УМАРД СОЛОНГОСЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НАР

2015 оны 04 сарын 24

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны гэргий Ли Соль Чу энэ он гарсаар анх удаа олны нүдэнд саяхан харагдав. Залуу Кимийн эцэг, өвөө нар улс орноо удирдаж байх үед гэр бүлээ олны нүднээс далд байлгах нь хэвийн үзэгдэл байсан. Ким Чен Ир бол бүр их нууцалдаг байв. Тэгвэл одоогийн залуу удирдагч үлгэр жишээ өрхийн тэргүүн байж харагдахыг хичээгээд зогсохгүй тэргүүн хатагтайг чөлөөтэй байхыг зөвшөөрдөг гэж ойлгуулах эрмэлзэлтэй байдаг бололтой. Орчин цагийн Умард Солонгос улс аман дээрээ коммунист үзэл сурталтай гэх боловч үнэн хэрэгтээ бол хэмжээгүй эрхт хаант засагтай гэмээр төрийн өвөрмөц байгуулалтай гэж хэлж болно. Тус улсад социализм, коммунизмаас юу үлдэв гэвэл маргаан ч гарч болохоор, харин эрх мэдэл өвлөгдөж ирсэн нь ташаагүй үнэн билээ. Аливаа хаант улсад эмэгтэйчүүд буюу эзний эхнэр, нууц амрагууд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалтай. Умард Солонгост ялгаагүй.

Одоо бол Ким Жөн Уны гэргий царайлаг Ли Соль Чу анхаарлын төвд байна. Түүний өмнөх хүүхнүүд, Кимийн удмын эрх баригчдын гэргий нарын тухайд ч ярих юм бас бий. Умард Солонгос улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сен (жинхэнэ нэр нь Ким Сон Чу) 1912 онд Пхеньян орчимд төрсөн аж. Түүний эцэг эх хожим нь Хятадад цагаачилж ирсэн байна. Ким 1930-аад оны эхээр Хятадын Коммунист намд элссэн байдаг. Харин энэ баримтыг 1950-иад оны эцсээс Умард Солонгосын хэвлэлд дурсахаа больжээ. Ким Ир Сен 1930-аад онд Манжуурт Японы эсрэг хөдөлгөөнд оролцож явсан төдийгүй партизаны хамгийн алдартай дарга нарын нэг гэгдэж байжээ. 1940 онд Японы хүч давамгайлж ирснээс түүний шахалтаар хил гарч ЗХУ-д нуугдахаас аргагүйд хүрсэн байна. Үүнээс өмнөхөн тэрбээр япончуудын эсрэг тулалдаж явсан Ким Чон Сук гэдэг солонгос бүсгүйтэй танилцсан аж.


Энэхүү Ким Чон Сук 1919 онд Хверён хотод төрсөн ч эцэг эх нь Ким Ир Сенийхний адил Манжуурт шилжин суурьшсан тул төрөлх хотоо хүүхэд байхдаа орхижээ. Тариачдын олонх охидын жишгээр олигтой боловсрол олж аваагүй тул партизаны отрядад байхдаа бичиг үсэгтэй болсон байх магадлалтай. Түүнийг мэдэх хүмүүс нь сайхан сэтгэлтэй, эелдэг зантай, ажилсаг, журамтай бүсгүй байсан гэлцдэг байна. Байдлаас үзэхэд Ким Ир Сен, Ким Чон Сук хоёр албан ёсоор гэр бүлээ ер бүртгүүлж байгаагүй бололтой юм. Партизаны отрядад аж төрж байсан улсад ийм боломж, ёс журам ч байгаагүй болохоор үүнд гайхах юм байхгүй. Партизаны амьдралтай явсан хоёр залуу ЗХУ-д очсоныхоо дараа л гэр бүлийн ёсоор аж төрсөн байна. Хабаровскийн ойролцоох Вятск гацаанд анхны хүүхэд төрсөн нь ирээдүйн их удирдагч, генералиссимус Ким Чен Ир байв. Түүнийг орос нэрээр Юра гэж дууддаг байсан нь Ким Ир Сен эх орондоо эргэж ирнэ гэх бодолгүй, үлдсэн амьдралаа Зөвлөлтийн офицер байж дуусгахаар шийдсэн байсантай нь холбоотой байж болох юм.

Ким Чен Ирийн дүүг ч мөн оросоор Шура гэдэг байж. Шура Ким золгүй тохиолдлоор хүүхэд байхдаа нас барсан юм гэнэ лээ. 1945 оны есдүгээр сард Ким Ир Сен эх орондоо эргэн ирж Умард Солонгос улсыг төвхнүүлэн Засгийн газрыг тэргүүлэв. Пхеньянд Ким Чон Сук гурав дахь хүүхдээ гаргасан нь охин байлаа. Түүнд Ким Кён Хи гэдэг нэр өгчээ. Хожим нь энэ бүсгүй улсын оёдлын аж үйлдвэрийг удирдаж, армийн генерал цол хүртсэн ч авга дүү Ким Жөн Уны нь тушаалаар 2012 оны арванхоёрдугаар сард нөхөр Чан Сон Тхекийг нь буудаж хороосноос хойш улс төрийн тавцангаас алга болсон байна. Чан Сон Тхек нь Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Ким Чон Сук 1949 онд хүүхэд төрүүлэх гэж байгаад амиа алдсан байдаг. Ким Ир Сен 1950 оны эхээр штабынхаа бичээчээр юм уу холбоочноор (энэ тухай мэдээлэл зөрдөг аж) ажиллаж байсан Ким Сон Э-тэй суужээ.

Тэд дөрвөн хүүхэдтэй болсон байна. Ким Чон Сукт “партизаны тэмцлийн баатар” гэсэн даруу хэрнээ тодорхой статусыг нэхэн олгосон байна. Ким Ир Сений хоёр дахь гэргийн талаар Солонгосын хэвлэл бараг 15 жил ам нээхгүй байжээ. Ким Сон Э-г албан ёсны нэгэн хүлээн авалт дээр ирсэн тухай хэвлэлд цухас мэдээлснээр аугаа их удирдагч, үндэстний наран, маршал Ким Ир Сен гэргийтэй болсныг умард солонгосчууд 1965 онд сая нэг юм мэдэж авсан байна. 1960-аад оны эцсээр Ким Ир Сен гэргийгээ Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар томилсон бөгөөд эндхийн гэрийн эзэгтэй нарын хувьд тус байгууллагад гишүүн байх үүрэг албан ёсоор хүлээдэг байв. Чухам энэ үеэс Ким Сон Э-г тахин шүтэх хандлага бий болж, тухайлбал, Ким Ир Сенийх шиг Ким Сон Э-гийн хувьсгалт үйл ажиллагааг судлах төвүүд энд тэнд бий болжээ. Харин Ким Чен Ир албан тушаал ахихын хэрээр хойт эхийнх нь улс төрийн үйл ажиллагаа хумигдаж, 1970-аад оны дунд үеэс тэрбээр олны нүдэнд харагдах нь өдрийн од мэт болж, Ким Ир Сенийн гэргийн хувьд гадаадын Төрийн тэргүүн нартай уулзах үед дагалдан явах төдийгөөс хэтрэхээ больжээ. 1970-аад оны эхээр Ким Ир Сен социалист орнуудын удирдагчдын хувьд байдаггүй шийдвэр гаргаж эрх мэдлээ хүүдээ шилжүүлэхээр болов. Залгамжлах хүн нь ууган хүү Ким Чен Ир бөгөөд энэ албанд өрсөлдөх боломжтой гэж бодож байсан хүмүүсийн горьдлого ийнхүү талаар боллоо.

Ким Ир Сений хоёр дахь гэргийгээс гарсан хүүхдүүдийг гадаадад боломжийн дипломат албанд томилсон ч Пхеньянд болдог өрсөлд өөнд бүрэн хэмжээгээр оролцох эрхгүй үлджээ. Ким Чен Ир залгамжлагч болсноос хойш түүний талийгаач эх Ким Чон Сукийг өрг өмжлөх суртал нэвтрүүлэг хүчтэй болж, жирийн тогооч, партизаны отрядад оёдолчин байсан тэр бүсгүйг “Пэкту уулын гурван жанжин”-ы нэг болгож орхив. Залгамжлагч (Ким Чен Ир)-ийн хувийн амьдрал оргилж буцалж байлаа. Тэрбээр залуудаа Пхеньяны дээдсийн охид хүүхнүүдийн дунд нэр цуутай явсан нэгэн юм. Аливаа ханхүү олны хараанд байдаг нь зүй ёсных ч Ким Чен Ир авьяас чадвартай, сэтгэл татам эр байв. Мотоцикль чадмаг унадаг, морь унах дуртай, киноны талаар шаггүй мэдлэгтэй, хошин шогийн мэдрэмж сайтай байжээ. Үүний зэрэгцээ хувийн амьдралаа бусдад дэлгэхийг хичээдэггүй байсан болохоор түүнд хэчнээн эхнэр, үерхдэг бүсгүй байсан, тэд нар нь хэдэн хүүхэд төрүүлсэн талаарх мэдээлэл хомс.

Тэгэхдээ Ким Чен Ир сэтгэл алдарсан анхны эмэгтэй нь кино жүжигчин, тухайн үедээ Пхеньяны сайхан хүүхэн гэгдэж байсан Сон Хе Рим юм. Тэрбээр нөхөртэй, тэр нь Умард Солонгосын нэрд гарсан зохиолч Ли Ги Ёны хүү байсан нь Ким Чен Иртэй “самбаганахад” нь саад болоогүй аж. Түүгээр ч барахгүй Сон Хе Рим нөхрөөсөө салж, хэдэн жил Ким Чен Ирийн өргөөнд амьдарчээ. Энэ үедээ Ким Чен Ирийн анхны хүү Ким Чен Намыг төрүүлсэн байна. Энэ хүү одоо Макаод амьдардаг, улс төрөөс хөндий бөгөөд бүхий л байдлаас ажихад одоогийн удирдагч, өөрийн дүү Ким Жөн Унтай таарч тохирдоггүй нь илт. Хүүгийнхээ гэргийд их удирдагч таагүй ханддаг байсан нь Ким Чен Ир, Сон Хе Рим хоёрын амьдралд эхнээсээ л сүүдрээ тусгаж байлаа. Хүү нь нөхрөөсөө салсан хүүхэнтэй суусанд Ким Ир Сен ихэд дургүй байжээ. 1940-өөд оны эцсээр Умардад зугтаж ирсэн өмнөд солонгос хүний охин байсан нь бүр ч зэвүүг нь хүргэнэ. Ингээд Ким Чен Ир, Сон Хе Рим хоёр салав. Мэдрэлийн хүнд өвчнөөр шаналсан Сон Хе Рим эмчлүүлэхээр гадаад орныг зорив. Тэрбээр Москвад аж төрж байгаад 2002 онд өөд болжээ. Түүнийг харин Ким Чен Ир сайн харж ханддаг байсан гэдэг.

Ким Чен Ирийн хоёр дахь сонголт нь бас л жүжигчин байлаа. Түүнийг Ко Ён Хи гэдэг. Тэгэхдээ кинонд тоглодоггүй, бүжигчин байв. Удам угсаа нь бас “маапаантай”. Социализм байгуулахаар Японоос 1960-аад онд БНАСАУд ирсэн солонгос гаралтай гэр бүлд Ко Ён Хи төржээ. Ким Чен Ир, Ко Ён Хи хоёроос хоёр хүү, нэг охин төрсөн байна. Кон Ён Хи Парист хорт хавдраа эмчлүүлж байгаад 2004 онд нас барсан аж. Нас ахисан Ким Чен Иртэй дэр хуваасан сүүлчийн бүсгүй нь түүний нарийн бичгийн дарга байсан, 20 насаар дүү Ким Ок байв. Гурван гэргийгээс гадна Ким Чен Ирт нууц амраг гэж хэлж болох эмэгтэй хэд хэд байжээ. Эмэгтэйч үүдийг хялбархан сольж хольдог эцгийнх нь уйдамхай байдал хүү Ким Жөн Унд таалагддагг үй байснаас үлгэр жишээ журамтай эр байхаар шийдсэн байна.

Ямар ч байсан одоогоор тийм хүн байж чадаж буй. Ким Жөн Уныг эрх мэдлийн оргилд хүрснээс хагас жилийн дараагаас буюу 2012 оны зун албан ёсны арга хэмжээ, үзвэр үйлчилгээн дээр түүний хажууд нүдэнд дулаахан эмэгтэй үзэгдэх болов. Түүнийг Ли Соль Чу гэх бөгөөд залуу маршалын гэргий хэмээн Умард Солонгосын албан ёсны мэдээллийн хэрэгслүүд удалгүй уламжилсан юм. Ли Соль Чугийн талаарх мэдээлэл их ховор. Ямар ч байсан Умард Солонгосын тэргүүн хатагтай маань цэргийн хүний охин бололтой. Хөгжимчин бөгөөд Умард Солонгостоо хамгийн өрнөд маягийн гэгддэг “Моранбон” гэх чуулгад хэсэг хугацаанд ажиллаж байсан. Олны өмнө гэргийтэйгээ тун цөөн харагддаг байсан өвөө, өөрийнх нь амьдралд эмэгтэй хүн байсан гэх баримтыг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан эцэг хоёроосоо ялгаатай нь Ким Жөн Ун гэргийгээ нуудаггүй юм.

Түүнийг Жанжин штабын хурал дээр номхон зогсох хижээл генералуудын дунд зогсож, удирдагчийн гараас шагнал хүртэй буй тэргүүний ажилчдын гэрт морилж байхыг харж болно. Тэр ч бүү хэл ширээн дээр байгаа аяга тавгийг угаахаар авахад нь гэрийн эзэгтэйд тусалж байгаа харагдсан удаа бий. Энэ бүсгүй Ким Ир Сен, Ким Чен Ирийн дүрс бүхий тэмдгийн аль нэгийг юм уу хоёуланг нь зүүлгүйгээр олон түмний өмнө гарч ирж байсан анхны хүн ч байж мэднэ. Ийм тэмдэг зүүж явах нь 1970-аад оноос хойш Умард Солонгосын иргэдийн хувьд үүрэг байх болсон бөгөөд дэглэмд үнэнч болохыг нь ч давхар харуулдаг юм. Энэ тэмдэг гоо зүйн хийгээд улс төрийн шалтгаанаар Ли Соль Чугийн дургүйг хүргэдэг гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ийм байдал нь Умард Солонгосын хэмжүүрээр бол буруу жишиг бөгөөд хүмүүсийн хачирхлыг төрүүлнэ. Харин гайхаж буйгаа тэд ил харуулахгүй л дээ. Ли Соль Чу 2012 оны эхээр охин төрүүлсэн. Энэ бол тэдний аль алиных нь анхны хүүхэд. Эрх мэдлээ үе залгамжлуулдаг Умард Солонгосын тогтолцоонд энэ явдал хэрхэн нөлөөлөх тухайд хүмүүс янз бүрээр ярих болсон байна. Тэгэхдээ үүнийг одоо ярих нь эрт л дээ.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
195.178.222.67 hunii bichsen niitleliig huulbarlaad tavichihsan yumu haashaa yum http://vip76.mn/content/31311 ene deeer yag adilhan niitlel bhiin