АНГЛИЙН ШИНЭ ПАРЛАМЕНТ энэ сарын эцсээр нээлтээ хийнэ

2015 оны 05 сарын 19

Их Британийн Парламентын шинэ бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа өчигдөр эхлэв. Хэлэлцэх эхний асуудал нь спикерээ сонгох явдал байсан бөгөөд энэ албанд өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд ажилласан Жон Беркоу очиж таарна. Учир нь мөрдөж буй журмаар спикерийг бүх насаар нь сонгодог бөгөөд нас барах юм уу, тэтгэвэрт гартлаа ажлаа хийж байх ёстой байдаг тул 1997 онд парламентад сонгогдсон энэ хүн үүргээ гүйцэтгэх учиртай аж.

Парламентын бүх гишүүн Хатан хаандаа үнэнч зүтгэхээ илэрхийлж тангараг өргөх ёстой. Тангараг өргөөгүй байхад цалингаа авах, чуулгандаа оролцох, саналаа өгөх эрх үүсэхгүй. Спикер нь чуулганаа удирдаж, үг хэлэх эрхийг депутатуудад олгох үүрэг хүлээдэг. 52 настай Беркоу энэ суудалд харьцангуй залуудаж буй бөгөөд 2009 оны зургадугаар сард Майк Мартинийг мөнгө хөрөнгөтэй холбоотой хэл аманд орооцолдон огцорсны дараа уг албанд сонгогдсон юм.

Спикерийг эцэст нь хатан хаан батламжилдаг байна. Энэ удаагийн спикерийн сонгууль Беркоугийн гэр бүлд тохиолдсон дуулиан шуугиан намжаагүй байхад болох нь. Юу гэвэл түүний гэргий Салли нь нөхрийнхөө үеэл ах Аланд нь сэтгэл алдарч Темза мөрний өмнөд эрэгт байх 1.2 сая фунтийн үнэтэй гэрт нь очоод суучихсан гэж Парламентын сонгуулийн өмнөх кампанит ажил ид өрнөж байсан дөрөвдүгээр сард Британийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Беркоу, Салли хоёр 13 жил хамт амьдарчээ. Парламентыг энэ сарын 27- нд ёслол төгөлдөр нээхээс өмнө энэ хэрэг явдлыг нэг тийш болгохоор Беркоу шийдээд буй бөгөөд энэ долоо хоногт түүнтэй холбогдуулж тусгай мэдэгдэл хийх болов уу хэмээн хүлээж буй гэлцэнэ. Энэ нээлт дээр Хатан хаан үг хэлнэ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД