МӨНХИЙН ЭРХ АШИГ БАЙХААС МӨНХИЙН ДАЙСАН БАЙДАГГҮЙ ГЭДЭГ БАЙХ АА

2015 оны 03 сарын 26

Йемен улс дэлхий дахины анхаарлыг татах боллоо. Энд отог, омог хоорондын тэмцэл хурцадсан нь АНУ-ыг тун эвгүй байдалд оруулаад байна. Алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд түшиц газраа гэж үзэж байсан улсынх нь эрх мэдлийг алан хядагч гэж үздэг хүмүүс нь булаагаад авчих юм гэж АНУ-ын “зүүдэнд” ч ороог үй биз. Энэ явдал дипломатын төдийгүй цэрэг дайны байдалд хүргэн, Америкийн нисгэгчгүй онгоцнууд “Исламын улс”-д Йеменд туслан түүний өрсөлдөгчдийг нь бөмбөгдөж байна. Шийтийн “Ансар Алла” байгууллагын гишүүд Йемений эрхийг барьж байсан суннитуудийг бүрэн ялснаа өнгөрсөн сарын 6-нд зарласан билээ. Хуситууд тэгээд Парламентыг тарааж өөрсдийн санаанд нийцсэн шинэ Засгийн газар байгуулахаа мэдэгдсэн. Яг одоогийн байдлаар Йемений албан ёсны нийслэл Сана хот нь, 21 мужийн ес нь эдний мэдэлд ороод байна.

Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадид нь төрөлх Аден хотдоо зугтан очиж, түүнийг нийслэл хэмээн зарлаад байгаа. Йемений омог хоорондын зөрчил олон зууныг дамжиж буй юм. Гол зөрчил одоо Йемений зүүн өмнөд, баруун хойд хэсгийг хяналтдаа аваад байгаа суннит, шийт хоёрын хооронд болж байгаа. Өнөөгийн үйл явдал 10 гаруй жилийн өмнөөс эхэлжээ. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Али Абдалла Салех шийтийн шашны нэрт зүтгэлтэн, Парламентын гишүүн байсан Хуссейн аль-Хусийг баривчлах шийдвэрийг 2004 оны зургадугаар сард гаргажээ. Учир нь эрх баригчид Америкийн талыг баримталсан бодлого явуулж буйг, тэд авлигад идэгдсэнийг тэрбээр ширүүн шүүмжилдэг, Израилийг устгахыг уриалдаг байжээ. Түүний нэр хүнд олон түмний дунд өсөөд байсанд шийтийн өөр нэг омгоос гаралтай Салехийн дургүй их хүрдэг байв. Тэр жилийнхээ намар нь Хуссейн аль Хуси зэвсэгт мөргөлдөөний үеэр алагджээ. “Ансар Алла” байгууллагынх нь удирдлага түүний дүү Абдул Малект очив. Энэ үеэс түүний үйл хэргийг үргэлжлүүлэгчид өөрсдийгөө Хусит гэж нэрлэх болсон байна.

Йемений хувьд АНУ-ын явуулж ирсэн олон жилийн бодлогод хуситуудын Америк, Израилийг үзэн ядах үзэл цэг тавьж байна. 1990 онд улсынхаа умард, өмнөд хоёрыг нэгтгэн Йеменийг тэргүүлж байсан Али Абдалла Салех Ерөнхийлөгчийн суудалд байх цагт Вашингтон түүнийг дэмжиж байв. Алан хядах ажиллагаатай тэмцэх нэрээр өөр омгийн өрсөлдөгчдийг Йемений Ерөнхийлөгч шахаж хавчиж байхад АНУ нүдээ аниад л өнгөрөөдөг байлаа. 2011 онд “Арабын хавар” Йеменийг нөмрөхөд олон мянган хүний жагсаалыг Салех нухчин дарахыг хичээж цэргийн хатуу арга хэрэглэж байхад ч Вашингтон хайхрахгүй байж чадсан. Гэтэл эсэргүүцлийн жагсаал маань омог хоорондын дайн болон хувирснаар Салех сэнтийдээ тэсэж үлдэхгүй нь тодорхой болов. Тэгэхлээр нь АНУ “Арабын хавар”-ын ээлжит хувьсгал, түүний гаргаж ирсэн Абд Раббу Мансур Хадид найдвар тавилаа. Энэ хүн Салехийн үед Дэд ерөнхийлөгч байсан юм. Нийслэлд хувьсгалт хэнээрхэл буцалж байхад эрх мэдлийг зэвсгийн хүчээр булаан авч чадахуйц хүч улсын зүүн хойд нутагт нь бий болж байлаа.

Америк, еврейг эсэргүүцэх уриан дор Салехийн армитай 10 гаруй жил тулалдсан хуситууд нутгийн шийтүүдийн тулгуур болж байсан зүүн хойд нутгийн Сааду хотыг өөрийн мэдэлд авав. Эрх мэдэлтнүүдийн гаргасан хоосон зай, зэвсэгт хүчний сүйрсэн байдлыг ашиглан хуситууд есдүгээр сард нийслэлийг нэгэнт эзэлсэн байлаа. Эхний хэдэн өдөр Америкийн дипломатчид ер яахаа мэдэхгүй байв. Йемен чинь саяхан болтол л олон улсын алан хядах ажиллагаатай тэмцэхийн үлгэр дуурайл болж байсан биш бил үү. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн намар Йеменд хэрэглэж байсан нисгэгчгүй онгоцнуудыг үзээд “алан хядах ажиллагааны эсрэг Америкийн хэрэглэх стратегийн сайн загвар” гэж үнэлээд Ирак, Сирид “Исламын улс” бүлэглэлд үхлийн цохилт өгөхөд түүнийг хэрэглэнэ гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл “Үхлийн цохилт өгнө” гэсэн нь арай л ахадсан үг байсныг өнөөгийн байдал харуулж байна. Америкийн телевизийн CNN суваг нэгдүгээр сард мэдээлэхдээ тус улсын өмнө зүгийн мужуудад “Исламын улс” бүлэглэл хэдийнэ бэхжиж авсан байна гэжээ.

Үүний зэрэгцээ “Исламын улс” болон “Арабын хойгийн АльКайда” хоёр өөр хоорондоо өрсөлдөх нь их болсон байна. Тэдний хооронд зэвсэгт мөргөлдөөн ч болсон аж. Гол нь эгнээгээ өргөжүүлэх өрсөлдөөн хүчтэй байгаа юм. “Исламын улс” одоо Ирак, Сирийн нутгийн үлэмж хэсгийг хяналтдаа авч, Ойрхи Дорнодын бүс нутгийн бүх халуун цэгт ариун дайнчдыг бэлтгэх уурхай нь гэсэн өндөр алдар нэрийн төлөө чармайж, Йеменд мөнгө хайрлахгүй зарж, залуусыг өөрийн эгнээнд элс үүлэхийн тулд “Бид Арабын хойг дахь АльКайдаг бодвол илүү далайцтай үйл ажиллагааг санхүүжүүлж чадна” хэмээн сурталчлах болжээ. Йеменд алан хядагч хоёр байгууллагын хүчин чадал улам бүр нэмэгдэж буй талаарх мэдээлэл нисгэгчгүй аппаратын талаарх хөтөлбөрөө Америк зогсоохоос аргагүйд хүрч, тус улсаас тагнуулын үнэ цэнэтэй мэдээлэл олж авах боломжоо алдаж буй гэх хачирхалтай чимээтэй хамт сонсогдох болов. Америк чинь алан хядагчидтай хамтран ажиллахгүй байх зарчимтай, гэтэл Йеменд яг ийм хүмүүс болох хуситууд эрхийг нь барьж байна. Гэлээ ч энэ зарчмаас нь илүү чухал зүйл байна гэж Пентагон эцэст нь үзэв.

Хуситуудтай холбоо тогтоохоос татгалзахгүй гэж Америкийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Кирби “Өнөөгийн үйл явдлын нэг оролцогчийн хувьд өөрийн үзэл бодлыг сонорт нь хүргэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэгтэй хэл амаа ололцох сонирхол хуситуудад байж л таарна” гэж нэгдүгээр сард мэдэгдсэн байдаг. Шашны шалтгаанаар Йемений хуситуудтай зургаан жилийн турш илт дайсагналцаж ирсэн “Арабын хойгийн Аль-Кайда”-гийн байрлалд Америкийн нисгэгчгүй онгоцнууд удаа дараа цохилт өгч амжилт олж буй тухай мэдээ бас дуулдах боллоо. Хуситын эрх баригчид АНУ-ын дэмжлэгтэйгээр “Арабын хойгийн Аль-Кайда” болон “Исламын улс”-ыг Йеменээс хөөн гаргаж чадах эсэх нь одоо тодорхой бус байна.

Одоогийн байдлаар Вашингтоны хийгээд Ойрхи Дорнод дахь шийтийн улс төрийн хүчний харилцаа энэ зуунд хамгийн сайн үе дээрээ байгаа юм. Бүс нутагтаа шийтийн гол улс нь болох Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээн дээр АНУ-тай хэл амаа ололцоод байх болсон. “The Jerusalem Post” сонинд бичсэнээр энэ хоёрын биендээ харилцан буулт хийх гол түлхүүр нь чухам энэ цөмийн хөтөлбөр аж. АНУ хоригоо сулруулахыг эсэргүүцэхгүй байгаа төдийгүй уранаа баяжуулахаар 6.5 мянган центрифуг ашиглахыг иранчуудад зөвшөөрөөд байгаа. Иран үүний хариуд Ирак, Сири болон Йеменд суннитийн “Исламын улс”- ын нөлөөг бууруулахад бүхий л хүчээ дайчлах ёстой болсон.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД