Европчуудын “толгойны өвчин”

2015 оны 08 сарын 27

Ливийн эрэгт явуулсан ажиллагааны дүнд ихэнхдээ Африк, Ойрхи Дор­но­дын орнуудын 3000 орчим дүрвэгчийг усанд живэхээс авраад байна. 400 хүн тээн Италийг зүглэж явсан завинаас 50 хүний цогцос олсон ч тэдний үхлийн шалтгааныг тог­тоо­гоогүй байгаа аж. Мөн Европын эрэг хүрчих гэж тэмцэж яваад амиа алдсан таван хүний цог­цос өөр завинаас олдоход гурав нь эмэгтэй хүнийх байжээ.Аврах ажиллагаа эрхэлдэг Европын хол­бооны “Тритон”-ий удирдлага энэ сард олон түм­ний сонорт хүргэсэн мэдээллээс үзвэл 2015 оны 1-7 дугаар сард Европын нутагт 340 мянган цагаач ирсэн байна. Сүүлийн саруудад тэдний тоо анх удаа 100 мянгаас хэтэрч 107.5 мянгад хү­рэв. Тэдний ихэнх нь буюу гуравны нэг шахам нь Итали, Грекэд бүртгэгдсэн аж.Өмнөд хилээ цагаачдаас хамгаалахад армиа оролцуулах боломжийг Унгарын Засгийн газар судлаж байгаа юм байна. Эцсийн шийдийг ирэх долоо хоногт гаргах бололтой.Энэ оны эхнээс Унгарт 110 гаруй мянган дүрвэгч ирсний ихэнх нь Сербээр дамжжээ. Өдөрт наад зах нь 1.5 мянган хүн хил нэвтрэх гэж оролддог болсон байна. Хил орчимдоо дөрвөн метр өндөр хана барих ажлыг энэ сарын эцэс гэхэд арми нь дуусгана гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан амласан байна. Итали, Грект ирээд байгаа 40 мянган цагаач, Европт хараахан хөл тавиагүй байгаа 20 мянган дүрвэгчийг тараан байршуулна гэж Европын холбооны орнууд зургадугаар сарын эцсээр ярьж тохирсон аж.Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы Хайденау хотод дүрвэгсдийн байрны дэргэд дэгдсэн  эмх замбараагүй байдлыг Канцлер Ангела Меркель хатуу зэмлээд, дүрвэгчид болон цагаач ажилчдад ялгавартай хандах нь чухал гэж үзсэнийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дэмжиж буй гэнэ. Дүрвэгсдийг бүртгэх төвийг энэ онд багтаан Грек, Италид байгуулах нь зүйтэй гэж Ангела Меркель сэт­гүүл­чидтэй уулзахдаа хэлжээ.Дүрвэгсдийн өмнө хилээ хэзээ ч хаахгүй, хямралтай байдлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулахад Европын холбоо туслах ёстой гэж Сербийн Ерөнхий сайд Александр Вучич мэдэгдлээ. Тус улс хил дээрээ ямар нэг хана хэрэм барьж босгохгүй аж. Дүрвэгчид чинь гэмт хэрэгтэн, алан хядагчид биш, өөртөө болон үр хүүхэддээ амьдрах орчин л хайж яваа амьтад. Тэднийг шүүмжилж, шийтгэх биш тус­лах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна. Хилээ хаа­лаа ч цагаачид Өрнөд Европ руу нэвтрэх арга замыг олж л таарна. Тэд Болгар, Румын, Хорватаар ч дамжин ороод ирж мэднэ гэж Вучич тэмдэглэжээ. Сербтэй залгаа хил дээрээ Унгар 3.5 метр өндөр саад байгуулахаар төлөвлөж байна гэж урьд нь мэдээлж байсан юм. Сүүлийн саруудад Сири болон дайны хөлд нэрвэгдсэн Ойрхи Дор­нодын бүс нутгаас Балканаар дамжиж Баруун Европ руу цутгаж буй дүрвэгсдийн нэлээд нь Сербэд хөл тавьж буй аж.