Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд 11 хүн өрсөлдлөө

2015 оны 05 сарын 11

Польшид өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сонгогчид 11 нэр дэвшигчээс сонголтоо хийх юм. Сонгуульд оролцох эрхтэй 30 сая гаруй хүн Польшид байдгийн 192 мянга нь хилийн чанадад байдаг аж. Нэр дэвшигчдийн дотор одоогийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский байгаа юм. Тэрбээр “Зөвшилцөл, аюулгүй байдал” гэсэн уриан дор сурталчилгааны ажлаа зохион байгуулжээ. Сүүлчийн санал асуулгаар сонгогчдын 35 хувь нь түүнийг дэмжихээр байсан аж.

Коморовскийн гол өрсөлдөгч нь сөрөг хүчний “Хууль, шударга ёс” намаас нэрийг нь дэвшүүлсэн Анжей Дуда бөгөөд 27 хувийн санал авахаар чансаатай байжээ. Тэрбээр өрсөлдөгчөө болон Засгийн газрыг ширүүхэн шүүмжилж, юуны урьд тэтгэврийн насыг 67 болгож ахиулах шийдвэрийг цуцална гэж амлаж байв. Рок хөгжимчин Павел Куркизийн чансаа санал хураахын өмнөх байдлаар 15 хувь болж ахисан нь тун санамсаргүй явдал байжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар энэ жилийн сурталчилгааны ажил ихээхэн уйтгартай байсан гэнэ. Улс орондоо өөрчлөлт хийчих нь гэмээр хүчтэй, мэдлэг чадвартай юм байна гэж үнэлэхээр нэр дэвшигч байсангүй. Ингээд гол өрсөлдөөн сүүлийн 10 жилд болж байснаар эрх баригч Иргэний хөтөлбөр болон “Хууль, шударга ёс” гэдэг хоёр намын хооронд л өрнөх бололтой. Польшид Ерөнхийлөгчийн сонгуулийг таван жил болоод хийдэг юм.

Нэг хүн энэ суудалд хоёр удаа л сонгогдох эрхтэй байдаг. Орчин цагийн Польш улсын анхны Ерөнхийлөгч нь генерал Войцех Ярузельский байв. Тэрбээр 1989 оны долдугаар сард Парламентаар сонгогдоод нэг жилийн дараа бүх нийтийн сонгуулиар “Эв нэгдэл” гэдэг ҮЭ-ийн байгууллагын удирдагч Лех Валенсад ялагдсан. 1995 онд Александр Квасьневский Польшийн гурав дахь Ерөнхийлөгч болов.

2000 онд тэрбээр дахин сонгогдсон. 2005 онд бүхий л талаар тэргүүлж явсан Дональд Туск сонгуулийн хоёрдугаар шатанд Лех Качиньскийд тахимаа өгөв. 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Качиньский онгоцны ослоор амиа алдсанаар ээлжит бус сонгууль болж талийгаач Ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн нь Бронислав Коморовскийтой өрсөлдөж 46.99 хувийн санал авснаар Коморовский сонгогдсон (53.01) юм.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД