“ТА ЯДАЖ НЭГ УДАА Ч ГЭСЭН ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА УУ”

2015 оны 04 сарын 29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан, 42 дахь Ерөнхийлөгчийн гэргий Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэрээ дэвшүүлж өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Ийнхүү тэрбээр улс төрийн тавцангийн нүүрэн талд дахин гарч ирж байна. Гэтэл түүний царай олонд танил биш байгааг Огайо мужид нэгэн зоогийн газар саяхан олон хүний дунд байхад нь хэн ч таниагүй явдал харуулж байх шиг. Тэгэхдээ Барак Обамаг залгамжлах хамгийн магадлалтай гэж үзэж буй хүнийг танихад туслах хэд хэдэн баримт байна гэж Оросын lenta.ry сайтад бичсэнийг сонирхуулъя. Хиллари ямар ажил хийж байв? Чикагогийн уугуул Хиллари Родэм Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй Йелийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн аж. Үндэсний паркад сав угаагчаар ажиллаж, Аляскад нөөшний үйлдвэрт яргай загас цавчих ажил ч хийж явж. Гэтэл түүнийг ажлаас нь халчихсан тул зэвүү нь хүрч тэндхийн ажлын нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангаагүй талаарх асуудлыг сөхөж тавьсан ч хайхарч үзсэнгүй.

1986-1992 онд нөхөртэй болоод байхдаа “Walmart” хэмээх сүлжээ дэлгүүрт жижиглэн худалдаа хийж хүртэл үзсэн ч яагаад ч юм бэ албан ёсных нь намтарт энэ тухай дурдаагүй байдаг гэнэ. Тэр баян уу? Клинтоных маш хангалуун амьдралтай айл гэдэгт эргэлзэх юун. Гэхдээ Хиллари 2014 онд АВС телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа Жорж Бушийг сонгуульд ялсны дараа тэднийх Цагаан ордноос явахдаа халаасандаа улаан мөнгөгүй байсан хэмээн хэлж, өөрийгөө болоод нөхрөө бусдын л адил хүн гэж ойлгуулах чадвараа харуулаад авсан байна. Гэтэл Билл Клинтоныг Ерөнхийлөгчийн албаа өгөөд жил болоогүй байхад эднийх Нью-Йорк муж улсад 1.7 сая ам.доллараар байр худалдаж авсныг нь сэтгүүлчид илчлээд үзэгчдэд Хилларигийн төрүүлсэн сэтгэгдлийг арчаад хаяж орхиж.

Бас жилийн дараа Вашингтонд 2.85 сая ам.доллараар Клинтоных эзэмшил газартай болсон байна. Хилларигийн сонгуулийн сурталчилгааны үеийн уриануудын нэгд нь “Та ядаж нэг ч удаа гэсэн эмэгтэй Ерөнхийлөгчийг харахыг хүсэхгүй байна уу” гэсэн үг бий гэнэ. Тэгсэн чинь фэйсбүүк хуудсанд олон эмэгтэй хүн “Хүснэ, тэгэхдээ тэр нь чи байхыг тэвчихгүй” гэж бичсэн байжээ. Үүнээс үзвэл “дэлхийг захирдаг бүсгүйчүүдийн тухай” үзэл бодлоор америк хүүхнүүдийн толгойг эргүүлэхэд амаргүй даг шүү. Тэр өөрийгөө толинд хардаг болов уу? АНУ-ын тэргүүн хатагтай байсан энэ эмэгтэйг залуу зандан байх цагт нь ч царайлаг гэж хэлэхэд түвэгтэй байсан. Хиллари банзлаас өмд, пиджакны хослол өмсөхийг илүүд үздэг. Юманд залхуугүй, сониуч зангаар ханддаг сэтгүүлчид түүнийг бэлгийн ямар чиг хандлагатай байсныг нь мэдчих санаатайгаар Хиллари Родэмийн сурагч хийгээд оюутан цагийн нэг ангийнхнаас нь тэрбээр охид, хөвгүүдийн алиныг нь илүүтэй сонирхдог байсныг нь лавлаад урам хугалсан хариулт сонссон байна.

“Бэлгийн уламжлалт бус чиг хандлага нь үзэгдлийнхээ хувьд л Хилларигийн сонирхлыг татаж байснаас цаашгүй” гэж тэд хэлжээ. Сэтгүүлч Карл Берштейн “Одоо ч тэрбээр сэтгэлд нь нийцсэн эрчүүдтэй гэм хоргүй сээтэгнэнэ үү гэхээс биш хамаагүй ойртохыг эрмэлзэхгүй” гэж бичсэн аж. Хиллари юмыг ургуулж бодохдоо яггүй. Шинэ Зеландын алдарт уулчин Эдмунд Хилларитай 1995 онд танилцаад түүний дурсгалд зориулж ээж минь надад ийм нэр өгсөн болов уу гэж хэвлэлийнхэнд хэлсэн удаатай. Гэтэл эрхэм Эдмунд 1953 онд Эверестэд гарч алдар нэрээ мандуулсан бол Хиллари үүнээс арай өмнө 1947 онд төржээ. Тэр хэр уудаг бол? Хүсвэл эрчүүдийг ичээж ч мэднэ. Тэрбээр 2004 онд Эстонид айлчлах үеэрээ сенатч Жон Маккейнтэй “тулж” уугаад түүнийг ялсан гэсэн яриа байдаг юм. Моникатай “орооцолдсон” Биллийг Хиллари яаж “шийтгэсэн” бол? Сэтгүүлч Кеит Андерсен Бродэрийн бичсэн “Өргөө” хэмээх ном хэвлэгдсэнээр энэ талаар зарим зүйл нэлээд тодорхой болжээ.

Моникатай холбоотой хэл амны дараа Цагаан ордонд юу болсон нь хүмүүсийн сонорт хүрсэн байна. “Тэрбээр (Хиллари) гэнэт “Өөдгүй новш” хэмээн хашгирах нь дуулдсан”. Моникатай холбоотой шуугиан хэвлэлээр цацагдаагүй байх үед Ерөнхийлөгчийн урилгаар энэ залуу бүсгүй Цагаан ордноор үзэгдээд л байж. Хэрэг явдал олонд ил болсон тэр өдөр хатагтай Хиллари нөхрийнхөө тархин дундуур номоор (Библиэр л болов уу) дэлсээд авсан гэнэ. Тэгэхэд Ерөнхийлөгч ингүүлэхээр “хэрэг тарьсан” гэж ордны үйлчлэгч нар шивнэлдэж байжээ. Боб Вудвордын “Сонголт” номд бичсэнээр Хиллари үхэгсдийн сүнстэй ярилцдаг болж таарч байгаа. Ийн ярилцах хамгийн дуртай сүнс нь АНУ-ын тэргүүн хатагтай байсан Элеонора Рузвельт болон Энэтхэгийн удирдагч агсан Махатма Ганди нарынх аж. Билл Клинтон гэргийнхээ энэ ер бусын явдлыг мэддэг юм байна. Америкийн нэртэй улстөрч, хатагтай Хиллари Клинтоны албан ёсны намтрыг манай уншигчид ч гадарлах болов уу.

Нэр хүндтэй дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй болсон, хожим нь Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан, манай улсад ирж байсан гээд л... Энэ бүхэн бол албан ёсны “намбагар” намтар юм. Хэний ч амьдралд байдаг шалдар булдар гэж хэлж болох зарим тохиолдлын талаар дээрх зүйлсийг цухас дурдлаа. Одоо Оросын Улст өрийн шинжилгээний олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Минченкогийн “хариуцлагатай” үгнээс сонирхуулъя. Нэгдүгээрт, Билл, Хиллари нар бол ердөө л нэг гэр бүлийн хоёр гэж үзэж болохгүй хүмүүс. Тэд нэрд гарсан улстөрчид юм. Энэ бол орон даяараа салаалж мөчирлөн тархсан дэмжигчдийн бүлэгтэй томоохон удам юм. Тэд АНУ-ын зүүн хойд эрэг, Өмнөд нутагт (Билл Клинтоны уугуул нутаг) Чикаго гээд хэд хэдэн тулах цэгтэй. Хоёрдугаарт, Клинтоныхон бол өөрсдийнхөө хувьд төдийгүй АН-ын хувьд санхүүгийн томоохон машин юм. Тэд дотоодын төдийгүй олон улсын бизнестэй, тэр ч бүү хэл олон Засгийн газартай удаан хугацаагаар холбоотой байгаа.

“Клинтоны сан” нь дэлхийн улсуудын Засгийн газраас олон жил татвар авч буйн дотор Арабын улсууд цөөнгүй. Хандив авдаг орнуудынхаа хүрээг хумихаар саявтар шийдсэн ч түүний салбарууд нь гадаад орнуудын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авсаар байгаа. Тийм учраас Клинтоны санхүүгийн машин геополитикийн нөлөөллийн хүчирхэг элемент хэвээр байгаа гэж үзэж болно. Гуравдугаарт, эмэгтэй хүмүүсийг боломжтой бүхий л сонгуульт албан тушаалд дэвш үүлэхэд дэмжлэг үзүүлдэг олон байгууллага Хилларигийн эргэн тойронд ажиллаж байдаг юм. Тэгэхлээр Клинтоныхон чинь санх үүгийн машин төдийгүй олон нийтийн байгууллагуудын хүчирхэг нэгдэл гэж болмоор байгаа биз. Америкчууд Ерөнхийлөгч асан Билл Клинтондоо яг ямархуу хандаж байна вэ гэвэл Клинтон бол Америкийн хамгийн нэрд гарсан Ерөнхийлөгчдийн нэг нь. Амьд мэнд байгаа Төрийн тэргүүнүүдийн дотроос албан тушаалаа өгөхдөө маш өндөр нэр хүндтэй байсан хүн.

Тэрбээр сайн илтгэгч, бусдыг татах чадвартай хүн. Нэг хүн Ерөнхийлөгч байх хугацааг хоёр бүрэн эрхээр хязгаарлаж, тэр бүү хэл хэсэг хугацааны дараа дахин өрсөлдөхийг зөвшөөрдөггүйд харамсаж явдгаа Америкийн АН-ын гишүүд илэрхийлж байхыг би нэг бус удаа сонсож байсан. 2012 онд Конгресст АНынхан олонх болсны дараа тэнд Обама, Байден болон олон хүн үг хэлсэн. Билл Клинтоныг үгээ хэлсний дараа уг арга хэмжээнд оролцсон нэг хүн “Ярих чадвар гэдэг чинь энэ дээ. Ийм хүний л нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлж баймаар байгаа юм” гэж билээ.

-Эхлээд нөхөр нь Ерөнхийлөгч байснаа эхнэр нь бас Ерөнхийлөгч болох гэх хүслийг америкчууд юу гэж үздэг юм бол?

-Хиллари зорьсондоо хүрэхэд нь Билл нэг талаас сайн, нөгөө талаас муу нөлөөтэй байж болох юм. Хилларийг Ерөнхийлөгчөөр сонгочихвол хоёр айлынхан эрх мэдлийг хоорондоо дамжуулаад л... гэх маягаар америкчууд хандаж магадгүй. Бушийнхнийг Клинтоныхон залгаж авах нь байна шүү дээ. Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш Америкийн улс төр бүхэлдээ энэ хоёр удмынхныг тойрч эргэлдсээр ирлээ л дээ. Миний бодлоор бол Хилларигийн нэрийг дэвшүүлэхийн тухайд АН дотор ноцтой сөрөг хүчин бас байх шиг байна. “Хиллари санхүүгийн эх үүсвэртэй хэт ойр байдаг болохоор намын үзэл санааг төлөөлөгч байж чадахгүй” гэж үздэг хүмүүс тэнд бий. Түүнээс гадна Хиллари чинь Обаматай тийм ч сайн харилцаатай биш, Хилларийг хүчтэй өрсөлдөгч гэж Обама аргагүйн эрхэнд олон түмний өмнө хэлж буй юм. Хиллари олон жил Ардчилсан намынхаа өмнөө барьдаг хүн нь байсан, түүний сүүдэрт хэн ч өсөж өндийж чадахгүйд учир байгаа юм.

-Билл гэргийгээ Ерөнхийлөгчийн суудал руу хөтөлж буйд БНН-ынхан хэрхэн хандаж байна?

-Клинтоныхонд тал өгөхгүй байвал сайн гэж энэ намынхан үзэж буй ч ивээн тэтгэгчдийнх нь үлэмж хэсгийн хувьд Хиллари тун сайн хувилбар юм. Ялангуяа санхүүгийн салбарынхны хувьд Хиллари маш оновчтой сонголт болно. Тэрбээр Америкийн түлш-эрчим хүчний салбарын компаниудтай ч хэл амаа ололцож чадна. Канадын Засгийн газар “Клинтоны сан”-д нэг сая орчим ам.доллар хандивласан нь санамсаргүй зүйл биш. Америкийн Конгресс дэмжсэн ч Обама хориг тавьчихаад байгаа “Keystone XL” төсөлд Хиллари уян зөөлөн байр суурьтай хандана гэдэгт канадчууд итгэж буй.

-Хиллари Ерөнхийлөгч болсон тохиолдолд албан ёсны айлчлал хийхдээ нийтээр мөрддөг ёс журмын дагуу нөхөртэйгөө хамт явах ёстой. Энэ нөхцөлд түвэг учрах уу?

-Түвэг учрахгүй. Гэргий нь нөхрийнхөө албыг хаших нь Америкийн улс төрд шинэ юм биш. Тухайлбал, Арнольд Шварценеггер Калифорни муж улсын амбан захирагчаар хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан, дараа нь энэ суудалд түүний гэргий Мария Шрайверийн нэрийг дэвш үүлэх тухай нэлээд хүчтэй ярьж байсан юм. Гэтэл Арни гэрийн ажлыг нь хийдэг эмэгтэйтэй хормой хотоороо орооцолдоод зогсохгүй, тэдний дундаас хүү төрсөн нь тодорхой болсноос Мария Шрайверийн нэрийг дэвшүүлэх асуудлыг орхихоос аргагүйд хүрсэн. Тодорхой хугацааны дараа Мишель Обама Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх боломжийн талаар одоо нэгэнт яриад эхэлчихсэн байна. Чухам тиймээс ч Хилларигийн нэрийг дэвшүүлэх асуудлаар Барак Обама гойд санаачилга гаргахгүй байгаа байж магадгүй юм. Хиллари энэ удаа л Ерөнхийлөгч болж чадахгүй бол хүсэл нь хэзээ ч биелэхгүй. Тэгвэл “түүхэнд АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн” орон тоо тодорхой хугацаанд сул байх нь. Хэрэв Хиллари Ерөнхийлөгч болчихвол Америкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн хажууд Билл зогсож байх нь ямар нэг түвэг учруулна гэж би бодохгүй байна. Түүгээр ч барахгүй олон улсын харилцаанд харин ч сайн нөлөөтэй байх болно.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
69.204.47.32 hog bichjee