Путин Хятадад айлчилна

2015 оны 08 сарын 27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг БНХАУ-д айлчлах үеэр нь хоёр тал 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл Путин Хятадын дарга Си Зиньпинтэй тусдаа хэлэлцээ хийх аж. Гарын үсэг зурах баримт бичгүүд санхүү-хөрөнгө оруулалт, тээвэр-ложистикийн асуудлыг хамарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Оросын удирдагчийн айлчлал бидний стратегийн хамтын ажиллагааны бүх салбарт түлхэц өгнө гэдэгт эргэлзэх юмгүй гэж Денисов онцолсон байна.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар ирэх сарын 2-3-нд айлчилж, Дэлхийн II дайны төгсгөл, Японы эсрэг дайнд Хятадын ард түмэн ялсны 70 жилийн ойд зориулсан ёслолд оролцох юм.