ОРОС ЭМЧ

2015 оны 04 сарын 07

Мэс засалч Георгий Синяков Челябинскийн эмнэлгийн нэг хэсгийг 20 гаруй жил удирдсан байна. Тэрбээр эх орны дайны үед бөөнөөр хорих лагерьт байхдаа Зөвлөлтийн олон олзлогдогчийг оргоход нь тусалж, хэдэн мянган хоригдлыг үхлээс аварсныг нь мэдэх хүн цөөн. ЗХУ-ын баатар нисгэгч Анна Егорова- Тимофееваг Кюстриний хорих лагерьт байхад Синяков эмч амийг нь аварсныг тэрбээр 1961 онд ярьсан байдаг. Өөрийн амь насыг үл хайрлан цэргүүдэд тусалж байсан гайхалтай хэрнээ үлэмж даруу Георгий Синяковыг энэ ярилцлагаас хойш дэлхий мэдэх болсон юм. Анна Егоровад ЗХУ-ын баатар цол нэхэн олгосон тухай мэдээг Зөвлөлтийн мэдээлэх товчоо дамжуулав.

300 гаруй удаа байлдааны нислэг хийсэн Зөвлөлтийн нисгэгч бүсгүй олзлогдсон ч азаар амьд үлдсэнийг хэн ч мэдээгүй аж. Тэр эмч Синяковын гавьяаны талаар 20 жилийн дараа хүмүүст дуулгах гэж амьд үлдсэн гэлтэй. Нисгэгч эмэгтэй Егорова өөрийнх нь түүхийг ярихаас өмнө эмч Синяков фронтын талаар хэнд ч, юу ч яриагүй байж. Егоровагийн ярилцлагаас хойш “Челябинск хот. Эмч Георгий Синяковт” гэсэн захидал дэлхийн өнцөг булан бүрээс ирэх болжээ. Амийг нь аварсан эмчдээ баярласнаа олон зуун хүн илэрхийлж, хорих лагерьт байснаа эргэн санахаараа нулимс унагааж, Синяков эмч гитлерчүүдийг хэрхэн хуурч хүмүүсийг оргуулсныг ярихаараа инээлдэж байцгаав.

Харин хорих лагерьт байхын л “гайхалтай орос эмч” гэж нэрлэгдэх болсон энэ эгэл мэс засалч дайны тухай ярихдаа “Үүргээ л биелүүлж явсан”, “Ялалтыг олзонд байхдаа байгуулаагүй” гэхээс илүүг үл хэлнэ. Воронежийн Анагаах ухааны их сургууль төгссөн Георгий Синяков дайны хоёр дахь өдөр л Баруун өмнөд фронт руу явжээ. Киевийн төлөөх тулалдааны үеэр эцсийн мөчөө хүртэл, энэ “хэрэггүй ажлаа” орхихыг гитлерчүүд албадтал бүслэлтэд орсон шархтай цэргүүдэд тусалсан байна. Олзлогдсон залуу эмч Берлинээс 90 км зайд байх Кюстриний бөөнөөр хорих газар ирэх хүртлээ хоёр ч лагерь дамжсан байв. Европын бүх улсаас олзлогдсон хүмүүсийг ийш нь хөөж авчирна. Оросуудад хамгийн хүнд хэцүү байв.

Тэднийг хэн ч, хэзээ ч эмчилж байсангүй. Хүмүүс өлсөж, тамирдаж, өвдөж, шархнаасаа болж нас барна. Лагерьт эмч мэргэжилтэй хүн олзлогдож ирсэн мэдээ тэр дороо тархав. Орос доктороос шалгалт авахаар гитлерчүүд шийдсэн байна. Тэгээд өлөн ходоодтой, хөл нүцгэн эмчээр хэдэн цаг амраалгүй мэс засал хийлгэв. Түүний хийж буйг Европын орнуудаас олзлогдож ирсэн эмч нар хянаж байлаа. Синяковт тусалж байсан хүмүүсийн гар чичирч байхад Георгий харин ихэд тайван, бүх юмыг нарийн чанд ягштал хийж байсан тул германчууд санаа амрав. Уг нь бол Зөвлөлтийн хамгийн сайн мэс засалчийг Германы сувилагчаас илүү гарахгүй гэж боддог хүн тэдний дотор цөөнгүй байсан аж. Синяков мэс заслын ширээний дэргэдээс салахаа байлаа.

Мундаг орос эмчийн тухай яриа нэг хорих лагерийн хүрээнээс халив. Германчууд ч аргаа барсан тохиолдолд ойр дотнын хүмүүс, танилуудаа орос эмчид үзүүлэхээр аваад ирдэг боллоо. Нэгэн удаа Синяков яс нь бяцарсан герман хүүхдэд мэс засал хийж байв. Хүүхэд ухаан орсон чинь “цэвэр ари үндэстний” гэргий нулимс унагаан олзны орос эмчийн гарыг үнсэж, түүний өмнө сөхрөв. Үүнээс хойш Синяковт хоол хүнсний нэмэгдэл өгч, төмөр утсан тороор гурван давхар хүрээлсэн хорих лагерийн хашаан дотуур чөлөөтэй явах гэх мэт зарим хөнгөлөлт үзүүлсэн аж. Эмч харин өөрийн хоол хүнсний нэмэгдлийг эхний өдрөөс нь л шархтануудтай хуваалцаж, гахайн өөхний оронд талх, төмс авах болов. Ингэх нь олон хүнд хүртээмжтэй байжээ.

Георгий удалгүй нууц хороог удирдах боллоо. Тэгээд хоригдлуудыг оргуулах ажил зохион байгуулав. Зөвлөлтийн армийн олж буй амжилтын талаар бичсэн хуудсууд тарааж, хоригдлуудын сэтгэл санааг өөд нь татна. Үүнийгээ эмчилгээний нэг арга гэж тэр үзэж байв. Түүгээр ч барахгүй түрхчихсэн байхад шархыг шинэ юм шиг харагдуулах хэрнээ сайн аниулдаг эм бий болгон хэрэглэж байжээ. Домогт нисгэгч Анна Егоровад чухам энэ түрхлэгээ хэрэглэсэн аж. Зоригт нисгэгч эмэгтэйг олны өмнө харуулж байж алахын тулд түүний биеийг сайжрахыг германчууд хүлээгээд л байв. Гэвч тэр улам “дордсоор”. Аннагийн зүрх, зоригоор бахархсан хоригдлууд, түүний дотор Синяков ч бүсгүйд чадах чинээгээрээ тусалж байсан аж. Оёдолчин польш эр өөдсөөр банзал оёж өгч, хэн нэг нь дуслын төдий загасны тос олоод ирнэ. Синяков эмчилгээ хийхдээ Аннад өгч буй эм нь түүнд тус болохгүй байгаа дүр эсгэнэ. Хожим нь Анна эдгээд Синяковын тусламжаар оргосон байна.

Түүнийг үхсэн гэж сонссон Зөвлөлтийн цэргүүд эдгээд эргээд ирсэнд нь итгэхгүй байсан гэдэг. Цэргүүдийн амийг аврах олон арга байж. Георгий харин хүнийг үхсэн мэт харагдуулах аргыг их хэрэглэдэг байв. Хорих газраас зугтаж чадсан цэргүүдийн ихэнх нь шархдаад орос эмчээр эмчлүүлж байсан хүмүүс байсныг эргэцүүлэх ухаан аз болоход гитлерчүүдийн толгойд орж ирээгүй байна. Георгий Федорович өөрийгөө үхсэн мэт байлгах аргад өвчтөнүүдээ сургадаг байжээ. Тэрбээр нэг цэрэг үхлээ гэж фашистуудад мэдэгдэхдээ Зөвлөлт эх орныхоо нэг хүнийг аварч байгаагаа мэддэг байв. Оргуулах гэж буй хүнээ жинхэнэ үхсэн хүмүүсийн цогцостой хамт машинд ачуулаад лагериас холгүй байх нүх рүү асгуулчихна.

Фашистууд хорих лагерьт нисгэгчдийг олзолж авчрахдаа их баярладаг байж. Гитлерчүүд яагаад ч юм бэ тэднээс их айж, бүр онцгойлон үзэн ядна. Нэг өдөр Кюстринд Зөвлөлтийн есөн нисгэгчийг авчирчээ. Георгий Федорович тэднийг бүгдийг нь аварсан байна. Нөгөө л аргаа хэрэглэж, амьд үлдсэн баатарлаг нисгэгчид сүүлд нь “орос эмчийн” гавьяаны талаар Анна Егороваг ярьсны дараа Георгий Синяковыг олоод Москвад ирэхийг урьжээ. Кюстринд хоригдож байгаад ухаалаг, зоримог Синяковын ачаар амьд үлдсэн, тэндээс оргож чадсан олон зуун хүн энэ уулзалтад ирсэн байна. Тэд эмчид шоронгийн амьдралаа ярин уйлцгааж, баярласан гялайснаа илэрхийлж, гэр орондоо зочлуулжээ. 18 настай, еврей гаралтай Зөвлөлтийн олзлогдсон цэрэг Илья Эренбург (хожим нь нэрт зохиолч болсон)-ийг аврахдаа Георгий Федорович нөгөө аргаа улам боловсронгуй болгон ашигласан аж. Харгалзагч германчууд хүрч ирээд Эренбург рүү заан “Еврей юү” гэж асуухад нь Синяков “биш ээ, орос” хэмээн хэнэг ч үгүй хариулав. Ийм овог нэртэй хүн эндээс амьд гарах найдлага байхгүйг эмч мэдэж байсан тул Эренбургийн бичиг баримтыг нуучихжээ.

Тэгээд хүүд Белоусов гэсэн нэр өгчихөв. Егоровагийн шагналын одон, тэмдгийг нь ч бас нуув. Ильягийн биеийг гэнэт муудсан болгож халдварт өвчтөнүүдийн тасагт шилжүүлэв. Германчууд сэжиглээд ийшээ зүглэдэггүй байв. Илья ч энд “амьсгал хурааж”. Илья Эренбург “амь ороод” фронтын шугам гаталж офицер болоод Берлинд дайн дуусгажээ. Дайнаас хойш яг нэг жил болж байхад залуу хүүг эмч эрж эхэлсэн аж. Хамгийн хүнд үед амийг нь Синяков эмч аварсан тул эцгээ гэж үзэж явах тухайгаа ар дээр нь бичиж “орос эмчид” ирүүлсэн Илья Эренбургийн фото азаар хаягдаж гээгдэлгүй хадгалагдаж үлдсэн байв. Оросын танкууд Кюстринийг чөл өөлөхийн өмнөхөн “орос эмч” энд сүүлчийн гавьяагаа байгуулжээ. Бие бялдар сайтай хоригдлуудаар германчууд цуваа зохион байгуулж, үлдсэнийг нь энд нь буудахаар зэхэж байлаа. 300 хүн үхэхийн даваан дээр ирээд байв. Үүнийг Синяков санамсаргүй дуулсан аж. Эмчийг өөрийг нь айх явдалгүй, буудахгүй гэж хэлсэн байв.

Гэлээ ч мэс засал хийж байсан шархтануудаа дайны эхээр Киевийн дэргэд хаядаггүй байсан эмч аврахаар шийдэж маш эрсдэлтэй алхам хийхээр зориглов. Тэгээд фашистуудын удирдлага дээр очиж, зовж шаналсан олзлогдогсдод өршөөлтэй хандаж, энэ удаад нүгэл үйлдэхгүй байхыг гуйгаад ир хэмээн хэлмэрчийг явуулжээ. Айж балмагдсан хэлмэрч гар хөлөө салгануулан байж Синяковын үгийг дамжуулж өгсөн байна. Ингээд энэ лагерьт тэд буу дуугаргалгүйгээр явсан аж. Тэгтэл ч хошууч Ильиний удирдсан Зөвлөлтийн танкийн цуваа Кюстринд орж ирэх нь тэр. Өөрийнхөө цэргүүдтэй нийлсэн хойноо ч Синяков мэс заслаа хийсээр, эхний өдрүүдэд шархадсан 70 танкчны аминд орсон байна. 1945 онд Рейхстагийн ханан дээр гарын үсгээ зурсан хүмүүсийн дунд Георгий Синяков байжээ. Георгий Федоровичийн өргөмөл хүү Сергей Мирющенко хожим нь нэгэн сонин тохиолдлын талаар ярьсан байна. Эмч Синяков шар айраг амсдаггүй байж.

Нэг удаа Зөвлөлтийн олзлогдсон бас нэг эмч фашистын бага даргатай хэрэлдэхэд дэргэд нь байсан Синяков эмч Германд, Берлин хотноо түүнтэй дахин уулзаж Зөвлөлтийн ард түмний ялалтыг тэмдэглэж аяга шар айраг хамт ууя гэж фашистын тэр бага даргын улаан нүүр рүү нь харж байгаад хэлж орхисон аж. Тэгэхэд бага дарга мушилзаж “Бид довтолгооноо эхэлсэн, Зөвлөлтийн хотыг эзэлнэ, та нар олон мянгаараа үхэж үрэгдэнэ, чи ялалт гэж юу донгосно вэ” гэж хашгичсан байна. Герман бага даргатай ам мурийсан олзны тэр орос цэрэгт цаашид юу тохиолдсоныг Синяков мэдэхгүй ч 1945 оны тавдугаар сард Берлиний нэг мухлагт орж Зөвлөлтийн баатарлаг цэргүүдийн төлөө хөөс сахарсан шар айраг уусан гэдэг.

Дайны дараа Георгий Федорович Челябинскид ирж, эмнэлэгт нь мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж, Анагаах ухааны дээд сургуульд нь багшлав. “Дайны талаар юу ч ярьдаггүй байлаа. Георгий Федорович маш эелдэг, сайхан сэтгэлтэй, дөлгөөн хүн байсан” гэж оюутан нь байсан хүмүүс дурссан байдаг. Түүнийг дайнд оролцож явсан гэж мэдэхгүй хүн олон, бөөнөөр хорих лагерийн тухайд бол бүр санаанд нь ч ороогүй нь мэдээж. Егорова ярилцлага өгснөөс хойш Синяковын нэрийг шагналд дэвшүүлэх гэж оролдсон ч “олзлогдсон” хүмүүсийг дайны дараах жилүүдэд төдийлэн үнэлж үздэггүй байжээ. Синяковын ачаар амьд үлдсэн мянга мянган хүн түүнийг жинхэнэ “орос эмч” байсан гэж ярьдаг. Синяков Воронежийн их сургууль төгссөн өдөр өөрийгөө төрсөн гэж үзэж тэмдэглэж байсан гэсэн яриа байдаг.

Орос эмчийн гавьяаг өнөө хүртэл мартсан байлаа. Амьдралдаа тэрбээр алдар цол хүртэж, гавьяа шагналын эзэн болж явсангүй. Харин Аугаа их ялалтын 70 жилийн босгон дээр Өмнөд Уралын олон түмэн Челябинскийн эмнэлгийн музейд үзмэрийг нь тавьсан баатарлаг эмчээ эргэн санасан аж. Тэгээд эндхийн эрх баригчид домогт хүнийхээ дурсгалыг мөнхжүүлж нэг гудамжийг түүний нэрэмжит болгох юм уу, Анагаах ухааны сургуулийн оюутнуудад Георгий Синяковын нэрэмжит шагнал олгож байхаар төлөвлөж буй юм байна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД