“Анхны эмэгтэй” Грабар-Китарович

2015 оны 04 сарын 09

Сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн Грабар- Китарович Колинда гэдэг эмэгтэй энэ оны нэгдүгээр сард болсон Хорватын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд цөөн саналаар ялж, таван жил тус улсын төрийг тэргүүлэхээр болсон юм. Хорватын Сонгуулийн хорооны мэдээлснээр хэсгүүдийн 99.7 хувь нь мэдээллээ ирүүлсний дараа Грабар-Китарович 50.43 хувийн санал авсан байв. Хорват Европын холбооны хамгийн цэцэглэн хөгжсөн орны нэг болно гэж Грабар-Китарович санал хураалт дууссаны дараа телевизээр хэлсэн байдаг. “Намайг энэ тулаанд ороход, энэ чамд ямар хэрэгтэй юм бэ, ялагдана даа чи гэх хүн олон байсан. Гэвч би бууж өгөөгүй. Хорватын сайн сайхны төлөө би ингэж л ажиллана. Бид маргаашийг хүлээлгүй ажлаа өнөөдрөөс эхэлж байна” гэж 46 настай Грабар-Китарович мэдэгдсэн байна.

Сонгуулийн өмнөх кампанит ажлаа эдийн засгийн асуудалд төвлөрүүлж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, ажилгүйдэлтэй тэмцэх, залуучуудыг хилийн чанад руу алдахад саад хийхэд голлон анхаарна гэж амлаж байлаа. Өнгөрсөн онд гэхэд 12 мянган залуу гадаад руу гарсан байна. Грабар-Китарович өөрийн өрсөлдөгч, нэг хувийн саналаар ялагдсан Йосиповичид талархал илэрхийлээд бүх өрсөлдөгчийн дэмжигчдийг улс орныхоо төлөө нэгдэхийг уриалав. Тэрбээр “Хорват улсаа сайхан байлгахыг хүснэ. Бид салж хуваагдаж үзлээ. Биднийг их ажил хүлээж байна. Нэгдэцгээе” гэж хэлжээ. Хорватын ирээдүйн Ерөнхийлөгч улсынхаа батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд ихэд анхаарч “авлигыг цэглэхийг” амлаж байв. Гадаад бодлогодоо Хорватын эрх ашгийг дээдлэхийг үүргээ гэж үзэж байлаа.

Хөрш Германтай түншийн харилцаагаа сэргээж, хорват хүмүүсийн эрхийг гадаад улс орнуудад ч хамгаална гэж мэдэгдэв. Хорватаас гарч явсан бүх хүнийг эргэж ирээч хэмээн дуудав. “Бид хамтдаа гайхамшгийг бүтээж чадна, үүнд итгээрэй” гэж Грабар-Китарович хэллээ. Хорватын Ерөнхийлөгч байсан Иво Йосипович өрсөлдөгчөө ялсанд нь баяр хүргээд, “Тэрбээр ардчилсан уралдаанд түрүүллээ. Хорват улсын сайн Ерөнхийлөгч байгаарай” гэж ерөөгөөд өөрийг нь дэмжсэн нэг сая гаруй сонгогчдодоо талархал илэрхийлэв. Грабар-Китарович Колинда 1968 оны дөрөвдүгээр сарын 29-нд хуучин Югославын, одоогийн Хорватын Риека хотод төрсөн аж. Хүүхэд, залуу нас нь Америкт өнгөрчээ. Загребийн их сургуулийн философийн салбарыг 1992 онд төгссөн байна. 1995-1996 онд Австрийн Вена хотод Дипломатын академид сурчээ. 2000 онд Загребийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны салбарын олон улсын харилцааны магистрын зэрэг авлаа. 2002-2003 онд Жорж Вашингтоны их сургуулийн Фулбрайтын Америкийн боловсролын хөтөлбөрийг, Харвардын их сургуулийн дэргэдэх Жон Кеннедигийн нэрэмжит удирдлагын сургуулийг дүүргэв.

Мөн Вашингтоны Жон Хопкинсийн их сургуулийн Пол Нитцегийн нэрэмжит олон улсын гүнзгийрүүлсэн судалгааны сургуульд уригдаж судлаачаар ажиллажээ. Грабар-Китарович Хорватын ардчилсан нөхөрлөл хэмээх баруун төвийн намд 1992 онд элссэнээр улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ ондоо Хорватын Шинжлэх ухаан, техникийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газарт ажиллах болж, дараа жил нь Гадаад харилцааны яаманд шилжин очиж, 1995-1997 онд Умард Америктай харилцах газрыг нь тэргүүлжээ. 1997-2002 онд Канад дахь Хорватын ЭСЯ-нд ажиллав. 2001-2003 онд Гадаад хэргийн сайдын зөвлөх байлаа. 2003 оны арваннэгдүгээр сард Хорватын ардчилсан нөхөрлөл намаасаа Парламентын гишүүнээр сонгогдов. 2003 оны эцсээс 2005 оны хоёрдугаар сар хүртэл Европын интеграцын асуудал эрхэлсэн яамыг толгойлж ажиллажээ. 2004 онд Хорватыг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээрийг удирдлаа. 2005 оны хоёрдугаар сараас 2008 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайдаар ажиллав.

Уг албыг хашсан анхны эмэгтэй хүн болсон нь энэ. Тэрбээр Хорватыг Европын холбоо болон НАТО-д элсүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан байна. 2008-2011 онд АНУ-д Хорватын Элчин сайдаар ажиллав. 2011 оны долдугаар сараас 2014 оны есдүгээр сард НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат бодлогын асуудал эрхэлсэн туслах байлаа. Энэ үүргийг урьд нь эмэгтэй хүн гүйцэтгэж байгаагүй аж. Ерөнхийлөгчийн суудалд Грабар-Китарович өрсөлдсөн сонгуульд Хорватын 3.8 сая иргэн сонгогчийн эрхтэй байсны дотор тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суудаггүй 8328 хүн байжээ. Энэ нь Босни Герцеговинд амьдардаг хорватууд гэсэн үг. Хорватууд давхар харьяалалтай байж болдог аж. Хорват нь нийтдээ 4.2 сая хүнтэй юм. Ерөнхийлөгчөө таван жилийн хугацаагаар шууд санал хураалтаар сонгодог бөгөөд нэг удаа улираан сонгож болдог. 18 нас хүрсэн иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Нэрийг улс төрийн нам, нэгдэл, сонгогчдын бүлэг дэвшүүлж болохын зэрэгцээ бие даагч бас өрсөлдөж болдог Энэ сонгуульд урьд өмнө нь байгаагүй олон ажиглагч иржээ.

Хоёр шатны сонгуулийн явцыг 22 мянга орчим хүн ажигласан нь нэг хэсэгт дөрвөн хүн гэсэн үг. Грабар-Китарович Колинда Хорватын анхны эмэгтэй Ерөнхийлөгч төдийгүй НАТО-гийн түүхэнд хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй болсон юм. Тэрбээр сонгогчдын 50.4 хувийнх нь дэмжлэгийг хүлээв. 2014 оны арванхоёрдугаар сарын 28-нд болсон сонгуулийн эхний шатанд түүний өрсөлдөгч Иво Йосипович тэргүүлж явсан байдаг. Энэ хүн хуульч мэргэжилтэй ч сонгодог хөгжмийн зохиолч юм. Тэрбээр өндөр суудлаа энэ оны хоёрдугаар сарын 15-нд ГрабарКитаровичид хүлээлгэж өгсөн. Грабар-Китарович сонгуульд сөрөг хүчний Хорватын ардчилсан холбоо намаас нэрээ дэвшүүлж оролцсон юм. Түүний ялалт энэ оны эцсээр болох Паралментын сонгуульд нам нь олонхийн суудал авах боломжийг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа. 1991 онд Югославаас туурга тусгаарласан Хорват улсын дөрөв дэх Ерөнхийлөгч нь Грабар- Китарович боллоо.

Тус улс Европын холбооны хамгийн залуу гишүүний нэг. Энэ холбоонд Хорват улс 2013 оны долдугаар сарын 1-нд элссэн юм. Ерөнхийлөгчийн албан тушаал нь Хорватын хувьд ёслол, хүндэтгэлийн чанар илүүтэй. Тэгэхдээ гадаад бодлого, батлан хамгаалахын салбарын бодлогыг тодорхойлоход төрийн тэргүүн жин дардаг. 1996 оноос Яков Китаровичтой гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Англи, испани, португал хэлтэй. Уран зохиол, кино сонирхдог, аялах, байгалийн сайханд саатах дуртай. Эцэст нь Хорват улсын талаар өгүүлье. Дэлхийн II дайны явцад нацистууд тусгаар тогтносон Хорват улсыг байгуулж, 1941-1944 онд түүний нутаг дэвсгэр дээр бөөнөөр хорих лагерь 30-ийг байгуулсан байдаг. Энэ нь тус улсад “цэвэрлэгээ” хийх зорилготой байв. Ийм нэрээр фашистууд Европын еврей хүн амыг бөөнөөр нь устгах зорилго өвөрлөж байсныг бид мэднэ.

Дайны дараа Иосип Броз титогийн удирдлага дор Югослав улсыг байгуулахад Хорват түүнд нэгдсэн байна. ЗХУ задарсны дараа Слободан Милошевичийн Засгийн газрын үед иргэний дайн дэгдэж Югослав ч бутрав. Ийнхүү туурга тусгаар Хорват улс дахин бий болоход Ардчилсан нөхөрлөл намын төлөөлөл Франьо Тужман гэгч тус улсыг тэргүүлжээ. Грабар- Китарович нь одоо энэ намын гишүүн юм. Тус намыг энэхүү Тужман байгуулсан бөгөөд улс орноо тусгаар тогтнуулаад зогсохгүй серб болон лалын цөөнхийн нөлөөнөөс гаргах нь түүний гол зорилго байв. Америкийн судлаач Жеймс Кимент, Кеннет Хилл нарын үзэж буйгаар Тужман сонгуулийн кампанит ажлаа нацистуудын адилаар еврей, серб, лалын шашинтнуудыг гадуурхах үзэл дээр тулгуурлажээ. Энэ удаад Хорватын үндсэрхэг үзэлтнүүдийг НАТО болон зэвсэгт бүлэглэлүүдийг бэлтгэдэг Америкийн хувийн хэвшлийнхэн дэмжсэн аж. Хорватын үндсэрхэг үзэлтнүүд 1994 онд АНУ-ын тусгай албад, цэргийн хувийн зөвлөхүүдийн тусламжтайгаар 700 мянган серб хүнийг шилжүүлэн суурьшуулав.

Энэ сербүүд Загребийн толгойд фашистууд гарч ирснийг эсэргүүцэн боссон аж. Нөхцөл ийм байх үед Грабар-Китарович улстөрч, төрийн ажилтны замаа эхлүүлсэн байна. Дэлхийн II дайнд нам нь ямар үүрэг гүйцэтгэж байсныг тэрбээр мэдэхгүй ч Хорватын серб үндэстнүүдийн эсрэг иргэний дайныг дэмжиж байв. Түүнийг 1997 оноос Канадад дипломат ажил эрхэлж байхад нь Канадын Агаарын цэргийн хүчин Косовод НАТО-гийн интервенцэд оролцож, байлдааны CF-18 Hornet онгоцуудаа илгээж байлаа. Хорват улс 2009 онд НАТО-д элссэн бол дөрвөн жилийн дараа Европын холбооны бүрэлдэхүүнд орсон нь тус улсын уналтыг түргэсгэв.

2014 онд Европын холбоон дотроо Хорват эдийн засгийн хамгийн муу үзүүлэлттэй байлаа. Дэлхийн эдийн засгийн хямралаас Хорват ихээхэн хохирол амссан. Эдийн засгийн хатуу бодлого, нефтийн үнэ унасны уршгаар ойрын үед хөл дээрээ босох найдлага муу байна гэж шинжээчид үздэг. Импорт, экспортын үндсэн бараа нь нефть бүтээгдэхүүн юм. Ажилгүйдэл 20 хувьд хүрчээ. Балканы орнуудад НАТО-гийн хийж буй туршилтын шинэ үе шат Хорватын нийслэлд түгшүүртэй байдал бий болгоод байна. Ялангуяа дэлхийн II дайнд ЗХУ болон түүний Өрнөдийн холбоотнууд ялснаар алдсан нэр хүндээ эргүүлж олж авахыг хүсдэг үндсэрхэг үзэлтнүүдийн хувьд их хэцүү цаг үе тулгараад байгаа юм.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД