аль-Жазира” үзээд “Энэ бол Египе­­тийн шүүхийн тог­толцооны түүхэн дэх хар өдөр” хэ­мээн нэрлэв. Энэ шийдвэ­рийг эр­гэж харахыг Египетийн эрх ба­ригч­дад АНУ уриаллаа. “Байр суурь нь оновч­­той биш юм уу, маргаантай бай­­­лаа ч мөрдөн мөшгих, мэдээлэх, тайл­­­барлах эрх хэвлэлд байдаг нь ард­чиллын хөгжилд чухал ач хол­бог­­дол­той” гэж Америкийн Тө­рийн Де­­пар­­таментийн албан ёсны тө­лөө­лөгч Жон Кирби онцолжээ. Мурсийг унас­ны дараа лалын ша­шинтныг олноор нь баривчилж, цаа­залсан юм. Энэ оны тавдугаар сарын 16-нд гэхэд Кайрын шүүх Мурсигийн талын 105 хүнд цаа­зын ял оноосон. Үү­ний нь төлөө Египетийн одоо­гийн Ерөн­хий­лөгч Аб­дель-Фаттах аль-Сисийг хэ­тэр­хий хатуу ширүүн хан­даж байна, либерал сөрөг хүчнээ нух­чин дар­лаа, иргэний нийгмийг боо­мил­лоо, хүч­нийхэн хүч хэрэглэх нь ихэс­лээ хэ­мээн зэмлэх болсон байна.