Хуучин АНД

2015 оны 04 сарын 09

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев саяхан БНСВУ-д айлчлал хийв. Орос, Вьетнам хоёр эртний уламжлалт харилцаатай байсан юм. Харин Вьетнамын гадаад бодлого одоо нарийн түвэгтэй, зөрчилтэй байгаа болохоор Москва түүнд дасан зохицох шаардлагатай болох биз. Засгийн эрхийг барьж байгаа Вьетнамын Коммунист нам (ВКН) улс орноо дотоод, гадаадын дайснаас хамгаалж, 90 сая хүн амынхаа амьдралын түвшинг дээшлүүлж чадах эсэхээ харуулах ёстой болоод байгаа юм. Эдийн засагтаа анхаарах нь Вьетнамын тэргүүн зэргийн асуудал бөгөөд тус улс дундаж орлоготой улсын бүлэгт саяхнаас ороод буй ч учрах бэрхшээл нэмэгдсээр байна.

ДНБ нь 2015-2016 онд зургаан хувь гаруйхнаар нэмэгдэх төлөвтэй байгаа нь хөгжингүй орны үзүүлэлтээр бол тун дажгүй ч эдийн засгийн гайхамшигт хүртэл өдий байна. Тиймээс Вьетнамын экспортод чиглэсэн эдийн засгийн хувьд технологи, хөрөнгө оргуулалт, зах зээл ихээхэн ач холбогдолтой байгаа юм. Гадаад бодлогын хувьд харилцан ашигтай түншийн өргөн сүлжээ бий болгохыг чухалчилж буй. 1976 онд Хятадтай хилийн дайн хийснээс хойш тус улсын удирдлага эвслийн эв нэгдэлд итгэхээ больсон учраас өндгөө янз бүрийн сагсанд тарааж хийх, өөрөөр хэлбэл БНХАУ, АНУ, Орос болон Энэтхэг, Европ, Зүүн, Зүүн өмнөд Азийн орнуудтай сайн харилцаатай байхыг эрмэлзэх болсон. Вьетнамд хамгийн ойр улс нь Хятад. Үүнд соёл иргэншлийн нийтлэг байдал, улс төрийн тогтолцоо ижил төстэй, газар нутаг ойр гээд шалтгаан олон бий.

Худалдааны энэ томоохон түншид нь Вьетнамын гаднаас авдаг барааны дөрөвний нэг нь оногддог. Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли, Параселийн арлуудыг тойрсон нутаг дэвсгэрийн маргаан энэ хоёр улсын харилцааны хамгийн түвэгтэй асуудал юм. Хятад, Вьетнамын харилцаа ер амар байгаагүй. Түүхэндээ Вьетнамын хийсэн олон арван чөлөөлөх дайны хоёр нь л Хятадын эсрэг биш байсан. Энэ байдал Вьетнамын нийгэмд үндэстнээ гэх үзлийг төлөвшүүлж, дотоодын сөрөг хүчин нь умард хөршдөө хатуухан хандаж байх нь зүйтэй гэж үздэг. 2014 оны тавдугаар сард Вьетнамын эдийн засгийн бүсэд Хятад улс өрөмдлөгийн төхөөрөмж байрлуулахад Вьетнамын зарим районд Хятадын үйлдвэр аж ахуйн газрыг олноор нь түйвээсэн юм. Тэгэхдээ БНХАУ, БНСВУ хоёрын хооронд ан цав гарсан мэтээр яривал бас алдаа болно. Намуудынх нь хооронд маш нягт хэлхээ холбоо бий. Тэр ч бүү хэл Ханой гадаад бодлогын аливаа томоохон шийдвэрийг Бээжингийн зааваргүйгээр гаргадаггүй гэсэн яриа ч байдаг юм.

Ямар ч байсан аливаа зөрчлийг ХКН, ВКН-ын шугамаар хамгаас шуурхай шийдвэрлэсээр ирсэн гэж хэлж болно. Өрөмдөх төхөөрөмжтэй холбоотой асуудлаарх хаалттай яриа хөөрөөг ч мөн л нам хоорондын шугамаар хийсэн. Тэгэхдээ Хятадтай хатуухан харилцаж байх ёстой гэж үздэг ВКН-ын олон гишүүнд энэ байдал таалагдаагүй нь ойлгомжтой. Дотооддоо зөрчилтэй ийм байдал нь Азид хэлхээ холбоогоо бэхжүүлэх гэсэн АНУ-ын эрмэлзэл дээр тоглолт хийх зүй ёсны хүслийг Вьетнамын удирдлагад төрүүлсэн юм Энэ стратегийн гол элемент нь, Вашингтоны “шинэ андуудын” дотор тэргүүлэх үүрэгтэй нь Вьетнам болоод байгаа. 1995 онд “эвлэрснээс” хойш тус хоёр улсын харилцаа ялангуяа эдийн засгийн салбарт эрчимтэй хөгжиж байна. Одоо Вьетнамын экспортын гол чиглэл нь Америкийн зах зээл болоод байгаа. Вашингтон, Ханойн харилцаанд 2014 онд хоёр томоохон ахиц гарлаа. Эхнийх нь Америкийн байлдааны зэвсгийг Вьетнамд нийлүүлэхэд тавьсан хоригийнхоо заримыг цуцлав.

Одоогоор цуцалсан хориг нь зэвсэг болон тэнгисийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зориулсан байлдааны техникээр хязгаарлагдаж буй ч үүгээр харилцааг бүрэн хэвийн болсон гэж хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн вьетнамчууд мэдэгдэж, хоригийг бүрэн цуцлахыг шаардаж, өөрөөр хэлбэл барьцаа ахиулахыг хичээж буй. Хоригийг цуцлахыг тууштай дэмжигчдийн дотор тухайн үедээ Вьетнамд байлдаж, олзлогдож явсан, нэрд гарсан сенатч Жон Маккейн орж байгаа. Хоёрдугаарт, Вьетнамд эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд ийш нь атомын цахилгаан станцын тоног төхөөрөмж нийлүүлэхийг Америкийн фирмүүдэд зөвшөөрсөн шийдвэрийг Сенатын мэргэжлийн комисс сайшаан батлав. Америк, Вьетнамын харилцааг бас цэвэр тунгалаг гэж хэлж боломгүй. Гол асуудал хүний эрхийг хангахтай холбоотой байгаа. Вьетнамын эрх баригчид улс төрийн сөрөг хүчин, шашны цөөнх, ажилчин, сэтгүүлчдийн эрхэд халтай хандаж байна гэж АНУ шүүмжилдэг юм.

Коммунист Засгийн газартай хамтарч ажиллахад америкчуудад амаргүй байгаа нь мэдээж, гэтэл Вашингтон Ханойд ойртох гээд буй нь эрх мэдэлд намын ноёрхлыг үгүй хийх алсын зорилготой юм биш байгаа гэж ВКН ихээхэн болгоомжилж буй юм. Тэгээд ч тэр үү ардчилал, хүний эрхийн өндөр стандартад Вьетнамын бодит байдал төдийлэн нийцэхгүй байгаад АНУ өршөөнгүй хандахад өнөөдрийн байдлаар бэлэн байна. Улс төрийн тогтвортой дэглэмтэй, армиа төр нь чанд хянадаг нь Зүүн өмнөд Ази дахь АНУ-ын түншийн үнэт чанар гэж үздэг. Вашингтонд юу нь үнэ цэнэтэй болохыг Ханой мэддэг учраас ч аюулгүй байдлаа бэхжүүлэх, Америкийн зах зээлд Вьетнамын барааг гаргах арга замыг хялбар болгох, шинэ технологи, хөрөнгийг нь татаж чадна гэдэгтээ эргэлзэхгүй болжээ. БНСВУ-ын удирдлага Хятад, АНУ-тай тогтоосон нягт харилцаандаа найдан хоёр туйлт сөргөлдөөний золиос болохгүй байхыг хичээж байна. Үүний тулд Орос ч Вьетнамд хэрэгтэй хэвээр байгаа юм. Москва, Ханой хоёрын харилцаанд маш ирээдүйтэй гурван чиглэл байна гэж үзэж болно.

Нэгдүгээрт, цэрэг-техникийн хамтын ажиллагаа. Дайтаж буй Вьетнамд үзүүлж байсан Зөвлөлтийн цэргийн тусламж энэ салбарт өвлөгдөж ирээд одоо ч үнэ хүндээ алдаагүй байгаа юм. Усан доогуур явдаг “Варшавянка” загварын зургаан завь нийлүүлэхээр гэрээ байгуулсан нь энэ салбар дахь хамгийн дорвитой амжилт болсон байна. Энэ завийг далай тэнгис дэх Хятадын санаархалд сөрөг үйлдэл үзүүлэх үр дүнтэй хэрэгсэл гэж Зүүн өмнөд Азийн олон орон үзэх болжээ.

Хоёрдугаарт, эрчим хүчний салбар “Вьетсовпетро” хэмээх хамтарсан үйлдвэр 1980-аад оноос Өмнөд Вьетнамд амжилттай ажиллаж буй юм. Оросын нутаг дэвсгэр дээр ч өнөө цагийн хэд хэдэн төсөл хэрэгжиж байна. Вьетнамд “Атомстройэкспорт”- ын хэрэгж үүлж буй “Ниньтхуан- 1” гэдэг АЦС-ын төслийг эрчим хүчний салбар дахь Орос-Вьетнамын хамтын ажиллагааны эрдэнэ сувд гэлтэй.

Гуравдугаарт, худалдааны чөлөөт бүс, Евразийн эдийн засгийн холбоо юм. Энэ тухай тохиролцоонд Вьетнам 2015 онд багтаж гарын үсэг зурах ёстой. Энэ бол хоёр улсын олон талт, хамгийн том төсөл юм. Ихэнх барааг гаалийн татвараас чөлөөлөхөөр төлөвлөж буй нь бараа эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэхдээ энд бас бэрхшээл бий. Хоёр талын харилцааны хөгжлийн түвшинг хэмждэг барааны хөдөлгөөн эрчимжинэ. Бараа эргэлт дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ гэж аль аль нь хөл хөөрцөг болоод байгаа. Гэтэл энэ нь Вьетнамын нийт бараа эргэлтийн ердөө нэг хувь, Оросын хувьд бүр 0.5 хувь болж буй юм. Тэгвэл Вьетнам, Америк хоёрын худалдаа 36 тэрбум ам.долларт хүрчээ. Хятадтай хийж буй худалдаа нь 58 тэрбум долларт хүрсэн байна. Худалдааны чөлөөт бүс-Евразийн эдийн засгийн холбоо бий болгосноор энэ салбарт мэдэгдэхүйц ахиц гарна гэдэгт Орос ч, Вьетнам ч эргэлзэж буй юм. Дээр дурдсан хамтын ажиллагааны уламжлалт салбаруудад Оросын хувьд өрсөлдөгч гарч ирээд байна.

Тухайлбал, атомын эрчим хүчний салбарт Өмнөд Солонгос, Япон, удахгүй АНУ орж ирэх нь. Нефть олборлолтоор Оросын өсгийн дээр Энэтхэг гишгэчих гэж байна. Хэрэв Вьетнамд зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригоо Америк бүхэлд нь цуцалчихвал Орос байлдааны техникээ экспортлох нь юу болох билээ? Хөгжиж буй орнуудад ихэд үнэлэгдэж ирсэн “Калашников”-ыг өнгөрсөн жил “цэвэр тавьсан” Израилийн “Галил” концерн Вьетнамд автомат буу угсрах цех байгуулахаар болоод байна. Удирдлагынх нь хооронд түншийн нягт харилцаа нэгэнт тогтсон бүс нутгийн биш томоохон гүрний хувьд Орос улс Вьетнамд чухал байгаа нь үнэн. Харин энэ харилцааны бат бөхийг шинэхэн түүхэнд үнэндээ ер шалгаагүй байгаа юм.

Атомын бөмбөгдөгч онгоцнуудыг цэнэглэдэг Оросын онгоцнуудад Камраний буудлаа ашиглуулахгүй байхыг Ханойгоос Вашингтон хүссэн нь өнгөрсөн сард хэвлэлээс тодорхой болж байсан. Үүнд Вьетнамын тал товчхон, даруухан тайлбар хийгээд өнгөрсөн. Хэвлэлд ийм мэдээлэл гарна гэдэг Америкийн Төрийн Департаментийн зүгээс хийж буй нэлээд бүдүүлэг алхам мөн. Гэхдээ Өрнөдтэй харилцаа нь муудаад байгаа Оростой нягт хамтарч ажилласнаар Вьетнам улс төрийн хохирол хүлээхэд бэлэн үү гэдэг асуудал бий. Орос-Вьетнам-Хятад гэсэн гурвалжинд иймэрхүү зөрчил гарч ирж болзошгүй. Хоёр талын харилцааны найдвартай суурь нь хамтын ажиллагааны баялаг түүх, улс төр, цэрэгтехникийн өндөр хөгжсөн яриа хэлэлцээ байдаг болохоор зөрчил үүссэн тохиолдолд Москва хэнийг нь сонгохоо мэдэж таарна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД